Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2017/00060

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 4 дүгээр багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, 49 настай, Боржигон овгийн Очирын Эрдэнэчимэгийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Би 1988 оны 04 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчин, саальчнаар 1991 оныг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1988.04.01-ний өдрөөс 1991 оныг дуустал Батзам нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.....” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь 1988 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай Архивын лавлагаа, 1988, 1991 оны хөдөлмөрийн дэвтрүүд, гэрч Ж.Сүхээ, Г.Дондогсэрчин нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Очирын Эрдэнэчимэгийг 1988 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН