| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0175/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/194 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Г.Б-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-Эд холбогдох эрүүгийн 2025001980138 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Б-Э нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүй У.Гантөгстэй бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн Номин худалдааны төвийн гадаа иргэн Б.Мын толгой тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-Э-ийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.М-ын “Би 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ гараад Город ороод 6-14 дүгээр байрны хойд талын зогсоол дээр таксинаас буугаад 5 дугаар сургуулийн орчим найзтайгаа уулзах гээд “Мэнд-Амар” худалдааны төвийн баруун талд явж байтал замын хажууд саарал өнгийн приус маркийн машин ирж зогсоод миний зүс таних Гантөгс хочийг нь Отгоо гэж дууддаг банди нэг залуутай бууж ирээд намайг нүдний шилээ авдаа гэхээр нь би шилээ авсан чинь Гантөгс миний зүүн хацар орчим 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон чинь хажуу талд нь зогсож байсан залуу /Г.Б-Э/ барьж байсан пивоо над руу цацахаар нь би хойшоо ухарсан чинь миний зүүн талын хацар луу цохисон. Тэгэхээр нь би тэр залууг эргүүлээд цохисон чинь Гантөгс хажуу талаас нүүр лүү цохиод миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо суусан чинь Гантөгс, Г.Б-Э гэх залуу 2 хоёулаа нийлж байгаад миний нүүр лүү өшиглөөд байсан. Би босоод ирсэн чинь хамар болон хөмсөгнөөс цус гарсан байсан. Би тэр 2-ийг араас нь дуудсан чинь тэр чигтээ машиндаа суугаад яваад өгсөн. Тэгэхээр нь би найзыгаа дуудаад эмийн сангаас боолт авч цусаа арилгачихаад эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7-р хуудас/
2. Гэрч Э.С-үний “Би 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал манай найз Г.Б-Э над руу залгаад хүрээд ирээч миний машиныг бариад өгөөч гэхээр нь Шанд багт очиж Г.Болд-Эрдэнийг аваад горд руу гэрлүүгээ орох гээд явж байтал 6-14 дүгээр байрны хойд талын буудал дээр Г.Б- Э-ний таньдаг Гантөгс гэх хүүхэд зогсож байсан чинь Г.Б-Э суу гээд суулгасан. Ингээд “Мэнд-Амар” худалдааны төвийн баруун талаар эргэтэл Г араас зогсож байгаарай гэхээр нь би зогссон чинь Г, Г.Б-Э 2 буугаад явсан ба замын хажуу талаар явж байсан залуу дээр очоод Гантөгс маскыг нь доошлуудаад мөн байна гээд Г 2 удаа алгадаж харагдсан. Гэтэл Г.Б-Э нэг удаа цохиж харагдсан. Энэ үед араас машин сигналдаад байхаар нь би машинаа зогсоол дээр тавих гээд явж байтал араас Г.Б-Э, Гантөгс нар ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
3. Гэрч Б.Н-гийн “Б.М Улаанбаатар хот руу явсан. Ажил төрөлтэй болохоор явахгүй бол болохгүй байна. Миний дүү Б.Мыг зодсон гэх Г.Б-Э, Г нар эмчилгээний зардал нийт 1.700.000 төгрөгийг миний хажууд өгч хохирлыг нь барагдуулсан. Дүү маань одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлээд Улаанбаатар хот руу явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 290 дугаартай “Б.Мын биед зүүн нүдний ухархай дотор хананы хугарал, хамарын ясны хугарал, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, зүүн нүдний зовхи, хацар, хамар хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2020.03.12-ны өдөр үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Бүгд шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 15-17-р хуудас/
5. Яллагдагч Г.Б-Э-ний “2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Мэнд-Амар худалдааны төвийн баруун талаар 5-7 дугаар байрны хажуу талаар эргэтэл Гантөгс замаар явж байсан залууг хараад энэ намайг РС тоглоомын газар дээрэлхээд байсан ах байна зогсоодохооч би уулзаадхья гэхээр нь би Содоог зогсоосон. Тэгээд Гантөгс бид хоёр буусан ба Г уг залуу дээр очоод маскыг нь доошлуулж байгаад 2 удаа алгадсан. Би салгах гэтэл Б.М гэх залуу намайг цохиод авахаар нь би эргүүлээд зүүн хөмсөг хэсэг рүү нь цохисон. Гэтэл Б.М хөмсөгнөөс нь цус гараад доошоо суусан ба Гнүүр лүү нь 2-3 удаа нилээд хүчтэй өшиглөсөн. Эргээд харсан чинь Б.М гэх залуугийн нүүр болон хамарнаас нь цус гарчихсан Г-сийг дуудаад ахын дүү яаж байгаан гээд алхаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б-Э нь өсвөр насны яллагдагч Гантөгстэй бүлэглэж 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ иргэн Б.М-рын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэг авагдсан хохирогч Б.Мын мэдүүлэг, гэрч Э.С, Б.Н, шинжээчийн дүгнэлт, Г.Б-Э-нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч хохирогч 1 800 000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүхээс шүүгдэгч Г.Б-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.Б-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Мын “Би “Мэнд-Амар” худалдааны төвийн баруун талд явж байтал замын хажууд саарал өнгийн приус маркийн машин ирж зогсоод миний зүс таних Гантөгс хочийг нь Отгоо гэж дууддаг банди нэг залуутай бууж ирээд намайг нүдний шилээ авдаа гэхээр нь би шилээ авсан чинь Гантөгс миний зүүн хацар орчим 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон чинь хажуу талд нь зогсож байсан залуу /Г.Б-Э/ барьж байсан пивоо над руу цацахаар нь би хойшоо ухарсан чинь миний зүүн талын хацар луу цохисон. Тэгэхээр нь би тэр залууг эргүүлээд цохисон чинь Гантөгс хажуу талаас нүүр лүү цохиод миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо суусан чинь Гантөгс, Г.Б-Э гэх залуу 2 хоёулаа нийлж байгаад миний нүүр лүү өшиглөөд байсан. Би босоод ирсэн чинь хамар болон хөмсөгнөөс цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Содбилгүүний ““Мэнд-Амар” худалдааны төвийн баруун талаар эргэтэл Гантөгс араас зогсож байгаарай гэхээр нь би зогссон чинь Гантөгс, Г.Б-Э 2 буугаад явсан ба замын хажуу талаар явж байсан залуу дээр очоод Гантөгс маскыг нь доошлуудаад мөн байна гээд Гантөгс 2 удаа алгадаж харагдсан. Гэтэл Г.Б-Э нэг удаа цохиж харагдсан. Энэ үед араас машин сигналдаад байхаар нь би машинаа зогсоол дээр тавих гээд явж байтал араас Г.Б-Э, Г нар ирсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Нарантуяагийн “Миний дүү Б.Мыг зодсон гэх Г.Б-Э, Гантөгс нар эмчилгээний зардал нийт 1.700.000 төгрөгийг миний хажууд өгч хохирлыг нь барагдуулсан. Дүү маань одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлээд Улаанбаатар хот руу явсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 290 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б-Э нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүй У.Гантөгстэй бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн Номин худалдааны төвийн гадаа иргэн Б.М-ын толгой тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б-Э-нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-Э-нийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Г Б-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Э-нийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Эд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС