| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0172/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/173 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эд холбогдох эрүүгийн 2025000000184 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг зүүн дэнжийн 1-9 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д.Өг униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Ө “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5-р хуудас/
2. Хохирогч Д.Өгийн “2020 оны 04 дүгээр сарын 13-ны орой хөдөөнөөс манай 2 найз ирээд 1 шил архи уусан. Хоёр найз маань гэртээ харилаа гээд явсан. Нөхөр бид хоёр унтаж байхад шөнө дунд гэрийн хаалгыг Л.Э ах тогшоод байсан. Л.Э ахыг архи уучихсан болохоор би гэрийн хаалгыг тайлаагүй. Тэгтэл Л.Э ах хаалгыг гаднаас нь татаад онгойлгосон. Гэрт орж ирэнгүүтээ хаалгаа тайлсангүй гээд гэрийн униар намайг цохисон, аяга таваг тавьдаг шүүгээн дээр байсан барианы шилийг надруу шидсэн. Л.Э ахын шидсэн шил хана хэсэг рүү цохигдож хагарсан ба хагарсан хэсэг нь миний зүүн талын хацар, баруун талын гар хэсгийг зүссэн. Би гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед ма-ай нөхөр Бат-Д.Ө унтаж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
3. Гэрч Л.Б-Д.Өгийн "2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай хоёр найз ирээд нэг шил архи хувааж уусан. Манай эхнэр хамт архинаас уусан. Би архи бага зэрэг уугаад тасарчихдаг. Шөнө унтаж байхад цагдаа нар манай гэрт ороод ирчихсэн зураг дарсан. Би юу болсон талаар эхнэр Д.Өгөөс асуухад Л.Э ах намайг цохисон гэж байсан. Мөн эхнэрийн зүүн талын хацар хавдчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/
4. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 364 дугаартай ...“Д.Ө-гийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун гарын шуу, бугуй, сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу ар хэсэгт шарх зүүн хацарт зулгаралт үүсчээ. Зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун гарын шуу, бугуй, сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу ар хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/
5. Шүүгдэгч Л.Э-гийн “Манай аавын төрсөн дүү Сандаг нас бараад би ажил явдалд нь оролцох гээд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Их Хайлаастаас Орхон аймагт 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн. Ажил явдалд оролцчихоод 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн дүү Бат-Д.Өгийн гэрт очсон. Д.Өгийн гэрт эхнэр Д.Ө-чимэг байсан. Өөр хүн байгаагүй. Би гаднаас архи уучихсан очсон ба намайг Д.Ө-гийн гэрт очиход Д.Ө-чимэг архи уучихсан байсан. Д.Ө-чимэг гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй таныг оруулахгүй, манай гэрээс зайл гэхээр нь би уурлаад хаалгыг нь татаад гэрт орсон. Намайг гэрийн хаалгыг татахад унь уначихсан. Би газар унасан унийг аваад Д.Ө-чимэгийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Д.Ө-чимэг гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Бат-Д.Ө унтаж байсан ба сэрээгүй. Цагдаа нар намайг бариад эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн 1-9 тоотод 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д.Өг униар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн хэргээ хүлээж мэдүүлсэн зэргээр нотлогдож тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Л.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан шил, 1 ширхэг унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ө-гийн “Нөхөр бид хоёр унтаж байхад шөнө дунд гэрийн хаалгыг Л.Э ах тогшоод байсан. Л.Э ахыг архи уучихсан болохоор би гэрийн хаалгыг тайлаагүй. Тэгтэл Л.Э ах хаалгыг гаднаас нь татаад онгойлгосон. Гэрт орж ирэнгүүтээ хаалгаа тайлсангүй гээд гэрийн униар намайг цохисон, аяга таваг тавьдаг шүүгээн дээр байсан барианы шилийг надруу шидсэн.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ө-гийн “Шөнө унтаж байхад цагдаа нар манай гэрт ороод ирчихсэн зураг дарсан. Би юу болсон талаар эхнэр Д.Ө-гөөс асуухад Л.Э ах намайг цохисон гэж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Өгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 364 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.Э-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн зүүн дэнжийн 1-9 тоотод иргэн Д.Өг униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Д.Ө-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гэрийн унь, гялгар ууттай шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг гэрийн унь, гялгар ууттай шилний хагархай зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС