| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0177/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/177 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч С.Б-О
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох 2025000740186 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Уургач овогт Дашдондогийн Д.Г, Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин, “Залуус хотхонд” кранчин ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгайн 15-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЙР83073095/
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Дашдондогийн Д.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний 15 цагийн үед 32-05 УНУ улсын дугаартай КIA Ргontier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт үйл ажиллагаа явуулдаг Халуун усны баруун талын засмал зам дээр явж байсан явган зорчигч 9 настай, эрэгтэй, О.Б /ГА10230559/-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн
гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч О.Бы хууль ёсны төлөөлөгч А.Отгонбаяр “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13-р хуудас/
2. Насанд хүрээгүй хохирогч О.Бы “2020 оны 01 сарын 21-ний өдөр өглөө хичээлдээ суугаад 12 цаг өнгөрөөд гэрлүүгээ явсан. 14 цаг өнгөрч байхад манай Мөрөнсайхан давтлагатай гээд сургууль руугаа явсан. Тэгээд би ганцаараа үлдсэн. Гэрийн даалгавраа хийх гэтэл сургуулиасаа гэрийн даалгавраа аваагүй байсан ба сургууль руугаа очиж даалгавраа авах гээд гэрээсээ гараад гудамжнаасаа урагшаа сургуулийн урдуур явсан хар замаар эгч урагшаа гарсан. Тэгээд баруун сургууль чиглэл рүү замын урд талын явган хүний замаар явж байгаад буцаад замынхаа хойшоо гарч байхад ачааны машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд юу болсноо сайн мэдэхгүй байна. Би зам хөндлөн гарахдаа 2 тийшээ харахад ойртон ирж байгаа машин байхгүй байсан тэгээд шууд зам хөндлөн гүйгээд гарах гэтэл намайг машин ирээд мөргөсөн. Тухайн үед би ганцаараа явж байсан. Мөр цээж толгой өвдөж байгаа. Шөнө унтахдаа амьсгаадна. Мөн шүд өвдөөд шүдний эмчилгээ хийлгэж байгаа ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/
3. Гэрч Н.Э-лийн “2020 оны 01 сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байхад миний бие Их залуу багийн урдуур явдаг замаар машинтай баруунаас зүүн тийш городруу явж байхад Шанд багт үйл ажиллагаа явуулдаг халуун усны баруун талд 32-05 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийн зам дээр зогсчихсон уг тээврийн хэрэгслийн баруун урд талын тэнхлэгний доогуур ухаангүй хүүхэд хэвтэж байсан жолооч нь машинаасаа буугаад ирчихсэн уйлаад утсаар яриад байж байхаар нь би хамт явж байсан Мөнгөн ахтай цуг хүүхдийг машин доороос гаргаад Мөнгөн ах уг хүүхдэд анхны тусламж хиймэл амьсгаа хийхэд хүүхэд амьсгалж эхэлж ухаан орсон. Тэгээд би цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Хамт нэг хүүхэд байсан тэр хүүхэд нь гүйгээд явчихсан гэж осол гаргасан жолооч надад хэлсэн. Тухайн үед ганцаараа байсан. Би дугаарыг нь сайн мэдэхүй байна сураглаад эргээд хэлье. Ямар ч байсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн түргэний жолоочоор ажилладаг ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
4. Гэрч А.О-рын “2020 оны 01 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад 17 цагийн үед миний гар утасруу Орхон аймгийн Цагдаагийн газраас ярьж байна танай хүү О.Б БОЭТ-д зам тээврийн осолд орж хүргэгдэн ирсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би Булган аймгийн Баян-Агт сумаас гараад Орхон аймагт орой 20 цагийн үед ирээд БОЭТ-д ирхэд манай хүү О.Б ухаангүй, гадна нүүрэн хэсэгтээ гэмтэлтэй байсан. Би хүүгээсээ асуухад манай хүү надад юм хэлээгүй биеийн байдал хүнд асуусан асуултанд толгойгоороо дохиж хариулж байгаа. Мэдүүлэг өгөх чадваргүй байна. Манай гэр Булган аймгийн Баян-Агт суманд байдаг би хөдөө малаа маллаад байж байдаг эхнэр хүүхдүүд маань Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу Шандын 13-76 тоотод оршин суудаг. Их залуу багийн 15-р сургуульд сурдаг. Хичээл нь өглөөний ээлжинд ордог. Яг ямар учраас тэнд явж байсныг сайн мэдэхгүй. Тухайн өдөр 13 цагийн үед би хүүрүүгээ залгахад гэртээ 2 эгчтэй цугтаа байна гэж ярьж байсан. О.Бтай цугтаа байсан Б, М нараас асуухад дүүгээ ганцааранг нь гэртээ үлдээгээд 15 цагаас өмнө давтлагандаа явсан гэж хэлсэн. Хөл дээрээ гишгэж чадахгүй хэвтрийн дэглэмтэй, зүүн эгэм хугарсан, цээж өвдөнө, толгой нь эргэнэ босох гээд өндийхөөр огиод байгаа ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
5. Орхон аймаг дахь шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн №142 дугаартай “О.Бы биед гэмтэл тогтоогдлоо. О.Бы биед зүүн эгэмний ясны далд хугарал, баруун уушигны дээд, дунд, доод дэлбэнгүүдийн зарим нэг сегментийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд хатуу хальсны доорх /1.6х0.4 см хэмжээтэй/ цусан хураа, тархины эдийн няцрал, нүүрэнд зулгарсан шарх, доод баруун хоёр шүдний ганхалт, дээд зүүн нэг шүдний хугарал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Зүүн эгэмний ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №477 дугаартай “Хохирогч О.Бы биед зүүн эгэмний ясны далд хугарал, баруун уушигны дээд, дунд, доод дэлбэнгүүдийн зарим нэг сегментийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд хатуу хальсны доорх /1.6х0.4 см хэмжээтэй/ цусан хураа, тархины эдийн няцрал, нүүрэнд зулгарсан шарх, доод баруун хоёр шүдний ганхалт, дээд зүүн нэг шүдний хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. О.Бы биед эмнэлгийн баримт бичгээр тогтоогдсон баруун уушгины дээд, доод, дунд дэлбэнгүүдийн зарим нэг сементийн няцрал мөн тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай дэлбэнд хатуу хальсны доор /1.6х0.4 см хэмжээтэй/ цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. О.Бы биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. О.Бы биед учирсан зүүн эгэмний ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргэ тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. О.Бы биед учирсан гэмтэл нь гоо сайхан,хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 142 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 95-99-р хуудас/
7. Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №16 дугаартай “KIA FRONTIER маркийн 32-05 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч 9 наснай О.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” Мөн дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь KIA FRONTIER маркийн 32-05 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт, Явган зорчигч 9 настай О.Бы асран хамгаалагч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 35-36-р хуудас/
8. Авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06 өдрийн №03 дугаартай “32-05 УНУ улсын дугаартай KIA FRONTIER маркийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахад гэрэлтүүлэх хэрэгсэл, их гэрлийн тохиргоо, ерөнхий өнгө үзэмж стандарт шаардлага хангахгүй байна. Уг эвдрэл нь зам тээврийн ослын өмнө буюу дараа үүссэнийг тогтоох боломжгүй болно. Дээр дурдагдсан эвдрэлүүдийг засаж, техникийн хяналтын үзлэгт дахин хамрагдаж стандартын дагуу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулсаны дараа замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Гт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 32-05 УНУ улсын дугаартай, KIA FRONTIER маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багт үйл ажиллагаа явуулдаг Халуун усны баруун талын засмал зам дээр явж байсан явган зорчигч О.Бы мөргөсний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмч нарын дүгнэлт, замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн мөн түүнээс гадна цаашид гарах зардлыг талууд ярилцсаны дүнд 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Ийм хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Насанд хүрээгүй хохирогч О.Бы “Би баруун тийшээ сургууль чиглэл рүү замын урд талын явган хүний замаар явж байгаад буцаад замынхаа хойшоо гарч байхад ачааны машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд юу болсноо сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Энхгэрэлийн “2020 оны 01 сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байхад миний бие Их залуу багийн урдуур явдаг замаар машинтай баруунаас зүүн тийш городруу явж байхад Шанд багт үйл ажиллагаа явуулдаг халуун усны баруун талд 32-05 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийн зам дээр зогсчихсон уг тээврийн хэрэгслийн баруун урд талын тэнхлэгний доогуур ухаангүй хүүхэд хэвтэж байсан жолооч нь машинаасаа буугаад ирчихсэн уйлаад утсаар яриад байж байхаар нь би хамт явж байсан Мөнгөн ахтай цуг хүүхдийг машин доороос гаргаад Мөнгөн ах уг хүүхдэд анхны тусламж хиймэл амьсгаа хийхэд хүүхэд амьсгалж эхэлж ухаан орсон” гэсэн мэдүүлэг, гэрч А.О-рын “2020 оны 01 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад 17 цагийн үед миний гар утасруу Орхон аймгийн Цагдаагийн газраас ярьж байна танай хүү О.Б БОЭТ-д зам тээврийн осолд орж хүргэгдэн ирсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би Булган аймгийн Баян-Агт сумаас гараад Орхон аймагт орой 20 цагийн үед ирээд БОЭТ-д ирэхэд манай хүү О.Б ухаангүй, гадна нүүрэн хэсэгтээ гэмтэлтэй байсан” гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн №142, 477 дугаартай дүгнэлтүүд, Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч А/д Э.Өлзийсүрэнгийн №16 дугаартай дүгнэлт, Авто тээврийн төвийн Шинжээчийн №03 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Дашдондогийн Д.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний 15 цагийн үед 32-05 УНУ улсын дугаартай КIA Ргontier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт үйл ажиллагаа явуулдаг Халуун усны баруун талын засмал зам дээр явж байсан явган зорчигч 9 настай, эрэгтэй, О.Б -ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн 2025000740186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.Энхтүвшин нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС