| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0178/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/176 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Б.О-Э
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн 2025002370171 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Тесоро төвийн 3 давхарт Б.Этай үл ойлголцох байдлын улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Эгийн “13 цагийн үед Н.Эийн ажлын өрөөнд орж мөнгөө нэхсэн. Гэтэл Н.Э намайг цээж рүү түлхэн хойшоо унагаасан. Би унахдаа толгойгоороо хана мөргөсөн. Н.Э миний баруун гарын бугалгаас маань чанга базаж намайг коридороор чирч гудчин явсан. Тэгээд намайг хүнгүй ажлын өрөө рүү оруулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/
2. Гэрч Г.Б-рын “3 давхрын коридорт Н.Э ахын хамт ажиллаж байсан. Гэтэл өдөр 15 цагийн үед гаднаас Б.Э гэдэг эгч орж ирсэн. Н.Э эгч та нар намайг сонсохгүй байна, цагдаагаа дууд гэх зэргээр чанга чанга хашхираад уурлаад байсан. Тэгж байгаад тэр эгч Н.Э ахын нуруунд 2-3 удаа гараараа цохиж зодсон. Тэгсэн чинь Н.Э ах уурлаад та яах гээд байгаа юм ийшээ офисс руу ор гээд Б.Э эгчийг баруун гарын бугалгаас нь бариад коридороор чирээд явсан. Тэр хоёр коридороор зууралдан явж байхдаа Б.Э эгч биеэрээ хана мөргөж ширгээд явж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
3. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 332 дугаартай “Б.Эгийн биед тархи доргилт, 2 гар, зүүн гуянд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт болон зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цохиулсны улмаас тархи доргилт үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 13-14-р хуудас/
4. Ялагдагч Н.Эийн “Хадам эгч маань чаддаг юм бол цагдаагаа дууд гээд уурлан над дээр ирж намайг цохиж авсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд хадам эгч Б.Эг баруун гарын бугалга хэсгээс нь гараараа барьж байгаад коридороор чирч гарган өөр өрөөнд оруулсан юм. Би Б.Э эгчийг өөр өрөөнд оруулан та хүн амьтнаас ичээч энд тайван сууж бай гэж хэлсэн. Гэтэл Б.Э эгч та нар ичихгүй бол би ичихгүй. Би гарч хашхирна гээд өрөөнөөс гарах гэхээр нь би Б.Э эгчийг араас нь татсан. Гэтэл Б.Э эгч өрөөнөөс гарах хаалганы довжоон дээр бөгсөөрөө унасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Тесоро төвийн 3 давхарт Б.Этай үл ойлголцох байдлын улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч, яллагдагч хоорондоо эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, энэ гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь 465 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Эгийн “13 цагийн үед Н.Эийн ажлын өрөөнд орж мөнгөө нэхсэн. Гэтэл Н.Э намайг цээж рүү түлхэн хойшоо унагаасан. Би унахдаа толгойгоороо хана мөргөсөн. Н.Э миний баруун гарын бугалгаас маань чанга базаж намайг коридороор чирч гудчин явсан. Тэгээд намайг хүнгүй ажлын өрөө рүү оруулсан. Би яаж тэр ажлын өрөөнд нь орсон гэдгээ санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Батбаатарын "Н.Э ахын нуруунд 2-3 удаа гараараа цохиж зодсон. Тэгсэн чинь Н.Э ах уурлаад та яах гээд байгаа юм ийшээ офисс руу ор гээд Б.Э эгчийг баруун гарын бугалгаас нь бариад коридороор чирээд явсан. Тэр хоёр коридороор зууралдан явж байхдаа Б.Э эгч биеэрээ хана мөргөж ширгээд явж байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 332 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Э нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Тесоро төвийн 3 давхарт Б.Этай үл ойлголцох байдлын улмаас маргалдаж, бугалганаас базах, чирэх зэргээр хүч хэрэглэж, бие махбодид нь тархи доргилт, 2 гар, зүүн гуянд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар санал хүсэлт гараагүй байна.
Гэмт хэргийн улмаас Б.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС