Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2017/00064/И |
Дугаар | 146/ШШ2017/00061 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 146/ШШ2017/00061
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1943 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 74 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багт оршин суух, ЙБ43050113 дугаарын регистртэй, Тойн овогт Аюулгүйн Дэмбэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Авирмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Дэмбэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Аюулгүйн Дэмбэрэл миний бие 1981 оны 08 дугаар сараас 1992 оны 06 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Гэвч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн билээ. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж 1981 оны 08 дугаар сараас 1992 оны 06 сар хүртэл ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Авирмэдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав А.Дэмбэрэл нь 1981 оны 08 дугаар сараас 1992 оны 06 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хоньчноор 32 жил ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан хугацаа нь тооцогдохгүй байна. Иймд дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Дэмбэрэл нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1981 оны 08 дугаар сараас 1992 оны 06 сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Дэмбэрэл 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: А.Дэмбэрэлийн 1981 оны 8 сараас 1992 оны 06 сар хүртэл хөдөлмөрийн хөлсний бичилттэй Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №53 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №10 дугаартай “Болзол дүгнэх” тухай протокол, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №03 дугаартай протокол, гэрч Г.Дондогсэрчингийн “...Миний бие 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн Зөрүүлэгийн бригдад бригадын даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд Аюулгүй овогтой Дэмбэрэл нь намайг ажилд орох үед тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Яг хэдэн онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл Зөрүүлэгийн бригад, Улаан амын бригад гэсэн хоёр бригадтай байсан бөгөөд А.Дэмбэрэл нь Улаан амны бригадад ажилладаг байсан. Ажиллаж байх хугацаандаа А.Дэмбэрэл нь Өвөрхангай аймгийн аврага малчин болж байсан. Би чинь бригадын даргаар ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд А.Дэмбэрэл нь тэр үед ажлаасаа гарсан бөгөөд одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багт оршин суудаг ба 80 гаран настай хүн байгаа юм. Том охин Д.Дашням нь асран хамгаалагчаар байдаг юм. А.Дэмбэрэл нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1976 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Тойн овогт Аюулгүйн Дэмбэрэлийг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тойн овогт Аюулгүйн Дэмбэрэлийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сар хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Дэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА