Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2017/00058

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, “Аргалант” гэх газар оршин суух, ЙБ66022204 дугаарын регистртэй, Гэндэн овогт Баярхүүгийн Гантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Гантуяа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас ажиллаж байсан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Гантуяа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Гантуяа 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №431 дугаартай 1982 оны 07 дугаар сар, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын хөдөлмөрийн хөлсний бичилттэй архивын лавлагааны хуулбар, гэрч П.Мягмарсүрэнгийн “...Би 1983 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ачигч, няраваар ажиллаж эхэлсэн бөгөөд Б.Гантуяа нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд “Батзам” нэгдэлд илгээлтээр малчнаар ажиллаж эхлэх болсон. Хэдэн сард Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд орсныг нь сайн мэдэхгүй байна. Ихэвчлэн малчнаар ажилладаг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа сайшаалын үнэмлэх, диплом, жуух, баярын бичиг зэрэг шагнал урамшуулал авч байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 3 бригадтай байсан бөгөөд Б.Гантуяа бид хоёр 3 дугаар бригадад хамт ажилладаг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед Б.Гантуяа бид хоёр зэрэг ажлаасаа гарч байсан юм. Б.Гантуяа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1982 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Амаржаргалын “...Би 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Б.Гантуяа нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж эхлэх болсон. Ихэвчлэн малчнаар ажилладаг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа баярын бичгээр л шагнуулж байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед Б.Гантуяа бид хоёр зэрэг ажлаасаа гарч байсан юм. Б.Гантуяа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1982 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Гэндэн овогт Баярхүүгийн Гантуяаг 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гэндэн овогт Баярхүүгийн Гантуяаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА