Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2017/00065

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум,  4 дүгээр баг, Шивээт 3-78 тоотод оршин суух Хур тайж овогтой Дамбажанцангийн Жаргалсайханы /РД:ЙС59072515/ хүсэлттэй,

Төрсөн он, сар, өдөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Жаргалсайхан миний бие нь 1958 онд төрсөн. Эрэгтэй тухайн үед төрсний бичиг баримт аваагүй. Паспорт авахдаа 1959 онд төрснөөр авсан юм. Иймд намайг 1958 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү ... Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн гэх газар манай аав, ээж, хоёр хоорондоо үерхэж байх хугацаандаа намайг төрүүлсэн.  Тэгээд өвөө, эмээ дээр намайг үлдээсэн. Тэгээд би өвөөгөөрөө овоглож өвөө эмээгийн гар дээр өсөж том болсон. 1959 онд манайх Өвөрхангай аймгийн Хужирт суманд шилжин ирж, намайг сургуульд суух жилийн дараа жил сургуульд суулгаснаас болж миний төрсөн он өөрчлөгдсөн. Одоо би өөрийнхөө бичиг баримтыг зөв болгох гэж зохих байгууллагуудаар явж байгаад бичиг баримт бүрдүүлэн шүүхэд хандаж байна. Иймд намайг 1958 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрснийг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Жаргалсайхан нь 1958 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Д.Жаргалсайхан нь “...Би 1958 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Манайх 1959  онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд шилжин ирж, намайг сургуульд суух жилийн дараа жил сургуульд суулгаснаас болж миний төрсөн он өөрчлөгдсөн...” гэх тайлбар өгч байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх тайлбар нь нотлогдохгүй байна.

 Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Д.Жаргалсайханы гаргаж өгсөн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 00/000086 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг Дамбажанцан Жаргалсайхан 1958 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эх Ичинхорлоо гэжээ. Гэтэл тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 146/шз2017/00110 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 103/001410 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэр байхгүй, Жаргалсайхан 1958 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эх Идшинхорлоо гэсэн байх ба эдгээр баримтууд нь зөрүүтэй эргэлзээ төрүүлэхүйц байна.

Мөн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/1215 дугаартай албан бичигт иргэн Дамбажанцангийн Жаргалсайхан /ЙС59092515/-д холбогдох баримтыг шалгахад 1982 онд олгосон иргэний паспортын маягт, 1987 оны регистрийн дугаар олгосон маягт, 2001, 2004 онд олгосон иргэний үнэмлэхийн маягт, 2010 оны иргэний шинэчилсэн бүртгэлийн маягтуудад 1959 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ЙС59092515 регистрийн дугаартай Дамбажанцангийн Жаргалсайхан гэж бүртгэгдсэн баримт архивын санд бүртгэлтэй байна. Дамбажанцангийн Жаргалсайханы төрсний бүртгэлийг Өвөрхангай аймгийн Дөлгөөн сумын бүртгэлд төрүүлсэн эх Дамбажанцангийн Ичинхорлоогоор 1958, 1959, 1960 онд шалгахад 1958 оны 09 дүгээр сарын 05-нд төрсөн Идшинхорлоогийн Жаргалсайхан гэх иргэний төрсний бүртгэл байна гэжээ.

Хэдийгээр Боржигин овогтой Дуламын Ганбаатар нь “...Д.Жаргалсайхан нь 1958 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай Зүүнбаян-Улаан сумын “Бунхант” гэх газар төрсөн. Нохой жилтэй. Д.Жаргалсайхан нь өвөө Дамбажанцангаар овоглодог юм. Д.Жаргалсайхан  нь өвөө, эмээгийн гар дээр өссөн. Д.Жаргалсайханы ээжийг Д.Ичинхорлоо гэдэг юм. Д.Жаргалсайхан нь 59 настай. Өвөрхангай аймгийн Хужирт сумандаа оршин суудаг ...”, мөн Тайж овогтой Дамбажанцангийн Ичинхорлоо “...Д.Жаргалсайхан нь 1958 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай Зүүнбаян-Улаан сумын “Бунхант” гэх газар төрсөн. Нохой жилтэй. Д.Жаргалсайхан нь миний эцэг Дамбажанцангаар овоглодог юм. 1967 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд элсэн суралцаж 1977 онд 10 дугаар анги төгссөн. Д.Жаргалсайхан  нь өвөө, эмээгийн гар дээр өссөн. Д.Жаргалсайхан нь одоо 59 настай. Өвөрхангай аймгийн Хужирт сумандаа оршин суудаг...” гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлож чадахгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Хур тайж овогтой Дамбажанцангийн Жаргалсайханы 1958 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                      Б.САРАНТУЯА