Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 739

 

О.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00117 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг,

Хариуцагч О.Зоригтхүүд холбогдох,

 

О.Зоригтхүүгийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

О.Зоригтхүүг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотод байрлах 76 м.кв талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг,

Хариуцагч О.Зоригтхүү, түүний өмгөөлөгч Г.Баттогтох,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг миний үл хөдлөх эд хөрөнгө болох 4*7 хэмжээтэй байшинг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн бөгөөд үнийн дүн тодорхой бус, үл хөдлөх хөрөнгөө тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр үнэлэхэд 25 000 000 төгрөг болно. Хариуцагч О.Зоригтхүү мөн ийм хэмжээтэй байшин байсныг эвдээд шатаасан болно. Тус хашаан дотор 3 ширхэг байшин байдаг бөгөөд бид нураасан байшингийн тухайд эвлэрч шүүхийн шийдвэр гарч байсан ч хариуцагч нь 2015 оны 02 дутаар сарын 09-ний өдрийн 1030 дугаар шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн өнөөг хүртэл биелүүлээгүй болно. Үл хөдлөх хөрөнгө болох байшингаас О.Зоригтхүүг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О. Зоригтхүү миний бие эцэг н.Ордос, ээж н.Баянгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотод жил хамт оршин сууж байсан ба одоог хүртэл эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Аав, ээж 2 минь 1982 оны үерээр хашаа байшингаа үерт алдаж, үерийн хохирлын даатгалаас энэ хашааг авч байсан юм. 1990 онд миний эцэг н.Ордос нь хүнд өвчний улмаас нас барсан. Эх н.Баянгийн хамт амьдарч байгаад 1992 онд эхнэр Б.Оюунчимэгтэй гэр бүл болж одоо О.Эрдэнэцэцэгийн амьдарч байгаа байшинд тусдаа гарсан юм.

Одоо амьдарч байгаа байшин тухайн үед их муудсан байсан, миний өөрийн цалин болон эхнэрийн цалингийн хамтаар байшиндаа засвар хийсэн. Миний бие эхнэрийн хамт ээжээ 1990 оноос асарч хамт амьдарч байгаад сүүлийн 5 жилд биеийн байдал нь эрс муудаж хэвтрийн байдалд эхнэр бид хоёрын асрамжид орсон. Миний ээж н.Баян нь 2005 онд өвчний улмаас нас барсан юм. Миний ээж н.Баян нь нас барахдаа "миний хүү гэр орноо өөд татаж яваарай, эгч, ах, дүү нар чинь бүгд гадаадад байна, байшингаа өөрийн нэр дээр болгоорой, энэ чиний өмч шүү” гэж хэлж байсан. Үүнийг манай эхнэр гэрчилнэ.

Эгч О.Эрдэнэцэцэг нь бид нартай хамт амьдарч байгаагүй бөгөөд Солонгос улсад олон жил амьдарч байгаад Монголд ирсэн хүн. Энэ хүн ирээд гэр оронгүй байсан болохоор миний бие өөрийн амьдарч байсан байшингаа суллаж өгч оруулсан юм. Тэгтэл эгч О.Эрдэнэцэцэг нь энэ байшинд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулж засвар хийгээгүй бөгөөд миний гэр бүлийг хэл амаар доромжилж эхэлсэн. Тус хашаан дотор 3 ширхэг байшин байдаг бөгөөд бид нураасан байшингийн тухайд эвлэрч шүүхийн шийдвэр гарч байсан. Энэ байшин бол миний байшин учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Одоо амьдарч байгаа байшин тухайн үед их муудсан байсан, миний өөрийн цалин болон эхнэрийн цалингийн хамтаар байшиндаа засвар хийсэн. Эгч О.Эрдэнэцэцэг нь бид нартай хамт амьдарч байгаагүй бөгөөд Солонгос улсад олон жил амьдарч байгаад Монголд ирсэн. Энэ хүн ирээд гэр оронгүй байсан болохоор миний бие өөрийн амьдарч байсан байшингаа суллаж өгч оруулсан юм.

Гэтэл эгч О.Эрдэнэцэцэг нь энэ байшинд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулж засвар хийгээгүй. Намайг 2008 онд хууль ёсны өвлөгчөөр Чингэлтэй дүүргийн шүүхээс тогтоож өгсөн. Гэтэл О.Эрдэнэцэцэг нь өвийн асуудлаар шүүхэд хандаж м.кв талбайтай газраас өөрт ногдох хэсгийг хуваан авсан ба миний бие түүнд зөвшөөрөн өгсөн юм. О.Эрдэнэцэцэг нь одоо миний байшинг өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан байна. Миний бие хууль ёсны өвлөгч бөгөөд шүүхээс намайг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд Иргэний хуулийн 515, 518, 520, 531, 532 дугаар зүйлд заасны дагуу эрхээ сэргээлгэж эгч О.Эрдэнэцэцэгийн хууль бус үйлдлийг зогсоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд хуулийн дагуу О.Эрдэнэцэцэгт улсын бүртгэлээс олгосон Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотод байрлах 76 м.кв талбайтай байшингийн өмчлөгчөөр О.Зоригтхүү намайг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Дүү О.Зоригтхүү нь О.Эрдэнэцэцэгийг бусдаас хашаа байшин худалдан аваагүй байхад энэ хашаанд эцэг, эх гэр бүлтэйгээ хамт амьдарч байсан гэж худал нэхэмжлэл гаргасан байна. О.Эрдэнэцэцэг намайг энэ хашааг худалдан авч байхад дүү О.Зоригтхүү нь хүн амины хэргээр зүүн хараагийн чанга дэглэмтэй шоронд ял эдэлж байсан болно. 1982 оноос өнөөг хүртэл О.Эрдэнэцэцэг би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотод амьдарч байна. Дүү О.Зоригтхүү Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-7996 тоот хашаа байшинд өрх тусгаарлаагүй бөгөөд 3 дугаар хорооллын ард байрлах Харанхуй гэдэг газар хашаа байшинд өрх тусгаарлаж байсан.

О.Эрдэнэцэцэг миний амьдарч буй байшинд дүү О.Зоригтхүү нь ямарч засвар хийгээгүй. Үүнийг дүү О.Борхүү гэрчилнэ. О.Эрдэнэцэцэг би өөрөө хашаа байшиндаа жил бүр урсгал засвар хийж өөд нь татдаг билээ. Өнөөг хүртэл би дүү О.Зоригтхүүгийн хашаа байшинд амьдраагүй. Дүү О.Зоригтхүү нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн О.Эрдэнэцэцэг надад оногдох талбай газрыг өгсөн гэж нэхэмжлэлдээ худал бичиж байгаа, өнөөг хүртэл газраа чөлөөлж өгөөгүй.О.Эрдэнэцэцэг би хууль бус үйлдэл огт хийгээгүй бөгөөд дүү О.Зоригтхүүд ногдох газар 26 м.кв хэмжээтэй байшин өгсөн боловч нурааж шатаасан, уг хашааг худалдан авахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Хашаа байшин О.Зоригтхүүгийн эд хөрөнгө биш. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотын 76 м.кв хувийн сууцнаас хариуцагч О.Зоригтхүүг албадан нүүлгэж, О.Зоригтхүүгийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотод байрлах 76 м.кв талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгийн 287 950 төгрөг, хариуцагч О.Зоригтхүүгийн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 217 750 төгрөг, хариуцагч О.Зоригтхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээс хариуцагч О.Зоригтхүүг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-799Б тоотод байрлах 76 м.кв талбайтай байшингийн хууль ёсны өмчлөгч мөн хэмээн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тухайн үед өмчлөлөө өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч урьд нь өмчлөгч байсан хүнтэйгээ цуг ирж өмчлөлөө шилжүүл гэсэн шаардлагыг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас тавьсан ба өмнө нь өмчлөгч байсан хүн олдолгүй өдий хүрсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799Б тоотод байрлах 76 м.кв талбайтай байшинг ээж болох н.Баянгийн өмч байсан ба тухайн өмчийг 6 хүүхэд нь тэнцүү хуваан авах эрхтэй байхад О.Эрдэнэцэцэг нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн гэрчилгээг өөрийн нэр дээр авсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг нь хариуцагч О.Зоригтхүүд холбогдуулан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотод байрлах хувийн сууцыг О.Зоригтхүүгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, уг байрны хууль ёсны өв залгамжлагч гэх үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2202013622 тоот гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримт /хх 7, 97-103/ зэргээс үзвэл Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоотод байршилтай, 76 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх О.Эрдэнэцэцэгт  анхлан бүртгэгдсэн байх бөгөөд хариуцагч О.Зоригтхүүгээс өмчлөгчийн эрхийг баталгаажуулсан тус бүртгэлийг хууль бус гэж маргасан, эрх бүхий этгээдэд хандаж гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иймд О.Эрдэнэцэгийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар  бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

            Хариуцагч О.Зоригтхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уг байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь эх Н.Баянгийн өмч байсан тул түүний хүүхдүүд адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэжээ.

Гэвч хариуцагчийн тайлбарт дурдаж буй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эх Н.Баян өмчлөх эрхтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн Ү-2202013622 тоот бүртгэл хүчин төгөлдөр байх бөгөөд уг бүртгэлийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар буруу ташаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Зоригтхүү өмчлөх эрхтэй гэж тогтоох үндэслэлгүй, хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.  

Анхан шатны шүүх хэргийн дээрх үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өмчлөл, эзэмшилтэй холбоогүй шаардах эрхийн үндэслэлийг тогтоосон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу тул өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрөх маргааны үйл баримттай холбоотой Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалтыг баримтлах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоот хаягт байрлах 76 м.кв  хувийн сууцыг О.Зоригтхүүгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан үндэслэлгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Зоригтхүүгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

А.ОТГОНЦЭЦЭГ