Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2017/00062

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух, ЙО62051803 дугаарын регистртэй, Бээл овогт Цэдэвийн Эрдэнэбатын  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар 1989 оныг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд миний 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: 1978 оны 8 сараас 1990 он хүртэлх хөдөлмөрийн хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №699 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч Ц.Эрдэнэчимэгийн “...Ц.Эрдэнэбат нь миний төрсөн дүү байгаа юм. Бид хоёр нэг нэгдэлд ажилладаг байсан болохоор сайн мэдэж байна. Би 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Харин манай дүү болох Ц.Эрдэнэбат нь 1977 оноос эхлэн тус нэгдэлд малчнаар ажиллах болсон. Ерөнхийдөө дүү бид хоёр нэг дор ажилладаг байсан. Хэдэн сард орсныг нь сайн мэдэхгүй байна. Ихэвчлэн малчнаар ажилладаг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байгаагүй. Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэл 3 бригадтай байсан бөгөөд дүү бид хоёр 3 дугаар бригадад хамт ажилладаг байсан. Ц.Эрдэнэбат нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлээс 1989 оныг дуустал ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Миний дүү Ц.Эрдэнэбат нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1977 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц..Адъяабандийн “...Би тухайн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд Ц.Эрдэнэбат нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажилладаг байсан. Хэдэн онд Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд ажиллаж эхэлсэн талаар сайн мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэл 3 бригадтай байсан бөгөөд Ц.Эрдэнэбат нь 3 дугаар бригадад ажилладаг байсан. Ц.Эрдэнэбатыг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлээс хэдэн онд ажлаасаа гарсан талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ажиллаж байсан. Ц.Эрдэнэбат нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн “Баарын асгат” гэх газар малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох шүүхийн шийдвэр, архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Бээл овогт Цэдэвийн Эрдэнэбатыг 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бээл овогт Цэдэвийн Эрдэнэбатыг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА