Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 35

 

          

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: А аймгийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 1 дүгээр  сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот  данснаас 17.965.456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, 17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, иргэдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т зааснаар усаар хангагч байгууллага бөгөөд хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай гэрээ байгуулж, ашигласан усны төлбөрийг тооцон авч төсөвт төлөх ёстой. Манай компани нь Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр ус ашиглуулах гэрээг байгуулж ажилласан бөгөөд уг гэрээнд, барилгын үйлдвэрлэл 2090м3 усанд 413402 төгрөг, хүнс архи пивоны үйлдвэрлэл 700м3 усанд 138460 төгрөг, хүнс, ундаа цэвэр ус 496м3 усанд 98180,8 төгрөг, хүнс талх нарийн боов 650м3 усанд 32125,5 төгрөг, эрчим дулаан үйлдвэрлэл  9850м3 усанд 730574,5 төгрөг, бусад ашиг олох зорилгоор аж ахуй нэгж байгууллагууд 26340м3 усанд 2539702,8 төгрөг, нийт 40126м3/жил усанд 3.952.445.6 төгрөг усны нөөц ашигласны төлбөрт суутган тооцохоор гэрээ байгуулсан. Хэрэглэгч байгууллагуудтай гэрээ байгуулахдаа усны нөөц ашигласны төлбөрөөс хуулиар чөлөөлөгдсөн болон чөлөөлөгдөөгүй гэж ялгаатай гэрээ байгуулсан ба сар бүрийн усны нэхэмжлэх хүргэхдээ аж ахуй нэгж байгууллагуудад усны нөөцийн төлбөрт хэрэглэсэн усны хэмжээгээр, төсөвт байгууллагыг чөлөөлөгдсөн учир  тэг төгрөгөөр тооцож нэхэмжилж байсан.

 2016 онд Архангай аймгийн хэмжээнд нийт 48 төсөвт байгууллагатай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах” гэрээ байгуулсан бөгөөд 162556 м3” хэмжээний усыг төсөвт байгууллагад нийлүүлсэн байна.

А аймгийн Татварын хэлтэс нь 2016 оны усны нөөц ашигласны төлбөр гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай компаний Төрийн банкин дахь 18000018675 тоот данснаас 186325м3 төсөвт байгууллагын хэрэглэсэн усанд төлбөр ногдуулж 17.965.456 төгрөгийг шууд суутган авсан.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийг хэн хураан авч төсөвт төлөхийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байдаг. Гэтэл А аймгийн Татварын хэлтэс нь татвар ногдуулалт хийгдээгүй, мэдэгдээгүй, тайлагнаагүй, тайлагнах хугацаа болоогүй байхад өөрийнхөө эрх хэмжээнд байхгүй эрхийг хэрэгжүүлж манай байгууллагын данснаас 17.965.456 төгрөгийг суутган авсан. Иймд 2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот данснаас 17.965.456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, 17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн “А” ХХК-иас А аймгийн Татварын хэлтэст холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ 2 үндэслэлээр гаргасан. Нэгдүгээрт “А” ХХК-ийн данснаас илүү 17.965.456 төгрөгийг суутгаж авсныг хууль бус гэж үзсэн. Ус ашиглуулах гэрээний дагуу 3 сая 900 гаран мянган төгрөгийг төлөхөөр байтал 17.965.456 төгрөгийг илүү суутгаж авсан байна. Үүнийг хариуцагч талаас тодруулахаар төсөвт байгууллагын хэрэглэсэн усан дээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу усны нөөц ашигласны төлбөрийг тооцож авсан гэдэг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд чөлөөлөгдөх ёстой унд, ахуйн зориулалтаар төсөвт байгууллага хэрэглэдэг байгаа. Тийм учраас энэ мөнгө нь чөлөөлөгдөх ёстой байтал суутгаад авчихсан нь хууль бус байна гэж маргаж байгаа. 

Хоёрдугаар үндэслэл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан тайлагнах хугацаа болоогүй байхад уг мөнгийг шууд суутгаад авч байгаа нь хууль бус гэдэг үндэслэлээр маргаж байгаа. Яагаад тайлагнах хугацаа болоогүй гэж үзсэн бэ гэхээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хариуцагч талаас сар болгон байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэж маргадаг. Гэтэл уг асуудал нь төсөвт байгууллага нь төлнө, төлөхгүй гэдэг маргаантай асуудал байгаа. Нэхэмжлэгч байгууллагаас жилийн эцсийн тайлангаа 01 дүгээр сарын 10-ны дотор гаргаж өгч байгаа. Энэ хугацаанд ус ашиглуулах гэрээнийхээ дагуу 3 сая 900 гаран мянган төгрөгөө төлнө гээд байж байхад энэ хугацааг болоогүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны данснаас нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэхгүйгээр, мэдэгдэх хуудсаа хүргүүлээгүй суутган авсан. Тийм учраас тайлангаа өгөөгүй, тайлагнаагүй, нэхэмжлэгч байгууллага нь ногдлоо тодорхойлоогүй байхад Татварын хэлтэс ногдлоо өөрөө тодорхойлоод илүү төлбөр суутгаж авсан гэж маргаж байгаа.

 “А” ХХК нь төсөвт байгууллагатай ямар гэрээ байгуулдаг бэ гэхээр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах” гэрээ байгуулж ажилладаг. Төсөвт байгууллагаас ямар учраас усны төлбөр авч байгаа вэ гэхээр байгалийн нөөц ашигласны төлбөр гээд байгаа зүйл нь өөрөө орсон юм уу гэдгийг тодруулаад үзэхэд усны үнэ тарифыг Усны зохицуулах зөвлөлөөс баталж өгдөг. Энэ усны үнэ тариф дотор байгалийн нөөц ашигласны буюу усны нөөц ашигласны төлбөрийг шингээж авдаггүй. Монгол Улсын Засгийн газрын 326 дугаар тогтоолд зааснаар усны нөөц ашигласны төлбөрийг яаж авах ёстой юм бэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Монгол Улсын Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс ““А” ХХК” нэмж 96.43 төгрөгөөр төлбөрөө тооцож аваад, авсан мөнгөө төсөвт төвлөрүүлэхээр заасан байгаа. Усны үнэ, тариф дотор байгалийн нөөц ашигласны төлбөр багтдаггүй болох нь үүгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгч байгууллага нь төсөвт байгууллагад нийт хичнээн хэмжээний ус нийлүүлсэн талаарх хэмжээн дээр маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч А аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орхон голын сав газрын захиргаагаар гаргуулан, ус ашиглах гэрээ байгуулж, “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.6-д заасны дагуу үйлчилгээний үнэ тарифаа батлуулан үйлчилгээгээ явуулж байгаа. Усны төлбөр олон сар дамжин төлөгдөхгүй аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтэд саад учруулж байсан тул нэгэнт ногдсон боловч хугацаандаа төлөгдөхгүй байгаа татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна” гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Ундарга” ХХК-ий харилцах данснаас 17.965.456 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсан болно. 

Монгол Улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийг орчинд төлбөр ногдуулна”, 6.1.1-д “Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэж, мөн хуулийн 20.1-д дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө. 20.1.1-д Хүн амын унд ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах”, 20.1.2-д “Түймэр унтраах болон байгалийн бусад гамшигтай тэмцэх”, 20.1.3-д “Усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Байгалийн нөөц ашигласны төлбөрийг дараа сарын 10-ны дотор орон нутгийн төсөвт төлж төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушаана” гэж тус тус заасан бөгөөд төсөвт байгууллагыг чөлөөлнө гэсэн хуулийн заалт байхгүй байна. Иймд “Ар Ус Ундарга” ХХК нь хуулинд заасны дагуу усны төлбөр төлөх нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагч А аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын ахлах байцаагч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК” нь Архангай аймагт байгаа усаар хангагч цорын ганц байгууллага, 14 худагтай, ганцхан татаж олборлодог компани, өөр нэг ч тийм компани байхгүй. 

Гэтэл ус ашиглагч биш гэж маргаад, сүүлдээ усаар хангагч байгууллага мөн гэж бидний зүгээс гаргаж өгсөн. Энэ нь явсаар байгаад “ус ашиглагч байгууллага” мөн гээд Дээд шүүхээс тодорхойлж “ус ашигласны төлбөр”-ийг төлөх ёстой байна гэсэн.  Энэ удаа усны төлбөрийг төлөх ёстой юм байна, гэхдээ төсөвт байгууллагын ашигласан усыг төлөхгүй гэж маргадаг. ““А” ХХК” нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа, ашгийн байгууллага. Тийм учраас үнэ, тарифаа тогтоогоод төсөвт байгууллагад өгөөд бүх харилцах дансаараа дамжуулаад төлбөрөө авч байгаа. Төсөвт байгууллагад хэрэглэсэн ус нь, нийт цэвэр усны 70 гаруй хувийг эзэлж байгаа. 

Цэвэр усны үйлчилгээний төлбөр гэж юуг хэлдэг юм бэ гэхээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “цэвэр усны үйлчилгээний төлбөр” гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг хэлнэ гэсэн байгаа. Тэгэхээр үнэд нь шингэсэн үнээ өгөхгүй байгаа. 

Дараагийн нэг асуудал нь нэхэмжлэгч байгууллага нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэснээ, ямар үндэслэлээр чөлөөлөгдөх гээд байгаагаа хэлээгүй. Хуульд хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах, түймэр унтраах болон гамшигтай тэмцэх, усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан бол чөлөөлнө гэж заасан. Харин төсөвт байгууллагын хэрэглэсэн усыг чөлөөлнө гэсэн заалт байхгүй. 

Дараагийн нэг асуудал нь хугацаа болоогүй гэдэг асуудал ярьж байна. Бүх байгууллага 01 дүгээр сарын 10-нд тайлангаа өгнө гээд суугаад байх юм бол бид цалин, тэтгэвэр, тэтгэмжээ яаж авах юм бэ. “А” ХХК” -ийн 2016 оны төлбөрийг 2017 оны 01 дүгээр сар 03-ны өдөр аргаа бараад харилцах дансыг нь хааж байгаад авсан. Үүнтэй холбоотой миний бие ахлах байцаагчийн хувьд нягтлан бодогч Ч.А-тай 3 удаа очиж уулзсан. Мөн хариуцсан байцаагч нь очиж уулзсан, мэдэгдлээ өгсөн. Тухайн мэдэгдэх хуудас нь хавтаст хэрэгт байдаг. 

 Бид нар усны хэмжээн дээр огт маргаагүй. Угаасаа гэрээн дээр биччихсэн байгаа. Усны хэмжээнд хүрээгүй тохиолдолд танайх тайлагнаад илүү төлөлт нь ийм байгаа шүү, манайх дараа ондоо суутгуулна гэх юм бол татвар төлөгч нарт нээлттэй. Яагаад гэвэл хуулиар цаанаас нь зохицуулаад өгчихсөн байдаг гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: ““А” ХХК”-ийг усны төлбөр төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““А” ХХК” нь А аймгийн Татварын хэлтэст холбогдуулан 2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 1 дүгээр  сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот  данснаас 17.965.456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, 17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг “2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 1 дүгээр  сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот данснаас 17.965.456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, 17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах” гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдаанаар дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн 

I. “2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 1 дүгээр  сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот данснаас 17.965.456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

II. “17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах тухай” шаардлагаас 2.823.100 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдсэн 15.142.356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ““А” ХХК” -ийн тухайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулах газраас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 07/2108 дугаартай ус ашиглах дүгнэлт  гаргуулж, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Архангай аймгийн Байгаль орчны аялал жуучлалын газар, ““А” ХХК” -тай ус ашиглуулах тухай 07/2108 дугаартай гэрээ  байгуулсан байна.  

Дээрх 07/2108 дугаартай дүгнэлтийн 15. Холбогдох хууль, дүрэм, журам, норм, стандарт, баримт бичгийн дагуу усны зарцуулалтыг тооцоход: 2016 онд түгээх усны хэмжээ /“А” ХХК-ийн төлөвлөгөөнд үндэслэв/ “ ... Төсөвт байгууллага ... 186.325 м3/жил ... нийт 291.869м3/жил ... “ гэж; 07/2108 дугаар гэрээний 2.2 Ашиглах усны нийт хэмжэж 291.869м3/жил ... а/Төсөвт байгууллагын унд ахуй 186.325м3/жил ...” гэж тус тус тэмдэглэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “ ... 2016 онд ““А” ХХК” нь төсөвт байгууллагын унд ахуйд зориулж 186.325м3/жил  ус ашиглах гэрээ байгуулсан. Төсвийн байгууллагад ашиглаж буй усыг унд ахуйн зориулалтаар хэрэглэдэг тул Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй ...” гэж

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар төсвийн байгууллагад нийлүүлсэн усыг ус ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй ... мөн төсвийн байгууллагын хэрэглэж байгаа усыг “хүн амын унд, ахуйн хэрэгцээ”-ний зориулалтаар хэрэглэж буй усанд хамааруулах боломжгүй” гэж тус тус маргасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулах газраас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 07/2108 дугаартай ус ашиглах дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Архангай аймгийн Байгаль орчны аялал жуучлалын газар, “А” ХХК -тай ус ашиглуулах тухай 07/2108 дугаартай гэрээгээр ашиглахаар тусгасан нийт усны хэмжээ /291.869 м3/жил/, айл өрхийн унд, ахуйн зориулалтаар ашигласан усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх заасан усны хэмжээ /65.418 м3/жил /, ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан усны нөөц ашигласны төлбөр тооцогдохоор заасан усны хэмжээ /40.126 м3/жил/-н дээр болон усны үнэ, тариф дээр маргаагүй бөгөөд зөвхөн төсөвт байгууллагын ашигласан 186.325 м3/жил ус нь усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө, чөлөөлөгдөхгүй гэж маргасан тул шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.       

I. “2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 1 дүгээр  сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот данснаас 17.965.456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

а/ Нэхэмжлэгч “А” ХХК нь “ус ашиглагч”, усаар “хангагч” мөн, биш, мөн нэхэмжлэгч “А” ХХК нь  “ус ашигласны төлбөр төлөгч” мөн, биш гэх үндэслэлүүдийн тухайд:   

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “А” ХХК-ийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумыг цэвэр усаар хангах үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж гэж үзэж, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “...ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлөх” гэж тус тус заасныг үндэслэн “ус ашиглагч бөгөөд ус ашигласны төлбөр төлөгч мөн” болохыг тогтоож эцэслэн шийдвэрлэжээ . 

Тиймээс “А” ХХК нь ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ усыг ашигладаг “ус ашиглагч” бөгөөд ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлөгч мөн гэдгийг нэгэнт тогтоосон Улсын Дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэр байгаа тул шүүх уг асуудлаар дахин дүгнэлт хийхгүй ба “А” ХХК-ийн “манай компани нь Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т зааснаар усаар “Хангагч” байгууллага” гэх тайлбар нь үндэслэлгүй байна. 

б/Төсөвт байгууллагад нийлүүлсэн усыг усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх эсэх тухайд:

Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13. ““хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг” гэж заажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан .... гэрээнд тусгаснаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь төсвийн байгууллагуудыг “...цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлэх../ -ээр тусгасан байна. 

Дээрх хууль болон гэрээний холбогдох заалтуудаас үзвэл төсөвт байгууллага нь усны хэрэглэгч байна. 

Тиймээс шүүх төсөвт байгууллагын ашигласан ус нь усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна”, 6.1.1 “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”, 20 дугаар зүйлийн 20.1 “Дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө” 20.1.1.“хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах;” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усанд усны нөөц ашигласны төлбөр ногдохоор, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашигласан ус нь усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тус тус зохицуулагджээ.

Төсөвт байгууллага нь усыг хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашигладаггүй тул усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж үзлээ.

Учир нь “Хүн ам” гэдэгт тодорхой газар нутагт амьдарч буй нийт хүнийг, “Ахуйн хэрэгцээ” гэдэгт хувь хүний өдөр дутмын хэрэгцээ, шаардлагад хамаарах хангагдаагүй хүсэл, зоригийг хамааруулан ойлгох бөгөөд төсвийн байгууллагын хэрэглэсэн усыг дээрх тодорхойлолтод хамааруулан ойлгох боломжгүй. 

Тодруулбал, “А” ХХК-тай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах” гэрээ байгуулсан Эрдэнэбулган суманд орших “төсөвт байгууллага”-н ашиглаж буй усыг Эрдэнэбулган сумын эсхүл тус сумын багийн иргэд буюу нийт “хүн ам” хэрэглээгүй, тухайлсан этгээдийн ахуйн хэрэгцээнд ашиглаагүй бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй “төсвийн байгууллага” -н үйл ажиллагааны явцад ашигласан байх тул “үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”-д хамааруулан ойлгоно.

Ийнхүү төсөвт байгууллага нь усыг хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ашигладаггүй байх тул төсөвт байгууллагын ашигласан ус нь ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна гэж үзэв. 

в/А аймгийн Татварын хэлтсээс 2017 оны 1 дүгээр  сарын 03-ны өдөр “А” ХХК-ийн төрийн банкны 18000018675 тоот данснаас 2016 оны ус ашигласны төлбөрт 21.836.100 төгрөг суутган авсан үйл ажиллагааны тухайд:

Татварын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Татварыг татварын төрөлд ангилах ба тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна”, 7.3. дахь хэсэгт “Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна” 7.4.18.-д “байгалийн нөөц ашигласны төлбөр”, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна”, 12.2. дахь хэсэгт “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” ,

 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт “Энэ хуулиар байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд байна” гэж зааснаар “байгалийн нөөц ашигласны төлбөр” нь улсын татварт хамаарах бөгөөд нэхэмжлэгч “А” ХХК нь татвар /төлбөр/ төлөгч хуулийн этгээд байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хуульд зааснаар ус ашигласны төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор төлнө. Ашигласан усны төлбөрөө сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөөд байвал бидний дунд асуудал үүсэхгүй. Хэрэв хугацаандаа татвараа төлөхгүй бол мэдэгдэх хуудас өгдөг. Хуулиар мэдэгдэх хуудсыг хэдэн удаа өгсөн нь хамаагүй, нэг л удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол байгууллагын дансыг хааж татвараа авах эрхтэй байдаг. Бид 9 сард мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд татварын суутгалыг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр авсан ...” гэж тайлбарлажээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1.-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.”, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. дахь хэсэгт “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч “А” ХХК нь 2016 оны усны нөөц ашигласны төлбөрийг сар бүрийн 10 өдрийн дотор орон нутгийн төсөвт төлөх үүрэгтэй байна. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “А” ХХК нь усны нөөц ашигласны төлбөрөө сар бүр төлсөн талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...“А” ХХК нь сар бүрийн ашигласан усныхаа төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх үүргээ гүйцэтгэлгүй явсаар 2017 оны 01 дүгээр сар хүргэсэн...” гэх тайлбарыг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргасангүй. 

Иймд шүүх нэхэмжлэгчийг 2016 онд усны нөөц ашигласны төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8. дахь хэсэгт “Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ”, 55 дугаар зүйлийн 55.1 Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна, 55.1.1-д “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги” гэж зааснаар “А” ХХК-ийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар /усны нөөц ашигласны төлбөр/ болох /226.451*96.43/ 21.836.100 төгрөг нь татварын өрөнд хамаарч байна. 

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 “Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.10-т “албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”, 33.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг дараахь үндэслэл, журмын дагуу үйлдэх бөгөөд тэдгээрт тусгагдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй” 33.2.4.-т “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ” , 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсэгт “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах ...” гэж заасан бөгөөд А аймгийн Татварын хэлтсээс “А” ХХК-д 0101032 дугаартай мэдэгдэх хуудсыг 2016 оны  9 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлж, “А” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 256 дугаар хүсэлт болон мэдэгдлийн хариу тайлбарыг тус тус татварын хэлтэст хүргүүлсэн байна. 

Мөн А аймгийн Татварын улсын байцаагчийн тэмдэглэлд  “ ... “А” ХХК-д хамаарах 21836.1 мянган төгрөгийн татварын өрийг 3 хоногт барагдуулах тухай 0101032 дугаартай мэдэгдэх хуудсыг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гардуулахаар татвар төлөгчтэй биечлэн уулзаж татварын өрийг мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд татвар төлөгчийн банкин дахь харилцах данснаас татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ... ажиллагааг татварын албаны зүгээс авч болно гэдгийг танилцуулсан ...” гэж тэмдэглэжээ.

Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 “Татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурдсанаар тогтооно” 57.1.1-д  “энэ хуульд заасны дагуу ногдуулсан татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног” 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ”, 61.2 “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна“, 63 дугаар зүйлийн 63.1. дэх хэсэгт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа, шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна”, 63.2 дахь хэсэгт “Татварын өрийг энэ хуулийн 63.1-д заасны дагуу гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заана” гэж зааснаар А аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн 01/1665 дугаар албан бичгээр “А” ХХК-ийн хугацаандаа төлөөгүй татварын өр 21.836.100 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу үл маргах журмаар гаргуулахаар мэдэгдэх хуудсыг Төрийн банкинд хүргүүлсэн бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “А” ХХК-ийн данснаас 21.836.100 төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ .

Хариуцагчийн дээрх үйл ажиллагаа нь татварын ерөнхий хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч “А” ХХК нь ус ашиглагч бөгөөд ус ашигласны төлбөр төлөгч мөн байх тул төсөвт байгууллагын ашигласан ус нь усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх усанд хамаарахгүй, хариуцагч А аймгийн татварын хэлтсээс Татварын ерөнхий хуульд заасны дагуу үл маргах журмаар төсөвт байгууллагын ашигласан усанд ногдох усны нөөц ашигласны төлбөр болох 17.965.456 төгрөгийг суутган авсан үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна. 

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.      

II. “17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч А аймгийн Татварын хэлтсээс нэхэмжлэгч “А” ХХК”-ийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулах газраас гаргуулсан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 07/2108 дугаартай ус ашиглах дүгнэлт болон 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Архангай аймгийн Байгаль орчны аялал жуучлалын газартай байгуулсан ус ашиглуулах тухай 07/2108 дугаартай гэрээнд заасан хувь хэмжээг үндэслэн төсөвт байгууллагын ашигласан 186.325 м3/жил усанд ногдох 186.325 м3 *96.42=17.965.456 төгрөгийг суутган орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7  дугаар зүйл “Шүүх нотлох зарчим”, 7 дугаар зүйлийн 7.1 “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах...”, 32 дугаар зүйл “Нотлох баримт гаргах, цуглуулах”, 32 дугаар зүйлийн 32.1 “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШЗ2018/0231 дугаар захирамжаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг шинжээчээр томилсон байна .

Дээрх захирамжийн дагуу тус албанаас дүгнэлт гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаар албан бичгээр хариуг шүүхэд ирүүлжээ .

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтээр “ ... “А” ХХК нь 2016 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа 47 төсөвт байгууллагатай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах” гэрээ байгуулан ажилласан байна ... Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт 47 байгууллагыг 157.045.9м3/жил цэвэр усаар хангаж 336.3 сая төгрөг ...төлбөрийг төсвийн байгууллагуудаас ... төлүүлсэн байна” гэсэн дүгнэлт гаргасан байна .

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч “А” ХХК-ийг хариуцагч А аймгийн Татварын хэлтсээс 2016 онд төсөвт байгууллагын унд ахуйд 186.325м3/жил ус ашигласан гэж үзэж усны нөөц ашигласны төлбөрт  17.965.456 төгрөгийг суутган авсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тус компани нь 2016 онд төсөвт байгууллагын унд ахуйд 186.325м3/жил ус нийлүүлэхээс 157.045.9м3/жил ус нийлүүлсэн болох нь тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хувь, хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг тооцон суутгах нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн 17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох /29.280м3/жил*96.42төг/=2.823.100 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдсэн 15.142.356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

III. Нэхэмжлэгчээс шүүхэд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч “А” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны Архангай аймаг дахь салбарын 180000280976 тоот дансанд тэмдэгтийн хураамжид 247.800 төгрөг төлжээ .

Нэхэмжлэгчээс захиргааны байгууллагын үйл ажиллагаа буюу захиргааны акттай  холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. “... түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж заасны дагуу 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлүүлэх зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.800 төгрөгнөөс 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 177.600 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэв. 

Түүнчлэн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Орон нутгийн өмчит “У” ХХК-ийн оноосон нэрийн өөрчлөлт, улсын бүртгэлийн гэрчилгээг нөхөн авах тухай” 03  дугаар тогтоолоор “У” ХХК-ийн нэрийг “А” ХХК болгон өөрчилсөн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.13, 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27., 31 дүгээр зүйлийн 31.1., Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1., Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас А аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 01 дүгээр  сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот данснаас 17.965.456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас А аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “17.965.456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас 2.823.100 /хоёр сая найман зуун хорин гурван мянга нэг зуу/ төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдсэн 15.142.356 /арван таван сая нэг зуун дөчин хоёр мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.800 /хоёр зуун дөчин долоон мянга найман зуу/ төгрөгнөөс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 177.600 /нэг зуун далан долоон мянга зураан зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.