Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/200

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Б.О-Э

Хохирогчийн өмгөөлөгч М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч холбогдох эрүүгийн 2025002380218 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овооотын 17-18 тоотод эхнэр Б.Бг мориороо дайрч унаган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ “Би архи уудаггүй. Ганц хоёр хундага уухаараа согтчихдог юм. Тэр өдөр архи уугаагүй. Эхнэр хадамтайгаа маргалдсан. Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч М.Бумаа мэдүүлэхдээ “ Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй гэж дамжуулсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Бгийн “Араас нь бид нар гартал Ч.Ч морин дээрээ мордсон байсан. Бид нарыг мориороо элдэж хөөсөн. Ээжийг нэг удаа газар унагаасан намайг хоёр удаа унагаасан. Тэгээд давхиад явсан. Эдгээр гэмтлийг миний биед нөхөр болох Ч.Ч нь мориор элдэн хөөж газар унагаж миний зүүн гуяны ар хэсэгт морь нь гишгэж учруулсан. Өмнө нь 2015 онд нэг удаа нүд хөхрүүлж, толгойруу цохиж  байсан. 2019 оны 04 дүгээр сард намайг гараараа миний ар нуруу хэсэгт цохиж хөнгөн гэмтэл учруулж шүүхээр орж торгуулж байсан. Өөр гэмтэл учиртал цохиж зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/

 

2. Гэрч Б.Ц-гийн “Ч.Ч бид нарыг бүгдийг нь мориор хөөсөн Б.Бг хоёр удаа мориор дайрч унагаасан. Тэгээд над руу чиглээд ирэхээр нь би хажууд овоолсон байсан хогон дээрээс цаасан хайрцаг аваад морьлуу нь шидэж үргээсэн. Морио унаж байгаад мориороо дайрч газарт унагаасан. Б.Бгийн зүүн хөлийн ар хэсэгт гуян дээр нь морь гишгэсэн байсан. Гар хөл нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16-р хуудас/

 

3. Гэрч Г.Т-рын “Ч.Ч морин дээрээ мордоод Б.Б, ээж Б.Ц нарыг элдэж хөөгөөд Б.Бг мориороо дайрч хоёр удаа унагаасан. Хадам ээжийг нэг удаа газар унагаасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

4. Гэрч Ж.У-ны “Ч.Чын зан байдал их хартай, хэрцгий зантай Б.Б төлөв даруу үг цөөтэй. Миний мэдэхээр 2014 онд нүүр ам нь хавдсан зодуулсан байсан. 2019 онд бас зодож шүүхээр орж байсан. Одоо 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр мориор дайрч биед нь гэмтэл учруулсан. Ч.Ч нь архи уухаараа их зэрлэг, эвгүй яриатай, харц нь хүртэл ширүүн болсон байдаг” гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 14-р хуудас/

5. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 329 дугаартай “Б.Бгийн биед баруун гарын шуу, зүүн гуяны ард, урд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуй, баруун гарын шуу, зүүн гуяны ар хэсэгт зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүдийн баруун гарын шуу, зүүн гуяны ард, урд хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/

6. Шүүгдэгч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би эхнэр Б.Бг мориор дайрч гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2019 онд Б.Бгийн биед хөнгөн гэмтэл учруулж шүүхээр орж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Ч нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Яргуйт багийн овоотын 17-18 тоотод эхнэр Б.Бг мориороо дайрч унагаан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б, гэрч Б.Ц, Г.Т, Ж.У нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг, шүүхийн хэлэлцэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Чыг гэр бүлийн хүчирийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Шүүгдэгч Ч.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  900 нэгжтэй хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Б “Хохирогчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгдэгчийн эхнэр нь байгаа. Энэ 2 дундаасаа өсвөр насны хүүхэдтэй. Хохирогч нь энэ хүн цаашид уур уцаараа барьж хүлээцтэй хандаж, 2 хүүхдийнхээ сайн эцэг нь байж үлгэр дурайлал үзүүлээрэй гэж хэлүүлсэн байгаа. Хохирол гомдолгүй гэж дамжуулсан.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч нь хохиррогчийн мориор дайрсан гэдгээ зөвшөөрч байгаа хэдий ч шүүх дараа байхдлыг анхаарч үзнэ үү. Ч.Ч охиндоо чихэр авч өгч охинтойгоо уулзахаар У-нынд очсон байдаг. Тэгж очихдоо хадамж ээж, хадам эгчтэй зодуулаад гэрээс гарч явахад нь эхнэр нь гарч ирээд моринд дайрагдаж хөнгөн хохирол учруулсан байдаг. Улсын яллагчийн 900 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр Ч.Ч нь архи уугаагүй байсан гэдэг нь нотлогдож байгаа. Иймд Ч.Ч 5 хошуу малаас 13 адуу малладаг. 2 хүний хурдан морийг уядаг учраас торгуулийн ялыг бөөнөөр нь төлөх саналтай байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-гийн “Ч.Ч бид нарыг мориороо элдэж хөөсөн. Ээжийг нэг удаа газар унагаасан. Намайг хоёр удаа унагаасан тэгээд давхиад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ц-гийн “Ч.Ч бид нарыг бүгдийг нь мориор хөөсөн. Б.Бг хоёр удаа мориор дайрч унагаасан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Т-рын “Ч.Ч морин дээрээ мордоод Б.Б, ээж Б.Цнарыг элдэж хөөгөөд Б.Бг мориороо дайрч хоёр удаа унагаасан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.У-ны “Ч.Чын зан байдал их хартай, хэрцгий зантай Б.Б төлөв даруу үг цөөтэй. Миний мэдэхээр 2014 онд нүүр ам нь хавдсан зодуулсан байсан. 2019 онд бас зодож шүүхээр орж байсан. Одоо 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр мориор дайрч биед нь гэмтэл учруулсан. Ч.Ч нь архи уухаараа их зэрлэг, эвгүй яриатай, харц нь хүртэл ширүүн болсон байдаг” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 329 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овооотын 17-18 тоотод эхнэр Б.Бг мориороо дайрч унагаан баруун гарын шуу, зүүн гуяны ард, урд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуй, баруун гарын шуу, зүүн гуяны ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ч.Чын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Чыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900 000  /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС