Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/172

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х холбогдох эрүүгийн 2025001400102 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Э.Г-Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас заазуур шидэж зүүн гарын тохойд шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Э.Г-Э “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/

 

2. Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол. /хх-ийн 7-р хуудас/

 

3. Насанд хүрээгүй хохирогч Э.Ган-Эрдэний “Ц.Х орж ирээд намайг энэ гэрт орж ирэхэд энэ цэвэрхэн байдаг байсан гэж хэлсэн чинь Т.Т-Ө тиймээ гэж хэлсэн. Т.Т-Ө “Ц.Х найзтайгаа хамт орон дээр шалдан хэвтэж байсан” талаар ярихад би “төө хэрийн биетэй тэрүүхэн тэндээ үстэй тэр юу вэ” гэж хэлсэн чинь Ц.Х над руу хоолны халбага шидээд дараа нь заазуур аваад шидэх гэж байхад найз нь болиулсан. Тэгэхээр нь би за за больё гэж хэлээд гэрээс гараад дахиад “төө хэрийн биетэй тэрүүхэн тэндээ үстэй тэр юу вэ” гэж хэлээд гүйсэн чинь араас Ц.Х заазуур аваад шидсэн. Тэгээд гэртээ очсон чинь миний зүүн гарын тохойноос цус гарч байсан. Тэр үед миний гарыг ээж хараад эмнэлэг хамт яваад оёдол хийлгэсэн. Тэгээд ээж Эрдэнэчимэг цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-хийн “Хохирол төлбөрт 100 000 төлсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

 

5. Гэрч Т.Э-гийн “Хүү маань гаднаас орж ирсэн юм. Тухайн үед зүүн тохойны орчмоос цус гараад байхаар нь юу болсон юм бэ? гэсэн чинь эхэндээ хэлэхгүй байсан. Тэгээд эмнэлэг орж оёулсан юм. Миний хүүгийн тохой хэсэгт 6 оёо тавьсан юм. Ингээд хүүгээсээ асуусан чинь найз Т.Т-Ө-гийнд тоглож байтал Т.Т-Ө-гийн ах нь уурлаад заазуур шидсэн юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

6. Гэрч Н.О-гийн “Манай найз Х, Х-гийн эгч тэгээд 2 хүүхэд 4-лээ байсан. Тэгээд бид нар гэрт байж байсан чинь Хишигээгийн эгч дэлгүүр явлаа гээд гараад явсан. Тэгээд бид 4 байхад Х нөгөө 2 хүүхэдтэй тоглоод юм ярьж байх шиг байснаа гэнэт уурлаад Э.Г-Э гэдэг хүүхэд рүү нь халбага аваад шидсэн. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь энэ хоёр намайг шоолоод байгаа юм гээд босоод Э.Г-Э гэдэг хүүхэд рүү очтол нөгөө хүүхэд нь гэрээс гараад зугтсан. Тэгсэн Ц.Х араас нь заазуур бариад гарч гүйгээд буцаад удалгүй ороод ирсэн. Дараа нь араас нь гарахдаа заазуур аваад шидсэн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

 

7. Насанд хүрээгүй гэрч Т.Т-Ө-гийн “Тэгээд ээжийг дэлгүүр явсан хойгуур Э.Г-Э Ц.Х ахыг “та дээр үед А ахтай тасарчихсан хоёулаа хамт нүцгэн унтаж байсан, эрхтнийг чинь харсан чинь их жоохон юм байна лээ” гэсэн чинь Ц.Х ах уурлаад ширээн дээр байсан хоолны жижиг халбага Э.Г-Э рүү шидсэн. Э.Г-Э үүдний хэсэгт зогсож байгаад “төө хэрийн биетэй тэрүүхэн тэндээ үстэй” гээд гараад гүйсэн чинь Ц.Х ах гурилын модон дээр байсан заазуур аваад Э.Г-Э-ний араас гараад шидээд гэрт орж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай “Э.Г-Э-нийн биед зүүн гарын тохойнд шарх үүсчээ. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020.02.19-ний өдөр үүссэн байхаар байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/

 

9. Шүүгдэгч Ц.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Т-Ө-д гэр орноо цэвэрлээч гэж хэлсэн юм. Гэтэл Э.Г-Э, Т.Т-Ө хоёр надаар тоглоом хийгээд тэрүүхэн тэндээ үстэй гээд оньсого хэлээд байсан. Би тэр үгийг оньсого гэж мэдээгүй уурлаад тэр хоёр луу амны жижиг халбага аваад шидсэн тэр хоёрыг оноогүй. Гэтэл Э.Г-Э гэрээс гарахдаа над руу хараад таны бэлэг эрхтэн эрхий хуруунаас жижиг гэсэн утгатай доог тохуу хийгээд гараад гүйхээр нь би араас нь заазуур аваад шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч  Э.Г-Э-нийн мэдүүлэг, шинжээчийн 220 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй гэрч Т.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг, гэрч Отгонбилэгийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, гэрч Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, Ц.Х-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн дүүрэн тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь насанд хүрээгүй хохирогчоос Ц.Х-ийг элдэв зүй бусаар хэлсэн үйл баримт тогтоогддог. Үүнийг таслан зогсоохдоо буруу үйлдэл хийж заазуур шидэж түүний эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь буруу юм. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх тал дээр шүүгдэгч цаашид анхаарах хэрэгтэй. Иймд шүүгдэгч Ц.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид 200 000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг шүүгдэгч төлж барагдуулсан. Цаашид хохирогч  болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Ц.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд сард 100 000 төгрөг төлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн хувьд гаргах саналгүй. Шүүгдэгч нь хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өрхийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэн байгаа. Гэсэн хэдий ч өөрөө торгуулийг ялыг биелүүлэх боломжтой гэж байгаа.  Шүүгдэгчид ял оногдуулахад тодорхой ял хөнгөрүүлэх нөхцөл байдал дурдагдсан байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан энэ хохирогчийн мэдүүлэг болох хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд хамаарагдахаар байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл болох өөрөөсөө ахмад настай хүнээр тоглоом, тохуу хийх, өөрийн бие эрхтний байдлыг нь доромжилсон өнгө аястай байдар гаргаснаас уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Шүүгдэгчийн хувьд хавтаст хэрэгт орлогын байдал тодорхой тогтоогдоогүй боловч өөрөө улирлын чанартай ажил хийдэг. Энэ ажил нь эхэлж байгаа талаар хэлж байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын доод хэмжээ буюу 450 нэгжээр торгож үүнийг нь 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Г-Э-нийн “Төө хэрийн биетэй тэрүүхэн тэндээ үстэй тэр юу вэ” гэж хэлээд гүйсэн чинь араас Ц.Х заазуур аваад шидсэн. Тэгээд гэртээ очсон чинь миний зүүн гарын тохойноос цус гарч байсан. Тэр үед миний гарыг ээж хараад эмнэлэг хамт яваад оёдол хийлгэсэн” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-хийн “Хохирол төлбөрт 100.000 төлсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Э-гийн “Тухайн үед зүүн тохойны орчмоос цус гараад байхаар нь юу болсон юм бэ? гэсэн чинь эхэндээ хэлэхгүй байсан тэгээд эмнэлэг орж оёулсан юм. Миний хүүгийн тохой хэсэгт 6 оёо тавьсан юм. Ингээд хүүгээсээ асуусан чинь найз Т.Т-Ө-гийнд тоглож байтал Т.Т-Ө-гийн ах нь над руу уурлаад заазуур шидсэн юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Отгонбилэгийн “Бид гэрт 4-үүлээ байсан. Ц.Х Э.Г-Э гэдэг хүүхэд рүү нь халбага аваад шидсэн. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь энэ хоёр намайг шоолоод байгаа юм гээд босоод Э.Г-Э гэдэг хүүхэд рүү очтол нөгөө хүүхэд нь гэрээс гараад зугтсан. Тэгсэн Ц.Х араас нь заазуур бариад гарч гүйгээд буцаад удалгүй ороод ирсэн” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Т-Ө-гийн “Э.Г-Э Ц.Х ахыг “та дээр үед Аахтай тасарчихсан хоёулаа хамт нүцгэн унтаж байсан, эрхтнийг чинь харсан чинь их жоохон юм байна лээ” гэсэн чинь Ц.Х ах уурлаад ширээн дээр байсан хоолны жижиг халбага Э.Г-Э рүү шидсэн. Э.Г-Э үүдний хэсэгт зогсож байгаад “төө хэрийн биетэй тэрүүхэн тэндээ үстэй” гээд гараад гүйсэн чинь Ц.Х ах гурилын модон дээр байсан заазуур аваад Э.Ган-Эрдэний араас гараад шидээд гэрт орж ирсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Хийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Г-Эрүү заазуур шидэж зүүн гарын тохойд шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Г-Э-нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хишигдорийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хид оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС