Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2017/00059

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух, ЙБ62051303 дугаарын регистртэй, Шарнууд овогт Хэнмэдхэвийн Дондог-Аюурын   ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Дондог-Аюур, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Дондог-Аюур нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байх хугацаандаа авсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй байна. Иймд ажиллаж байсан жилүүдийн архивын лавлагаа авсан бөгөөд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсныг  тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Дондог-Аюур нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Дондог-Аюур 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №665 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлөөс Х.Дондог-Аюурт 1981 оны 12 дугаар сарын 01, 1983 оны 03 дугаар сарын 17, 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд шагнасан Баярын бичиг, 1981 оны 12 дугаар сарын 01, 1985 оны 03 дугаар сарын 12, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд олгосон Сайшаалын үнэмлэх, 1982 оны 09 дүгээр сарын 11, 1987 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд олгосон диплом, 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үнэмлэх, гэрч С.Долгорсүрэнгийн “...Би 1978 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчнаар ажиллаж эхлэх үед Х.Дондог-Аюур нь мөн адил тус нэгдэлд саальчнаар ажиллах болсон. Хэдэн сард орсныг нь сайн мэдэхгүй байна. Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл Зөрүүлэгийн бригад, Улаан амын бригад гэсэн хоёр бригадтай байсан бөгөөд Х.Дондог-Аюур бид хоёр “Улаан амны” бригадад хамт саальчнаар ажилладаг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед Х.Дондог-Аюур бид хоёр зэрэг ажлаасаа гарч байсан юм. Х.Дондог-Аюур нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дондогсэрчингийн “...Миний бие 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийн Зөрүүлэгийн бригдад бригадын даргаар ажилласан. Харин Хэнмэдхэв овогтой Дондог-Аюур нь 1978 оноос эхлэн тус нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Хэдэн сард орсныг нь сайн мэдэхгүй байна. Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь Зөрүүлэгийн бригад, Улаан амын бригад гэсэн хоёр бригадтай байсан бөгөөд Х.Дондог-Аюур нь Улаан амны бригадад ажилладаг байсан. Х.Дондог-Аюур нь шагнал уламшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Авч байсан байх. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд Х.Дондог-Аюур нь тэр үед ажлаасаа гарсан. Х.Дондог-Аюур нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхийн шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Шарнууд овогт Хэнмэдхэвийн Дондог-Аюурыг 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Х.Дондог-Аюур нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Хэнмэдхэвийн Дондог-Аюурыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Х.Дондог-Аюур нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА