Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2017/00066

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцат 2-28 тоотод оршин суух, Боржигон овгийн Мөнх-Эрдэнийн Мөнгөндоржид холбогдох 360.000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцат 20-10 тоотод оршин суух, Чонос овгийн Саранчимэгийн Цолмонбаярын нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Цолмонбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Мөнгөндорж надаас 2016 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 360.000 төгрөгтэй тэнцэх хүнсний бараа зээлсэн юм. Гэтэл 1 жил  гарны хугацаа болсон тул иймд миний 360.000 төгрөгийг М.Мөнгөндоржоос гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч М.Мөнгөндорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Мөнх-Эрдэнэ овогтой Мөнгөндорж би нэхэмжлэгч Цолмонбаяраас 360.000 төгрөгийн бараа авсан нь үнэ болно. Иймд 6 сарын 20-нд 360.000 төгрөгийг нь төлж барагдуулна...” гэжээ.

Нэхэмжлэгч С.Цолмонбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Саранчимэг овогтой Цолмонбаяр миний бие Мөнх-Эрдэнэ овогтой Мөнгөндоржийн гаргасан сарын хугацааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор 360.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэжээ.

Хариуцагч М.Мөнгөндорж нь 2017 оны 02 дугаар сарын 16-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Мөнх-Эрдэнэ овогтой Мөнгөндорж би нэхэмжлэгч Цолмонбаярт 03 дугаар сарын 10-ны дотор 360.000 төгрөгийг нь барагдуулж дуусгана...” гэжээ.

Нэхэмжлэгч С.Цолмонбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 16-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Мөнх-Эрдэнэ овогтой Мөнгөндоржоос 2017 оны 03 дугаар сарын 10-нд 360.000 төгрөг авахаар тохирсон тул хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Цолмонбаяр нь хариуцагч М.Мөнгөндоржоос  360.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч М.Мөнгөндорж нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг

тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.Цолмонбаярын нэхэмжлэлийн шаардлага 360.000 төгрөг /гурван зуун жаран мянган төгрөг/-ийг хариуцагч М.Мөнгөндорж нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Мөнгөндоржоос 5725, орон нутгийн төсвийн орлогоос 5725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Цолмонбаярт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА