Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01253

 

П.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00545 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 990 дугаар магадлалтай,

П.Сын нэхэмжлэлтэй

К Ч Хд холбогдох

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 38 208 273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К Ч Хтой анх 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 2-46 тоот орон сууцыг нэг сарын 1 000 000 төгрөгөөр 12 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. 2014, 2015 онд гэрээг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан. Мөн нэг сарын төлбөрийг 800 000 төгрөг болгон бууруулсан. Гэрээ байгуулснаас хойш 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх төлбөрийг төлсөн. Иймд хариуцагчаас 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26 412 000 төгрөг, алданги 11 143 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр сарын байрны мөнгө 183 884 төгрөг, СӨХ-ийн мөнгө 424 389 төгрөг, нийт 38 163 273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс иргэн П.Соос Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 2-46 тоот байрыг түрээслэн амьдарч байгаа. П.Сын аав нэхэмжлэгч П.Пүрэвсүрэнд төлөх ёстой мөнгөнөөс 15 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл 3 523 200 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас байр, СӨХ-ны зардалд нэхэмжилсэн 608 273 төгрөгийг зөвшөөрч байна. Гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх төлбөрийг бүрэн төлсөн. Харин 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хөлс 25 200 000 төгрөгийг төлөх ёстойгоос 2016 оны 11 дүгээр сарын 02, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр төлсөн 6 000 000 төгрөгийг хасвал 19 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд энэ хэмжээгээр хөлс төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00545 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан БНСУ-ын иргэн К Ч Хгоос 29 708 273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Сод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 455 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507 850 төгрөгөөс илүү төлсөн 158 857 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 306 491 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 990 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тухайд: Миний үйлчлүүлэгч болох К Ч Х нь БНСУ-ын иргэн бөгөөд Монгол хэл мэддэггүй, монголоор уншиж бичиж мэддэггүй билээ. Анхан шатны шүүх П.Сын нэхэмжлэлтэй К Ч Хд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нь гадаад улсын иргэн Монгол хэл мэддэггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “хэргийн оролцогч нь монгол хэл мэддэггүй бол түүний хүсэлтээр орчуулагч хэлмэрчийг шүүгч захирамжаар гарган томилно...” гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогч болох БНСУ-ын иргэн К Ч Хгийн хүсэлтээр, шүүгч захирамж гарган орчуулагч, хэлмэрчийг томилоогүй хэргийн материалд шүүгчийн орчуулагч, хэлмэрчийг томилсон захирамж нотлох баримтаар байхгүй байгааг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж анхааран үзээгүй мөн шүүгчийн орчуулагч, хэлмэрч томилсон захирамж байхгүй байхад К Ч Хгийн орчуулагчаар В.Чимэдмэнжээ гэдэг хүнээр хэргийн оролцогчийн эрх, үүрэг, болон хууль сануулсан баримтанд гарын үсэг зуруулсан байдаг. В.Чимэдмэнжээг хэний хүсэлтээр, хэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг ямар эрх зүйн баримт бичгээр олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан талаар байдаггүй. Чимэдмэнжээг орчуулагчаар оролцуулах эсэхийг шүүгч захирамж гарган оролцуулахаар хуулинд зохицуулж өгсөн байхад үүнийг анхааран үзэхгүйгээр миний үйлчлүүлэгч болох БНСУ-ын иргэн К Ч Х нь Иргэний хэргийн оролцогч монгол хэл мэдэхгүй тул шүүх орчуулагч, хэлмэрчийг шүүгчийн захирамжаар томилоогүй байгаа нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49.1 дэхь хэсэгт шүүгч захирамжаар орчуулагч хэлмэрчийг томилно гэж зохицуулсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулах зарчим, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин гуравдугаар зүйлд “...шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна. Монгол хэл мэддэггүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно...” гэж заасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр баталгаажуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл, буюу мэддэг хэл бичгээр харилцаж, шүүхэд тайлбар мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.” гэж тодорхой зохицуулж өгсөн. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно." гэж зохицуулсан байгаа орчуулагч хэлмэрчээс бусад тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч буюу зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь орчуулагч, хэлмэрч хийхгүй байхаар хуулинд зохицуулж өгсөн байгааг анхааран үзээгүй бөгөөд хэргийн оролцогч БНСУ-ын иргэн К Ч Х нь монгол хэл мэдэхгүй тул өөрийхөө хүсэлтээр, орчуулагч, хэлмэрчийг томилох ийнхүү томилохдоо шүүгч захирамж гаргахгүйгээр иргэн Чимэдмэнжээг БНСУ-ын иргэн К Ч Хгийн орчуулагч, хэлмэрчээр оролцуулсан нь Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Үүнийг давж заалдах шатны шүүх анхааран үзэж хэргийг бүхэлд нь хянахгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж илт үндэслэл муутай дүгнэлтийг хийж шүүх хууль хэрэглээний болон мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан. Өмгөөлөгч Г.Тамир би давж заалдах шатны шүүхэд БНСУ-ын иргэн К Ч Хгийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхэд хэргийг гомдлын хүрээгээр хязгаарлагдахгүй бүхэлд нь хянаж байгаа тул анхан шатны шүүх орчуулагч, хэлмэрчийг томилсон захирамж гаргаагүй байхад иргэн Чимэдмэнжээг орчуулагч, хэлмэрчээр оролцуулсан байгааг анхааран үзэж өгөхийг тайлбарласан боловч шүүх анхааран үзэж хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гаргасан. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Пүрэвсүрэн бүрэн эрхийн дагуу, хариуцагч БНСУ-ын иргэн К Ч Хд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги, 2017 оны 12, 2018 оны 01 дүгээр сарын байрны төлбөр, 2016-2018 онуудын СӨХ-ны төлбөр нийт 38 208 273 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлс 26 412 000 төгрөг, алданги 11 143 032 төгрөг, СӨХ-ны зардал 424 389 төгрөг, байрны зардал 183 884 төгрөг, нийт 38 163 305 төгрөг”-ийг гаргуулна гэж тодорхойлсон, шүүх уг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэжээ. Хариуцагч түрээсийн төлбөр 19 200 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 424 389 төгрөг, байрны ашиглалтын төлбөр 183 884 төгрөг нийт 18 523 200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, маргасан байна. 

Анхан шатны шүүх хариуцагчаас 29 708 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...”  гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 2 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууцыг эзэмшиж, ашигласан үйл баримтыг маргаагүй байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ,  гэрээг сунгасан 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, уг гэрээнд оруулсан нэмэлт гэрээ гэсэн баримтад үндэслэж, хариуцагчийн биелүүлэх үндсэн үүрэг 19 400 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алданги 9 700 000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбоонд төлөх зардал 424 389 төгрөг, ашиглалтын төлбөр 183 884 төгрөг, нийт 29 708 273 төгрөгийг хариуцуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл дээр тайлбар өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй бөгөөд шүүх энэ талаар хариуцагч БНСУ-ын иргэн К Ч Х-д эрх үүргийг тайлбарлахдаа танилцуулсан байна. Хариуцагч өөрийн сонгосон орчуулагчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байснаас гадна /хх49/ 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Г.Солонгод итгэмжлэл олгосноор түүнийг төлөөлөх эрхтэй этгээд шүүх хуралдаанд оролцсон байхад орчуулагч томилоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар      сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00545 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 990 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА