| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0149/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/219 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2025001410108 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-35 тоотод иргэн Д.Өын эрүүн тус газарт нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Би тэр Д.Ө гэдэг залууг танихгүй. Б тэр өдөр Д.Ө гэдэг залууг дагуулж 2 шил архитай манайд ирсэн. Бид хэд нийт 4 жил архи уусан. Манай эхнэр, Б, Д.Ө бид дөрөв хамт байхдаа би Д.Ө-тай маргалдсан зүйл байхгүй. Эхнэр хүүхэд маань Б-ныг унаанд суулгаж өгөх гээд гарсан. Тэр хооронд бид хоёр маргалдсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Д.Ө “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8-р хуудас/
2. Хохирогч Б.Д.Өын “2020 оны 2 сарын 14-ний өдөр 13 цагийн үед миний хуурай эгч Туул гэдэг хүний гэрт нөхөр болох Г.Бын найз Батсайхан нарын хамт очсон. Г.Б ах, Б, Т эгч бид нар 0,75 литрийн 2 шил архи хувааж уугаад байж байтал Туул эгчийн нөхөр Г.Б согтуурхаад эхлээд хутга бариад байхаар нь би эхэндээ зугтаахад дараа нь заазуур бариад над руу дайрахад би зугтаж чадалгүй нүүрний эрүүн тус газартаа 1 удаа зүсүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/
3. Гэрч Б.Т-ын “Манай нөхөр Г.Б гаднаас 2 хүнтэй орж ирээд гэрт 2 ширхэг 750 граммын архи авч ирээд уусан. Би өдөр 16 цагийн үед гэрээсээ гарчхаад ирэхэд манайд үлдсэн Өөжгий гэх миний зүс мэдэх залуугийн эрүү нь зүсэгдсэн байдалтай байсан. Түүнийг манай нөхөр Г.Б зүсэж гэмтээсэн юм байна лээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15-р хуудас/
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-гийн 2020 оны 02 дүгээр сарын 18-ны өдрийн 214 дугаартай “...Б.Д.Өын биед эрүүнд шарх үүсчээ. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/
5. Шүүгдэгч Г.Бын “бид нар манайд хоол цай идэж уугаад авч ирсэн архиа ууцгаасан. Б дэлгүүр ороод дахиад 2 шил архи авч ирсэн. Бид нар юм яриад сууж байтал яриан дундаасаа маргалдаж эхэлсэн. Тэгээд Б-ны гэр нь Вокзалд байдаг болохоор явлаа гээд гарахад нь манай эхнэр охин хоёр унаанд суулгаж өгөх гээд хамт гарсан. Тэр хооронд би Д.Ө-тай маргалдаад улмаар гэмтэл учруулсан. Гэхдээ яг юунаас болж маргалдсан болон юугаар яаж гэмтэл учруулсан гэдгийг санахгүй байна. Би нэлээн согтчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 14-35 тоотод буюу өөрийнхөө гэрт иргэн Д.Өын эрүүн тус газарт заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Т-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь ахуйн хүрээний архидалттай холбоотой байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүхээс шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Өын “2020 оны 2 сарын 14-ний өдөр 13 цагийн үед миний хуурай эгч Т гэдэг хүний гэрт нөхөр болох Г.Бын найз Б нарын хамт очсон. Г.Б ах, Б, Т эгч бид нар 0,75 литрийн 2 шил архи хувааж уугаад байж байтал Т эгчийн нөхөр Г.Б согтуурхаад эхлээд хутга бариад байхаар нь би эхэндээ зугтаахад дараа нь заазуур бариад над руу дайрахад би зугтаж чадалгүй нүүрний эрүүн тус газартаа 1 удаа зүсүүлсэн” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Т-лын “Би өдөр 16 цагийн үед гэрээсээ гарчхаад ирэхэд манайд үлдсэн Өөжгий гэх миний зүс мэдэх залуугийн эрүү нь зүсэгдсэн байдалтай байсан. Түүнийг манай нөхөр Г.Б зүсэж гэмтээсэн юм байна лээ” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-гийн 2020 оны 02 дүгээр сарын 18-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 14-35 тоотод согтуугаар иргэн Д.Өын эрүүн тус газарт нь заазуураар зүсэж эрүүнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Д.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ногоон иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС