Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П

Нэхэмжлэгч: С.С

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 762 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0444/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.С нь “нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах -аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 762 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-оос, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвдорж анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Шүүх нотлох баримтыг үнэлээгүй.

3.1.1. Арвижих овогтынхон 2007 онд анх газар хууль бусаар эзэмшсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдож байгаа.

3.1.2. Энэ маргаан бүхий газарт анх газар эзэмшил үүссэн нь нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 180 дугаар захирамжаар боксын “Ред”-т Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо спорт клубийн зориулалтаар 0.034 /340 кв.м/ 4 жилийн хугацаатай ашиглуулахыг зөвшөөрсөн.

3.1.3. “Ред”-ыг төлөөлж захирал Д, Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын зохион байгуулагч Р нар нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжийг үндэслэн “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”-г 2002 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4 жилийн хугацаатайгаар байгуулжээ. Гэрээний 5.2-т газар ашиглагчийн өмчлөлд байгаа газраас салгаж болохгүй барилга байгууламж эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэнэ гэж заасан.

3.1.4. Гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад “Ред”-ээс сунгуулах хүсэлт гаргаагүй тул 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх дуусгавар болсон.

3.1.5. “Ред” 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгөө БНСУ-ын иргэн Park-д Барилга худалдах гэрээгээр зарж борлуулсан.

3.1.6. Газар ашиглах гэрээний 5.2-т зааснаар энэ өдөр буюу 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар ашиглах эрх дуусгавар болжээ.

3.1.7. 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНСУ-ын иргэн Park Hung Sung-д уг барилгаа иргэн Б.Бэ-д “Үйлчилгээний байр худалдах худалдан авах” гэрээгээр зарж борлуулж, Б.Бэ уг барилгын зарим хэсэг буюу 305.8 ам метр талбайн өмчлөгч болсон.

3.1.8. “Ред” болон иргэн Б.Бэ нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх зэрэг өөр ямар нэгэн харилцаа үүсээгүй болох нь эдгээр гэрээнүүдээс тодорхой харагдаж байна.

3.1.9. Гэтэл иргэн Б.Бэ нь “Ред”-ийн газрын гэрчилгээний хугацаа дууссан, газар ашиглах гэрээний 5.2-т зааснаар газар ашиглах эрх дуусгавар болсноос хойш 2 жил 10 сарын дараа 2007 оны 11 дүгээр сарын 19-ний захирамж гаргуулахын тулд “Ред”-ийн газрыг иргэн Park-аас өөрийн нэр дээр шилжүүлэн авах болсон тул уг газрыг иргэн Б.Бэ миний нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн өргөдөл, Park-аас газрын эрх шилжүүлж байгаа өргөдлийг Б.Бэ өөрийн гараар монгол хэл дээр бичиж гэсэн Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй баримт бичиг бүрдүүлж газар эзэмших эрх шилжүүлэх 2007 оны 577 дугаар захирамжийг газрын албаны албан тушаалтнуудтай хуйвалдан гаргуулж хууль бусаар газар эзэмшсэн байна.

3.1.10. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжаар Б.Бэ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Ред”-ийн ашиглаж байсан 340 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Өмнөх захирамж нь 2002 оны 180 гэжээ.

3.1.11. “Ред”-ийн газрыг иргэн Park Hung Sung-д өөртөө огт шилжүүлж авч байгаагүй. 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн барилга худалдаж авснаар “Ред”-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон. Иргэн Park-д энэ газар, газрын эзэмшлийн асуудал огт хамаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой юм.

3.1.12. Хуулиараа бол газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлын талаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд энэ хуулийн заалтууд зөрчигдсөн юм. Тухайлбал газар эзэмших эрх шилжүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байхгүй, шилжүүлэхийг хүсэж буй гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус байсан. Тэгээд ч Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх үйл ажиллагаа зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасан тул БНСУ-ын иргэн газар эзэмших эрхгүй, бусдад шилжүүлэх ч эрхгүй нь бүр тодорхой байна.

3.2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 747 дугаар захирамжаар иргэн Б.Бо-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо иргэн Б.Бат-Эрдэнийн эзэмшиж байсан 340 м.кв газрын эзэмших эрхийн нэр шилжүүлж 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Өмнөх захирамж 2007 оны 577 гэжээ. 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Бо-д 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ олгосон.

3.2.1. Иргэн Б.Бэ-ээс иргэн Б.Бо-д газар эзэмших эрх шилжүүлсэн “Газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ” хэрэгт байхгүй.

3.3. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/267 дугаар захирамжаар Б.Бо-д ЧС60121676 Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Үйлчилгээний зориулалтаар 340 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Өмнөх захирамж 2010 оны 747 гэжээ.

3.3.1. 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон иргэн Б.Бо-ын газар эзэмших эрх 5 жилээр олгосон гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа 5 жил дууссан тул иргэн Б.Бо сунгуулах хүсэлт гаргаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших эрх дуусгавар болсон.

3.3.2. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийн 2-т зааснаар иргэн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй тул гэрчилгээг сунгаагүй гэж үзэж байна.

3.3.3. Нийслэлийн Засаг даргын Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж хүчингүй болгосон гэрчилгээг сунгах А/267 дугаар хууль зөрчиж захирамж гаргасан.

3.3.4. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжийн Б.Б-д газар эзэмшүүлэхээр гаргасан холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг бүх бичиг баримт хуулийн дагуу болгож “шударга эзэмшигч” болгож харагдуулахыг оролдсон.

3.3.5. Хууль бус авсан эзэмшлийн газраа зөөгөөд аваачаад нүүх боломжгүй тул 2007-2017 онуудад Арвижих овогт хүүгээс аав,ааваас хүүд гэж нэг гэр бүлийн 3 хүн дамжуулсан захирамжууд гаргуулсан.

3.3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн тайлбартаа “Б.Бо-д 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр жилээр газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын А/747 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлээд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр А/267 дугаар захирамжаар 15 жилээр сунгаж, хүү Б.Б-даа эрх шилжүүлсэн тайлбарыг гаргаснаас үзэхэд Б.Б-ын газрын хувийн хэрэг нь 2010 оноос хойш хэмжээнд үлдээд өмнөх 2007 онд хууль бус газар эзэмших үйл ажиллагааг архивт шилжүүлэн нуун далдалсан нь тодорхой харагдаж байна.

3.3.7. Нэг газар эзэмшигчээс нөгөө эзэмшигчид зориудаар удаа дараа шилжүүлж өмнөх эзэмшигчийн газрын хувийн хэрэг тодорхой хугацааны дараа архивт шилждэг байдлыг ашиглаж анхны газар эзэмшсэн хууль бус байдлыг нуун дарагдуулсан. 2010 оноос өмнөх материал нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр газрын албаны архивт шилжсэн нь хоёрдугаар хавтаст хэргийн 70-101 дүгээр хуудсанд байгаа хэргийн материал дээр тавигдсан архивын тэмдэглэгээ дардас дээр тодорхой байгаа.

3.3.8. Газрыг хууль бусаар үнэгүй хулгайлан авдаг этгээдүүдийн арга заль, схем нь энэ юм байна.

3.3.9. Яагаад хууль бус вэ гэвэл анх газар эзэмшүүлсэн үйл ажиллагаа болон захирамж нь хууль бус байсан тул үүнээс хойш хугацаанд энэ маргаантай газартай холбогдуулан гарсан бүх захирамж, тухайлбал одоогийн газар эзэмшиж байгаа эзэмшил олгож буй захирамж нь хууль бус.

3.3.10. Захирамжууд нь гарахдаа тухайн маргаан бүхий газар дээр эзэмшил олгох, шилжүүлэхээр урд нь гарсан захирамжаа хүчингүй болгож байсныг дурьдах нь зүйтэй. Б.Б-д холбогдох захирамж л хүчин төгөлдөр байгаа.

3.3.11. Иймд энэ нь А/743 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэг хууль бус болох үндэслэл гэж үзэж байна. Мөн 2010 онд Б.Бэ Б.Бо-д газар эзэмших эрх шилжүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байхгүй, 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байхад сунгуулаагүй газар эзэмших эрх дуусгавар болсон байхад 2017 онд хууль бусаар захирамж гаргаж гэрчилгээг сунгасан нь хууль зөрчсөн гэдгийг дурьдаж байна.

3.3.12. Энэ хууль зөрчиж гаргасан захирамжууд нь хууль зөрчиж газрыг анх эзэмшсэн, мөн дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүйг давхар нотолж байгаа баримтууд юм.

3.3.13. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай“ А/915 дугаар захирамжийн 1.1 болон нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийн 2-т зааснаар иргэн Б.Б-аар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлсэн санхүүгийн баримт хэрэгт байхгүй.

3.3.14. Иргэн Б.Б-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа анх газар эзэмшсэн нь хууль нийцсэн үү, дуудлага худалдааны үнэ төлсөн зэрэг асуудлыг хянах ёстой байсан боловч захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүйгээр хүуль бус захирамж гаргасан.

3.3.15. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02-09/1583 тоотоор энэ маргаантай байгаа газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүйг хүлээн зөвшөөрсөн бичиг ирсэн байгаа.

3.3.16. Иргэн С.С нь энэ маргаантай газар дээр байгаа барилгын 1 дүгээр давхарт 32.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны гэрчилгээтэй өмчилдөг.

3.3.17. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ”... шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим“, 4.2.1 дэх хэсэгт зааснаар иргэн С.С-ын газар эзэмшихтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг энэ маргаан бүхий захиргааны акт зөрчсөн байна.

3.3.18. Энэ захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор газар өөрийн өмчлөгч төрдөө буцаж очиж дуудлага худалдаа зарлагдан иргэд тухайлбал тэр газар дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөгч иргэн С.С бусадтай адилхан тэгш эрхтэйгээр дуудлага худалдаанд оролцож өөрийн газар эзэмших эрхийг эдлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Ингэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэж, түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хангагдана.

3.3.19. Ингэж маргаан бүхий газрын хууль бус эзэмшил, хууль бус эрх шилжүүлэлт, газар эзэмших эрхийн хугацаа сунгалт зэрэг захиргааны байгууллагын хууль бус ажиллагааг шүүх өөрийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад архиваас шаардаж авч бичмэл нотлох баримтуудаар илрүүлсэн боловч нотлох баримтуудыг огт үнэлээгүй гэж үзэж байна.

3.3.20. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ”...газар эзэмшигчийн /гуравдагч этгээдийн/ эрхийг маргаан бүхий газар дээр газар эзэмших хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралдаан дээр тайлбарласан үндэслэлээр зөрчих боломжгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэжээ.

3.3.21. Нэхэмжлэгч миний бие газрыг “Уртцагаан үйлчилгээний төв”-ийн эзэмшилд байдаг гэж бодож явтал Б.Бэ нар энэ газрыг газрын албаныхантай хамтран сэм хулгайлж авсан учраас мэдээгүй, тийм учраас газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, гэхдээ тэр маргаантай газар дээр үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч миний хууль ёсны ашиг сонирхол яагаад зөрчигдөөгүй байна гэж.

3.3.22. Шүүх өөрөө шаардаж архиваас авсан дээр дурдсан бичмэл нотлох баримтуудыг огт үнэлсэнгүй.

3.3.23. Шүүх өөрийн гаргасан шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа маргаан бүхий газар дээр Арвижих овогтынхон анх хууль бусаар газар эзэмшсэн., Б.Бэ-ээс Б.Бо-ын газар эзэмших эрхийг сунгасан захирамжууд нь хуульд нийцсэн эсэхэд тайлбар хийгээгүй, зөвхөн Б.Б-ыг “шударга эзэмшигч” болгож харагдуулахаар тайлбар хийжээ.

3.3.24. Шүүх захиргааны байгууллага түүнд газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмшүүлсэн эсэх маргааныг хянах шийдвэрлэхдээ анх яаж газар эзэмшил үүссэн нь хуульд нийцсэн байна уу гэж анхаарах ёстой гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч С.С нь “нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Урт цагаан үйлчилгээний төвийн цахилгааныг таслахад манай үйл ажиллагаа явуулж буй барилга мөн цахилгаангүй болж, улмаар дахин өөр эх үүсвэрээс цахилгаан татах гэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг шаардлагатай болсон. Гэтэл уг барилгын доорх газрыг Б.Б- 2017 онд авсан байсан. Гэхдээ гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх авсан ч үйлчилгээний зориулалтаар гэж гэрчилгээнд тусгагдсан байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй нь буруу” гэж тайлбарлан маргажээ.

4. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/743 дугаар захирамжаар  “нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/267 дугаар захирамжийн иргэн Б.Болдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг Б.Б-д шилжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд заасантай нийцсэн байна.

6. Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмшигч нь хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй. Ингэхдээ талууд хүсэлт гаргах, хүсэлтэд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээдийн зөвшөөрсөн тухай нотолгоо, хураамж төлсөн баримт зэргийг хавсаргахаар заасан.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, маргаан бүхий газрын эзэмших эрхийг иргэн Б.Бо-оос гуравдагч этгээд Б.Б-д шилжүүлсэн, ингэхдээ 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,  газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт, газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, өмнөх эзэмшигч Б.Бо-ын газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт, газар эзэмших эрхийг шилжүүлж авахыг хүссэн Б.Б-ын хүсэлт зэргийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжаар иргэн Б.Бо-ын 340 м.кв газар эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.Б-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчөөгүй байх бөгөөд ийнхүү газар шилжүүлэн эзэмшүүлэхэд гаргасан дээрх хүсэлт, холбогдох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй “маргаан бүхий газар нь анхнаасаа хууль зөрчигдөж олгогдсон, маргаан бүхий газрын газар эзэмших эрх дуусгавар болсон байсан, сунгах хүсэлт гаргаагүй байхад газар эзэмших эрхийг сунгаж эзэмшүүлсэн, Газрын тухай хуульд заасан шаардлага хангаагүй баримт бичгийг бүрдүүлж, газар эзэмших гэрээгүйгээр хууль бус захирамж гаргуулсан, спорт клубийн газрын зориулалтыг өөрчилж үйлчилгээний зориулалттай газар болгосон, 2007 онд газар эзэмших үйл ажиллагаа хууль бус байсан, төрийн өмчийн газрыг хууль бусаар эзэмшилдээ авсан” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

8. Дээрх үйл баримтаас үзэхэд нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ