Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2017/00069/И |
Дугаар | 146/ШШ2017/00057 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 146/ШШ2017/00057
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1948 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 69 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суух, ЙБ48060608 дугаарын регистртэй, Адуучин овогт Аюушийн Лхамхүүгийн
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Лхамхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Лхамхүү нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1948 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 1966 онд С.Даваадавгатай гэр бүл болсон. 1971 онд Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар орж 1991 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан билээ. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт бичигдсэн боловч тухайн албан тушаалтны хайхрамжгүй байдлаас болж миний хөдөлмөрийн дэвтрийн овог нэрийг Галсангийн Лхамхүү гэж буруу бичсэн байна. Миний ээж Должин нь анх Галсантай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж аж төрж байгаад намайг 6 настай байхад миний төрсөн эцэг Галсан нас барсан. Ингээд ээж маань Аюуш гэдэг хүнтэй гэр бүл болон бид бүгдийг өсгөсөн бөгөөд энэ үеэс Аюушийн Лхамхүү гэж бичигдэх болсон. Иймд 1970 оны 83 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Галсан овогтой Лхамхүү гэж нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Аюуш овогтой Лхамхүү миний бие мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн миний бие 1971-1991 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Лхамхүү нь 1970 оны 83 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүрттэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Лхамхүү нь 1970 оны 83 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь мөн 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тус тус тогтоогдож байна.
Үүнд: Аюуш овогтой Лхамхүүгийн цахим иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1966 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсон талаарх гэрлэлтийн баталгааны хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №550 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1970 оны 83 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А.Лхамхүүд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Адуучин овогт Аюушийн Лхамхүүд олгогдсон иргэний үнэмлэх, 1980 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Аюушийн Лхамхүүд олгогдсон иргэний улаан паспорт, 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Үндэсний төв архивын тодорхойлолт, гэрч А.Мягмардуламийн “...А.Лхамхүү нь миний төрсөн эгч байгаа юм. Би 1951 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Галсангийн 4 дэх охин нь болж төрсөн. Харин миний төрсөн эгч А.Лхамхүү нь 3 дахь нь юм. Манай төрсөн аав Галсан бид нарыг бага байхад нас барсан бөгөөд манай ээж Должин нь Аюуш гэдэг хүнтэй танилцаж бид нарыг өсгөх болсон. Би эхээсээ 4-үүлээ. Айлын хамгийн бага. Тухайн үед иргэний үнэмлэх авахдаа хойд эцэг Аюуш нэрээр авч байсан. Тухайн үеийн боловсон хүчнүүд хөдөлмөрийн дэвтэр дээр овог бичихдээ бид нарын төрсөн аав болох Галсангаар биччихсэн болохоор эгч маань энэ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч биш болоод байгаа юм. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр миний төрсөн эгч Аюуш овогтой Лхамхүү мөн болохыг тогтоож өгнө үү. Эгч маань одоо 69 настай...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дондогсэрчингийн “...Аюуш овогтой Лхамхүү нь ах, эгч, дүү нарын хамт эхээсээ 4-үүлээ юм. Галсан гэдэг нь Лхамхүүгийн төрсөн эцэг мөн бөгөөд Лхамхүүг 5 настай байхад нь нас барсан юм. Дараа нь Лхамхүүгийн эх Должин нь Аюуш гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тухайн үеийн боловсон хүчин болох Авирмэдийн Ганхуяг энэхүү хөдөлмөрийн дэвтрийг нээж өгөхдөө Лхамхүүгийн төрсөн эцэг болох Галсангаар нээсэн байна. Ерөнхийдөө Аюушийн Лхамхүү, Галсангийн Лхамхүү хоёр чинь нэг хүн юм....” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Пунсалийн “...Бид хоёр нэг баг, нэг голд өссөн хоёр. Би 1970 оноос эхлэн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд өөрөө бие даан мал маллах болсон. Харин А.Лхамхүү нь намайг ажилд орох үед тус нэгдэлд ажиллаж байсан бөгөөд саальчин хийж байсан. Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл 3 бригадтай байсан бөгөөд А.Лхамхүү бид 3 дугаар бригадад хамт ажилладаг байсан. Ихэвчлэн саальчнаар ажилладаг байсан бөгөөд дараа нь малчнаар ажиллах болсон. “Батзам” нэгдэлд ажиллаж байх хугацаандаа А.Лхамхүү нь сум, аймгийн аварга саальчин, гэр бүлээрээ Улсын аварга хадлан ч болж байсан. Мөн медаль ч их авч байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед А.Лхамхүү нь ажлаасаа гарсан. А.Лхамхүү нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1970 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дондогсэрчингийн “...Миний бие 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийн Зөрүүлэгийн бригдад бригадын даргаар ажиллаж байхад Аюуш овогтой Лхамхүү нь тус нэгдэлд үхэрчин саальчнаар ажиллаж байсан. Хэдэн онд орсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг бригадын даргаар ажиллаж эхлэх үед тус нэгдэлд ажиллаж байсан. Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь Зөрүүлэгийн бригад, Улаан амын бригад гэсэн хоёр бригадтай байсан бөгөөд А.Лхамхүү бид хоёр Зөрүүлэгийн бригадад хамт ажилладаг байсан. А.Лхамхүү нь ихэвчлэн саальчин л хийдэг байсан бөгөөд сум, аймгийн аварга саальчин байсан мөн гэр бүлээрээ Улсын аварга хадлан ч болж байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед ажлаасаа гарсан. А.Лхамхүү нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1976 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Адуучин овогт Аюушийн Лхамхүүг 1970 оны 83 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Аюушийн Лхамхүү мөн болохыг, А.Лхамхүү нь 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1970 оны 83 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн Галсангийн Лхамхүү гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Адуучин овогт Аюушийн Лхамхүүг мөн болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Адуучин овогт Аюушийн Лхамхүүг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл саальчин, малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Лхамхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА