| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0173/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/174 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М-О
Улсын яллагч Л.О
Хохирогч П.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эт холбогдох эрүүгийн 2025000970101 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Лхагвын Л.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 43-6-2 тоотод оршин суух П.Хийн байшинд хууль бусаар нэвтэрч ТСЛ загварын 39 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, пүүзэн гутал зэрэг эд зүйл хулгайлан 546 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.Х мэдүүлэхдээ “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй. Би Л.Эийн амьдралын сайн мэднэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/
2. Хохирогч П.Хийн “2020 оны 01 сарын 31-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Гэрийн хаалга үүд ямар нэгэн эвдрэлгүй, гэрийн цоож гэрт байсан ба ТСL загварын 39 инчийн зурагт, 46 размерийн эрэгтэй хүний пүүзэн гутал, мөнгөн тоногтой эмэгтэй хүний бүс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан эд зүйлийн маань хохирлын хэмжээ нийт 546 000 төгрөгийн хохирол гарсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Гэхдээ би 2020 оны 02 сарын 10-ны өдөр гэрт минь хулгай орсон гэх Л.Эоос эд зүйлээ эргүүлэн олж авсан. Одоо надад учирсан хохирол гээд байх зүйл байхгүй байна. Л.Эийг сайн танина. Гэр нь манай урд талын хашаанд байдаг. Л.Э миний хуурай дүү гэж явдаг. Гэтэл гэрээс маань юм хулгай хийж авсан гэхээр маш эвгүй сэтгэгдэл төрж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-42-р хуудас/
3. Гэрч Л.Б-гийн “Би Л.Э-той хамт П.Хийн гэрт очоогүй. Шөнө орой Л.Эийн найз П.Пүрэвбаярын гэрт уулзсан юм. Би П.Пүрэвбаярын гэрт архи ууж байхад шөнө 02 цагаас 03 цагийн орчим гаднаас дүү Л.Э нэг зурагт тэвэрчихсэн, нөгөө гартаа цаасан хайрцагтай пүүз барьж орж ирсэн. Тэгээд би ямар айлын зурагт барьчихсан явж байгаа юм бэ гэхэд хуурай ах П.Хийнх юм, би эд зүйлийг нь өөрт нь хэлэлгүй авч гарч ирлээ гэхээр нь архинд барьцаанд тавьж хамт архи ууя гэхээр нь бид хоёроос асуусан юм. Би болон П.П бид хоёр хэрэггүй энд архи байна, наад зүйлээ буцааж өг одоо орой болсон байна маргааш буцааж өг гэж хэлсэн чинь Л.Э за гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-53-р хуудас/
4. Гэрч П.П “Л.Э-ийн эгч Баярсүрэнтэй байрныхаа гудамжинд таарч дэлгүүрээс 0,75 граммын 2 шил Монгол стандарт архи авч уухаар манай гэрлүү явсан юм. Тэгээд нэг шил архиа задлаад талд нь орж байхад найз Л.Э гаднаас зурагт цаасан хайрцагтай пүүз, эмэгтэй хүний арьсан бүс барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь наад зүйл чинь хэнийх юм бэ гэхэд миний хуурай ахын зурагт архинд барьцаанд тавьж архи уух санаатай гэрээс нь аваад ирлээ санаа зоволтгүй гэхээр нь би уурлаж наад эд зүйл чинь хулгайн эд зүйл байвал яах юм таньдаг таньдаггүй хамаагүй эзэнд нь буцааж өг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/
5. “Ашид билгүүн” ХХК-ий 2020 оны 02 сарын 05-ны өдрийн ОРХ-20/09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-16-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 01-р сарын 31-ний өдөр П.Хийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 546.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Л.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Энэ гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар гэмт хэргийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдал, түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Тухайн үед өдөр хохирогчтой хамт архи ууж байгаад пүүз зармаар байна гэж хэлэхэд нь энэ гэмт хэргийг үйлдэх сэдэл төрсөн байгаа. Шүүгдэгч маргааш нь өөрөө гэм буруугаа хүлээж хохирогчоос уучлалт гуйсан. Л.Э нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, байнга асаргаанд байдаг. 3 хүүхдүүд нь ойролцоо бага насны хүүхдүүд байгаа. Ам бүлээ тэжээн тэтгэх асрамжлах буюу хуулиар хүлээсэн үүрэг оногдож байгаа. Түүний ар гэрийн хүнд хэцүү байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан нөхцөл байдал, мөн хуулийн 6.6, 6.7-д тус тус зааснаар хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү гэж санал гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч П.Х-ийн “2020 оны 01 сарын 31-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Гэрийн хаалга үүд ямар нэгэн эвдрэлгүй, гэрийн цоож гэрт байсан ба ТСL загварын 39 инчийн зурагт, 46 размерийн эрэгтэй хүний пүүзэн гутал, мөнгөн тоногтой эмэгтэй хүний бүс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Баярсүрэнгийн “Би П.Пүрэвбаярын гэрт архи ууж байхад шөнө 02 цагаас 03 цагийн орчим гаднаас дүү Л.Э нэг зурагт тэвэрчихсэн, нөгөө гартаа цаасан хайрцагтай пүүз барьж орж ирсэн. Тэгээд би ямар айлын зурагт барьчихсан явж байгаа юм бэ гэхэд хуурай ах П.Хийнх юм. Би эд зүйлийг нь өөрт нь хэлэлгүй авч гарч ирлээ гэхээр нь архинд барьцаанд тавьж хамт архи ууя гэхээр нь бид хоёроос асуусан юм. Би болон П.П бид хоёр хэрэггүй энд архи байна, наад зүйлээ буцааж өг одоо орой болсон байна маргааш буцааж өг гэж хэлсэн чинь Л.Э за гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч П.П-ын “Тэгээд нэг шил архиа задлаад талд нь орж байхад найз Л.Э гаднаас зурагт цаасан хайрцагтай пүүз, эмэгтэй хүний арьсан бүс барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь наад зүйл чинь хэнийх юм бэ гэхэд миний хуурай ахын зурагт архинд барьцаанд тавьж архи уух санаатай гэрээс нь аваад ирлээ санаа зоволтгүй гэхээр нь би уурлаж наад эд зүйл чинь хулгайн эд зүйл байвал яах юм таньдаг таньдаггүй хамаагүй эзэнд нь буцааж өг” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 сарын 05-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Лхагвын Л.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 43-6-2 тоотод оршин суух П.Хийн байшинд хууль бусаар нэвтэрч ТСЛ загварын 39 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг авч 546 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Л.Э нь хүн амьдрах зориулалттай орон байранд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг хулгайлан авч нийт 546 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э-од ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн мэдүүлэг зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.Хид 546 000 төгрөгийн хохирол учирч эд зүйл буцаан олгогдсон бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгч Л.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд алдагдсан эд зүйл буцаан олгогдож, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, Л.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгэгч нарын нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС