Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2017/00063

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багт оршин суух, ЙБ82122049 дугаарын регистртэй, Гаанжууржав овогт Баатарын Эрдэнэдолгорын  

“эцэг С.Энхбаатарын ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэдолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдолгор нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэргээ овогтой Энхбаатар миний аав Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жил нь тооцогдохгүй байна. Аав минь 2008 онд нас барсан. Миний дүү Э.Гомбожав нь нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа бөгөөд аавын маань ажилласан жил нь тооцогдохгүйн улмаас тэтгэвэр нь зогсоход хүрээд байна. Иймээс миний аав С.Энхбаатарыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдолгор нь эцэг С.Энхбаатарыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар С.Энхбаатар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №92 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн бүх гишүүдийн 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дэг,  гэрч Г.Дондогсэрчингийн “...Миний бие 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн Зөрүүлэгийн бригдад бригадын даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд Сэргээ овогтой Энхбаатар нь 1983 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хэдэн сард ажилд орсныг нь сайн санахгүй байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл Зөрүүлэгийн бригад, Улаан амын бригад гэсэн хоёр бригадтай байсан бөгөөд С.Энхбаатар нь Улаан амны бригадад сувай хонь малладаг байсан. Улаан амны бригадад ажиллаж байх хугацаандаа С.Энхбаатар нь Өвөрхангай аймгийн аврага малчин болж байсан. Энэ талаар яаж мэдэж байна вэ гэхээр би чинь бригадын даргаар ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна. Сайн малчин байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед ажлаасаа гарсан. С.Энхбаатар нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан бөгөөд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Дэлгэрийн “...Би 1980 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд С.Энхбаатар намайг ажилд орсноос хойш буюу 1983 онд цэргээс халагдаж ирээд малчнаар ажиллах болсон. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл Зөрүүлэгийн бригад, Улаан амын бригад гэсэн хоёр бригадтай байсан. С.Энхбаатар нь Улаан амны бригадад сувай хонь малладаг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед С.Энхбаатар нь ажлаасаа гарсан. С.Энхбаатар нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан бөгөөд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын талийгаач С.Энхбаатартай хамт ажиллаж байсныг нотлох архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

С.Энхбаатар нь 2008 оны 09 дүгээр сарын 17-нд нас барсан нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иймд  Гаанжууржав овогт Сэргээгийн Энхбаатарыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гаанжууржав овогт Сэргээгийн Энхбаатарыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэдолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА