| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1046/Э |
| Дугаар | 0849 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 0849
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001018 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Дулааны 2 дугаар цахилгаан станцад ээлжийн инженер ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Э.Б (РД:................)
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны орчимд иргэн Э.Д-г “дүү гэж хэллээ” гэх шалтгаанаар чулуугаар толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, залгаралт, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... 2020 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 00 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны зүүн талд явж байхад бага байхад манай хажуу талын байранд амьдардаг байсан зүс таних дүү Билгүүн нэг найзынхаа хамт явж байгаад надтай таарсан...Би Билгүүнийг “юу байна дүү” гэхэд Билгүүн архи уучихсан бололтой байсан. Намайг “чиний дүү байснаа мэдэхгүй юм байна” гээд хэгжүүрхсэн маягтай хэлэхээр нь миний уур хүрээд “дүү том болжээ” гэж хэлээд цээж рүү нь гараараа түлхэхэд Билгүүн газраас чулуу аваад толгой руу нэг удаа цохиод зугтаад явсан...хохирол болсон ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 13 дугаар тал),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6029 дүгээр: “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсгийн хуйханд 2.7х0.2см оёдол тавигдсан шархтай, шарх орчим 3х2см хүрэн тав бүхий зулгаралттай. Зүүн тохойд 4х1.5см хүрэн тав бүхий зулгаралттай.
1. Э.Д-ийн биед духанд шарх, зулгаралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
4. Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“... 2020 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 00 цагийн үед би найз Бадамсүрэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны зүүн урд талд бага зэрэг пиво уучихсан явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байранд бага байхдаа амьдардаг байхад 34 дүгээр байранд байсан зүс таних ах Д согтуу явж байгаад таараад намайг юу байна дүү гээд томорсон аястай хэлэхээр нь би хариуд нь чамайг миний ах байсныг мэдэхгүй юм байна гэж хэлэхэд Д дүү том болчихжээ гээд миний цээж рүү гараараа түлхсэн. Тэгэхээр нь газраас чулуу аваад Д-ийн толгой руу нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
5. Шүүгдэгч Э.Б-ны хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны орчимд иргэн Э.Д-г “дүү гэж хэллээ” гэх шалтгаанаар чулуугаар толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, зулгаралт, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Э.Д-ийн мэдүүлэг (хх-10,13), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6029 дүгээр дүгнэлт (хх21-22), шүүгдэгч Э.Б-ны яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-32) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч Э.Д-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Э.Б-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Э.Д нь баримтаар нэхэмжилсэн зүйл ба “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт(хх-44)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагч: ”шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг гаргасан ба шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2008000001018 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2008000001018 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР