Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2017/00038/И |
Дугаар | 146/ШШ2017/00067 |
Огноо | 2017-02-20 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 146/ШШ2017/00067
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, “Зөрүүлэг” гэх газар оршин суух, 1979 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Даянч овгийн Тогоодоржийн Пүрэвсүрэнгийн хүсэлттэй,
“Үрчлэлт хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Манайх 1999 онд төрсөн хүү Батбаярыг хадам ээж Доной овогтой Рагчаад өргүүлсэн. Одоо хадам ээж маань нас өндөр болсон тул хүү минь эцэг, эхийн хамт төрсөн гэртээ амьдардаг бөгөөд үрчлэлтийг цуцлуулах хүсэлттэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү...” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Рагчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Рагчаа би 2007 онд өөрийн охин Тогоо болон түүний нөхөр Пүрэвсүрэн нараас хүү Батбаярыг үрчилж авч байсан. Батбаяр нь одоогоор өөрийн төрүүлсэн эцэг эхтэйгээ амьдардаг. Батбаярыг үрчилж авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байна. Үрчлэлтийг хүчингүйд тооцоход Рагчаа миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Иймд 2007 онд үрчилж авсан хүү Батбаярыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Пүрэвсүрэн нь “Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:
Т.Пүрэвсүрэн нь хүү Батбаярыг 2007 онд үрчлүүлсэн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №00/000706 дугаартай “үрчилсний бүртгэлийн лавлагаа” зэргээр тогтоогдож байна.
Т.Пүрэвсүрэн нь хадам эх Д.Рагчаад хүү Батбаярыг үрчлүүлсэн ба одоо төрсөн эцэг, эх болох Т.Пүрэвсүрэн, Д.Тогоо нартай өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа болох нь Т.Пүрэвсүрэн, Д.Рагчаа нарын шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлт гаргагчийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярыг Донойн Рагчаад 2007 оны 03 дугаар сарын 15-нд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН