Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2017/00054

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Дэнж, 0 тоотод оршин суух, ЙО58071111 дугаарын регистртэй, Боржигон овогт Зэстийн Хорвоо, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Дэнж, 0 тоотод оршин суух, ЙЮ63022728 дугаарын регистртэй, Боржигон овогт Пүрэвийн Нарантуяа нарт холбогдох 3561956 төгрөг гаргуулахыг хүссэн Хас Банк ХХК-г төлөөлж Хархорин тооцооны төвийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас Банк ХХК-г төлөөлж Хархорин тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...З.Хорвоо, П.Нарантуяа нар нь Хас банктай 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1270013391 дугаар зээлийн гэрээ, 1270013391-01 дүгээр барьцааны гэрээ, 1210008114-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж 8000000 /найман сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

  1. Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Төв захын хажууд байрлах улсын бүртгэлийн Ү-1017004338 дугаартай, 66 м.кв мужаан цех,
  2. Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Төв захын хажууд байрлах 0091725 дугаартай, 1382 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар, 
  3. 5 ханатай гэр иж бүрэн

1270013391 дугаартай зээлийн гэрээнд эхнэр П.Нарантуяа нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч З.Хорвоо, хамтран үүрэг гүйцэтгэгч П.Нарантуяа нар нь зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээл төлөх хугацааг сар бүл хэтрүүлэн төлж байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлээ төлөлгүй 185 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс З.Хорвоо, П.Нарантуяа нарыг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, уулзан мэдэгдэх хуудас өгч, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгч З.Хорвоо, зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр, дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн төлбөр 3049532 төгрөг, хүү 480737 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31687 төгрөг, нийт 3561956 төгрөг. Иймд 1270013391 дугаар зээлийн гэрээний 5.1, 5.1.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, нийт 3561956 /гурван сая таван зуун жаран нэгэн мянга есөн зуун тавин зургаа төгрөг/-г зээлдэгч З.Хорвоо, П.Нарантуяа нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 3.2.10, барьцааны болон баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д тус тус заасны дагуу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч З.Хорвоо, П.Нарантуяа нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч З.Хорвоо, П.Нарантуяа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Хархорин сумын иргэн З.Хорвоо, П.Нарантуяа бид хоёр тус сумын Хас банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 8 сая төгрөг 24 сарын хугацаатай жилийн 30 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан үнэн болно. Зээл авахдаа өөрийн эзэмшлийн гэрээ, мужаан цех, 5 ханатай гэр барьцаалж авсан. Зээлийг бид хоёр төлж байгаад 2016 оны 06 сарын 28-нд 1183000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 04-нд 50000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-нд 250000 төгрөг тус тус хугацаа олон сараар хожимдуулан тушаасан боловч одоо 2017 оны 04 дүгээр сарын 04 хүртэлх хугацаанд төлөгдөөгүй үлдэх үндсэн зээл 3049532 төгрөг, хүү 480737 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31687 төгрөг, нийт 3561956 төгрөг төлөхөөр гэрээнд тусгагджээ. Бид хоёр одоо эрхэлсэн бизнес байхгүй. Эхнэр тэтгэвэрт гарах гээд материал бүрдүүлсэн. Би өөрөө ажилгүй, группт байдаг. Иймд “Хас” банкнаас нэхэмжилсэн 3561956 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны дотор төлж дуусгана...” гэжээ.

Нэхэмжлэгч ХасБанк ХХК-г төлөөлж Хархорин тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүндсамба 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хасбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүндсамба миний бие хариуцагч З.Хорвоо, П.Нарантуяа нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нарын гаргасан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Өөр гомдол саналгүй болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас Банк ХХК-г төлөөлж Хархорин тооцооны төв нь хариуцагч З.Хорвоо, П.Нарантуяа нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт  3561956 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас Банк ХХК-г төлөөлж Хархорин тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3561956 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71941 төгрөгний 50 хувь буюу 35970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35970 төгрөгийг улсын орлогоос, 35971 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас Банк ХХК-г төлөөлж Хархорин тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3561956 /гурван сая таван зуун жаран нэгэн мянга есөн зуун тавин зургаа / төгрөгийг хариуцагч З.Хорвоо, П.Нарантуяа нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71941 төгрөгний тал хувь буюу 35970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35970 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч З.Хорвоо, П.Нарантуяа нараас 35971 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА