| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0215/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/225 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мд холбогдох эрүүгийн 2025000000246 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт үйл ажиллагаа явуулдаг барааны дэлгүүрт 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б.Гын гээгдүүлсэн “Самсунг А-50” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэж мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Мыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Гын “2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өглөө ажлаасаа буугаад Оюут багт байрлах америк барааны дэлгүүр орж, хувцас үзэж байгаад сонгосон хувцсаа аваад хувцас солих өрөөнд орж өмсөж үзээд гар утсаа мартаад гарсан. Машиндаа ороод үзтэл утас байхгүй болохоор нь эргэж ороод хувцас солих өрөөнд харсан чинь байхгүй байсан. Камерын бичлэг шүүлгэтэл 2 эмэгтэй хүн, нэг нь залуу, нөгөө нь хөгшиндүү хүн байсан. Хувцас солих өрөөнд тэр хоёроос өөр хүн ороогүй байсан. 2019 оны 11 сард гар утсаа Мобикомын салбарт ажилладаг найзаараа дамжуулан авч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 8-9-р хуудас/
4. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 6-р хуудас/
5. “Далайван аудит” ХХК-ний шинжээчийн үнэлгээ. /хх-ийн 19-23-р хуудас/
6. Гэрч Б.Б-Э-нийн “Манай эхнэр 1991 оны 05 дугаар сарын 25-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, эхээс 2-уулаа, айлын том хүүхэд, дээд боловсролтой надтай 2018 онд танилцаж айл гэр болон Оюут багийн 2-4-4 тоотод оршин суудаг. Манай эхнэр 7 сартай жирэмсэн. Зан байдлын хувьд дөлгөөн тайван зантай, хүнд тусархуу зантай” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
7. Яллагдагч Х.Мын “Америк барааны дэлгүүрт үйлчлүүлээд хувцас солих өрөөнд орж хувцас өмсөхөөр ортол уг өрөөний сандал дээр “Самсунг А-50 маркийн гар утас байхаар нь авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.М нь бусдын эд хөрөнгийг завшиж 700 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч гэмт хэргээ хүлээсэн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн биеийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гын “2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өглөө ажлаасаа буугаад Оюут багт байрлах америк барааны дэлгүүр орж, хувцас үзэж байгаад сонгосон хувцсаа аваад хувцас солих өрөөнд орж өмсөж үзээд гар утсаа мартаад гарсан. Машиндаа ороод үзтэл утас байхгүй болохоор нь эргэж ороод хувцас солих өрөөнд харсан чинь байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Далайван аудит” ХХК-ний үнэлгээ, шүүгдэгч Х.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт үйл ажиллагаа явуулдаг америк барааны дэлгүүрт Б.Гын гээгдүүлсэн “Самсунг А-50” маркийн гар утсыг авч ашиглан 700 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Мыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын
улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гар утсыг буцаан өгч хохирол төлөгдсөн зэргийг харгалзан оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас Б.Г-ад 700 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд гээгдүүлсэн эд хөрөнгөө хүлээн авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС