Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/192

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 2025000000180 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 10- ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 23-24 тоот хашаанд Б.Аыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Аын “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би цуг ажилладаг П, Н, Ц нартай цуг нэг том пиво хувааж уусан. Тэгээд П-гийн гэрт очсон чинь Б.Т байсан. П-гийн хашаа, усан сан хоёрын дунд Б.Т намайг заамдаж газар унагаагаад миний дээрээс өшиглөж нүдсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 6-р хуудас/

 

2. Гэрч Б.П-жийн “  2020   оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Т манай гэрт ирээд архи ууж байгаад гараад явсан. Тэр орой Б.Т ганцаараа манай        гэрт орж ирсэн ба би Б.Тг манай гэрт хоноод яв, гадаа харанхуй болчихсон байна гэж хэлсэн. Удалгүй гаднаас Амараа 23 цаг өнгөрч байхад ганцаараа, архи уучихсан орж ирээд шууд Б.Тг чи хэн бэ гэж хэлээд агсан тавьсан. Тэгээд Б.Т, А хоёр хоорондоо маргалдаад хашаан дотор зодолдохоор болоод гарсан. Би гэрээс гараад салгасан. Амараа, Б.Т нар хоорондоо зодолдсон, хашаанаас гаргасны дараа дахиад зодолдсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисоныг сайн хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-н 8-р хуудас/

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 352 дугаартай “Б.Аын биед дээд урууланд шарх, баруун нүдний зовхи, шанаа, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, шанаа, баруун нүдний алимны салст, баруун ташаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, нуруунд зулгаралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээд урууланд шарх, баруун нүдний зовхи, шанаа, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, шанаа, баруун нүдний алимны салст, баруун ташаанд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 14-15-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 23-24 тоотод хашаанд Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Аын мэдүүлэг, гэрч Б.П-жийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан хохирогчийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Аын “П-гийн гэрт очсон чинь Б.Т байсан. Пү-гийн хашаа, усан сан хоёрын дунд Б.Т намайг заандаж газар унагаагаад миний дээрээс өшиглөж нүдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.П-гийн “гаднаас Амараа 23 цаг өнгөрч байхад ганцаараа, архи уучихсан орж ирээд шууд Б.Тг чи хэн бэ гэж хэлээд агсан тавьсан. Тэгээд Б.Т, А хоёр хоорондоо маргалдаад хашаан дотор зодолдохоор болоод гарсан. Би гэрээс гараад салгасан. А, Б.Т нар хоорондоо зодолдсон, хашаанаас гаргасны дараа дахиад зодолдсон эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 23-24 тоот хашаанд Б.Аыг зодож дээд урууланд шарх, баруун нүдний зовхи, шанаа, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, шанаа, баруун нүдний алимны салст, баруун ташаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС