Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/228

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.Э

Хохирогч П.Р

Хохирогчийн өмгөөлөгч Я.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 2025001720125 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Жаргалт сумын Дулаан-Уул багийн “Бүтлийн Ундрага” ХХК-ны тариа бригадын гадна П.Р-ийн зүүн шанаа орчимд 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлал гуйж байна. Хохиролд 2 сая 800 мянган төгрөг төлсөн.  Бусад төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.Р мэдүүлэхдээ “Би маш их хохирч байна. Г.Г 2 сая 800 мянган төгрөг төлсөн. Энэ мөнгийг хасаад одоо 9 704 836 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч П.Рийн “2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед Г.Г миний зүүн талын эрүү орчимд гараараа 2 удаа хүчтэй цохисон. Миний зүүн талын эрүү 2 хэсэг газар хугарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/

 

2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 249 дугаартай “П.Рийн биед доод эрүүний ясны хоёрлосон далд хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 23-24-р хуудас/

 

3. Гэрч Л.Т-дын “П.Р бид нарыг салгах гэж ирсэн. Гэтэл Г.Г П.Рийн зүүн талын эрүү орчимд нь гараараа 2 удаа цохиж зодсон юм. П.Р Г.Гэд цохиулаад зугтаасан. Тэгээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Г.Г, П.Р бид гуравыг авч явсан. Г.Г согтуу байсан болохоор эрүүлжүүлэх байрлуу авч явсан. П.Р бид хоёр хамт гэртээ харьсан. Гэртээ харьж байх замдаа П.Р миний эрүү Г.Гэд цохиулаад хугарчихсан байна гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/

 

4. Гэрч Д.Н-гийн “Г.Г, Л.Т нарыг салгасан. Намайг Л.Т-дыг Г.Гээс салгаад байж байх хооронд П.Р Г.Г хоёр хоорондоо маргаад байх шиг байсан. Тэр хоёрын хооронд юу болсон гэдгийг нь би хараагүй. Нэг мэдсэн П.Р морио унаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

 

5. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэнд “П.Рийн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хоёр шүдний цууралт гэх гэмтэл тогтоогдсонгүй. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн эрүүний ясны 2 байрлалын рентген зургаас үзэхэд 36-р шүд байхгүй. 37, 38-р шүднүүд эрүүний ясны хугарсан хэсэгт харагдаж байна. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн доод эрүүний ясны 2 байрлалын рентген зургаас үзэхэд 37,38-р шүднүүд байхгүй эрүүний ясны хугарсан хэсгийг бэхэлсэн байна. Доод эрүүний ясны зүүн хэсгийн хугарлын үед 37,38-р шүднүүд гэмтсэн байхаар байна. Доод эрүүний ясны хугаралтай холбоотой 37,38-р шүднүүдийг авсан байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2 шүд зайлшгүй авах шаардлагатай болсон нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэсэн мэдүүлэг /хх-ийн 233-235-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт бусадтай маргаан хийж П.Рийн зүүн шанаа орчимд нь 2 удаа цохьсны улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Төмөрболд, Нэргүй нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Гийн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдон тогтоогдож байна. Иймд Г.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирлыг хохирлын баримтанд тулгуурлан гаргуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Г.Гийг Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Я.Э дүгнэлтдээ “Уг гэмтлийн улмаас шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 249 гэсэн дүгнэлэтээр гэмтлийн зэргийн 2.3.1-д зааснаар  хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Үүнд эрүүний ясны хоёрлосон далд хугарал, зүүн хацар зөөлөн эдийн няцрал үүссэн байдаг. Энэ нь Эрүүний ясыг хадахын тулд Улаанбаатар хотод нэг дүгээр эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Энэ хагалгааны зардлуудыг нотлох баримт шинжлэн судлахад судалж тайлбарласан байгаа. Үүнтэй холбоотойгоор хагалгаанд орохоос өмнө хоёр шүдийг авах зайлшгүй шаардлага гарсан. Өөрөө хэлбэр хохирогч хэнч сонсоод ойлгохоор тайлбарлаж байна. Өөрөө бичиг, үсэг мэдэхгүй ч гэсэн болсон үйл явдлыг чин сэтгэлээсээ тодорхой хэлж байна. 37, 38 дугаар хоёр шүдийг авах зайлшгүй шаардлага гаргасанг амбулаторын картанд болон сүүлд гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байгаа. Энэ шүдийг авахгүй бол Эрүүний яс бороолох болон дээд, доод эрүүг нийлэхэд тэр шүд нь гаж хөгжилтэй болох нөхцөл байдал үүсэхээр байсан учраас мэргэжлийн эмч нар үзээд шүдийг зайлшгүй авах шаардлагатай гээд авсан байдаг. Энэ хүн хэрвээ энэ гэмтлийг аваагүй байсан бол шүд авахуулах шаардлагагүй байсан. Шүдтэй холбоотой титан суулгах асуудал үүсч байгаа. Өөрөө хэлбэл нэг шүдийг 3 500 000 төгрөгөөр хийлгэнэ гэж байгаа. Өдий насны хүн бол үүнээс өөр боломжгүй байдал үүсэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр авагддаггүй шүдийг хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа. Титан эмнэлэгт үзүүлсэн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа.  Иймээс энэ хүн нэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх 3 768 116 төгрөгрийг нэхэмжилсэн байдаг. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 2 800 000 төгрөгийг хасч тооцуулахыг хохирогч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг ангилж үзэхэд маш их хэмжээний НӨАТ-ын баримтуудыг өгсөн байдаг. Энэ гэмтлийг аваагүй бол энэ их зардал гарах байсан уу, үгүй юу гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байх. Эмчилгээний болон хагалгааны зардал нь нийлээд 1 613 213 төгрөг болсон байдаг. Шатахууны зардал 626 800 төгрөг байна. Мэдээж энэ хүн явган явахгүй, тухайн үед ковид-19 өвчин гарсантай холбогдуулаад хүний машинд бинзен хийгээд явах зайлшгүй шаардлага гарсан байна. Өөрөө хөдөө орон нутагт амьдардаг малчин хүн болохоор явган явна гэж байхгүй. Эрдэнэт рүү хэд хэдэн орсон бэ гэдэг энэ шатахууны баримтуудаас харагдана. Мөн цагдаагийн газар мэдүүлэг өгөх зэрэг байдлаар шатахууны зардал гарсан гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоотой 8 000 төгрөг, гэмтэл согог үндэсний төвд зогсоолын төлбөр 8 500 төгрөг гарсан байгаа. Нэвтрэх бичгээр онцгой байдлын ерөнхий газраас бичиг аваад ээж болон эгчийнхаа хамт ирсэн байдаг. Ээж, эгч нь хагалгаанд орсон үед хоол цай зөөж өгсөн байдаг. Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү ирэхэд 300 000 төгрөгөөр таксийг хөлсөлж Жаргалант суманд хүргүүлж ирсэн байдаг. Гэрээр эмчилгээ хийлгэх шаардлагатай хөдөө мал маллаж амьдарч байгаагийн хувьд өдөр бүр өрхийн эмнэлэг дээр очоод боломжгүй болохоор үрэвсэл дарах эмчилгээг гэрээрээ хийж, сувилагчийг гэртээ авчирч 92 500  төгрөгийн баримт гарсан байна. Өдөр тутмын хүнс хэрэглэсэн байдлуудыг ярьж байна. Үүн дээр тараг сүү, сүүн бүтээгдэхүүн нийлээд 429 030 төгрөг болсон байгаа. Хохирогч өөрөө мэтгэлцээний явцад эрүүний ясанд гэмтэл авч хагалгаа хийсэнтэй холбогдуулаад шүд нь хөдлөхгүй, эрүү ангайж хоол зажилж идэх боломжгүй болсны улмаас шингэн зүйлийг соруулаар иддэг байсан гэдгээ хэлж байна. Өдий насны хүн жоохон хүүхэд шиг 1, 2 ширхэгийг идээ цадахгүй. Бөөнөөр нь худалдаж авдаг, заримдаа хүн явахаар захиж авахуулдаг. Бусад хэрэглээ нь 689 873 төгрөг болсон байна. Үүнд хувцас хунар гээд бусад баримтууд нь хэрэгт авагдсан. Талууд судалж үзсэн болохоор давхардуулах шаардагагүй. Бусад хэрэглээний энэ зардлууд бол эмчилгээнтэй шууд холбоотой биш учраас гаргагдахгүй байх боломжтой байдаг. Гэхдээ энэ гэмтэл аваагүй байсан бол ийм зардал гарахгүй байсан. Мөн энэ гэмтэлтэй холбогдуулаад Улаанбаатар хот руу ирж,  очих  зардал, хүнстэй холбоотой баримтуудыг нэмж хавсаргаж өгсөн. Мөн 2 шүдтэй холбоотой 7 000 000 төгрөг  байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг шаардар эрхтэй. Ингээд 3 сарын шаардлага гаргаж 1 280 000 төгрөгийг нэхэмжилсэн. Ингээд нийт 9 704 839 төгрөгийг нэхэмжилж байна. Гэм буруугийн хурлын шийдвэрийг сонслоо, ойлголоо. Мэдээж хохирогч маш их хохирсон. Цаашид иргэний журмаар явахад нилээн зардал дахин гарна. Шүүгчийн яриад байгаа нь нэг талдаа зөв боловч хамгийн гол нь хохирогч өнөөдөр хохирчихоод байхад хохирол төлбөр гаргагдахгүй, хангагдахгүй байна гэдэг нь харамсалтай.  Шатахууны зардал 35 ширхэг байна гэсэн байгаа. Цаг хугацаагаар тоолоход заримт нь гаргах боломжгүй байсан. Цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байгаа нь иргэний журмаар нэхэмжлэх нь хохирогчийн эрх гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэлийн асуудал дээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа асуудал үндэслэгүй байна гэж үзэж байгаа. Эрүүний ясанд гэмтэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор эрүүг хадуулах, шинжилгээ авах 89, 90, 93, 94, 95 дугаар хуудсанд авагдсан  нотлох баримтууд үндэслэлтэй байгаа. Эдгээр баримтуудыг үндэслээд эмчилгээний гарсан зардлыг тооцох боломжтой. Шатахууны 626 800 төгрөг гэдэг нь  үндэслэлгүй зардал байна гэж үзэж байгаа. Өөрөө хэлбэл хаанаас хаа хүртэл, ямар авто тээврийн хэрэгслээр явсан юм. Энэ талаарх баримтууд  нь ч хэрэгт байхгүй байгаа. 626 800 төгрөгийн шатахуун зардал гарч байгаа. Энэ нь хичнээн литр шатахуун юм үүнийгээ тодорхой болгож өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь ойлгомжгүй байгаа. Нийтдээ 28 ширхэг шатахууны баримт аваад байдаг. Нэг өдөрт гэхэд 65 000 төгрөг, 58 000 төгрөг, 54 000 төгрөг гээд эдгээр бүх шатахууныг хаанаас хаа хүртэл хэрэглээд байгаа гэдэг нь тодорхойгүй. Гэтэл энэ хүн 2020 оны  3 сарын 6-нд эмнэлэгт хэвтсэн гэж өрөө яриад байдаг. Энэ тухайн өдөр машинд шатахуун хийж хаанаас яаж хаашаа явсан гэдэг нь тодорхойгүй учраас 626 800 төгрөгийг энэ эмчилгээ хийлгэхэд зарцуулсан гэж үзэх боломжгүй байна. Шүүх шинжилгээний 8 000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж байгаа. Чингис хаан гээд зочид буудлын зогсоол гэсэн байгаа. Тэр буудалд очих ямар шаардлага байсан юм. Тэрний зогсоолын зардлыг Г.Г хариуцан төлөх ямар үндэслэл байгаа  гэдэг нь ойлгомжгүй байгаа.  Тэр нэвтрэх бичгээр 3 хүн сууж ирсэн гэж байгаа. Тэгэхлээр өөрт нь оногдох 100 000 төгрөгийг төлөх боломж байж болно. Гэрээр эмчилгээ хийлгэсэн гэх зардлыг тооцох боломжгүй байна. Энэ хүн өөрөө эм тариаг аваад байгаа юм уу эсхүл тэр сувилагч гээд байгаа хүнээс аваад байгаа юм уу ийм ойлгомжгүй баримтаар гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Өдөр тутмын хэрэглээний тараг сүү, сүүн бүтээгдэхүүн 429 030 төгрөг байгаа. Өөрөө малчин байгаа. Өдөр 5 литр тараг уудаг гэж байна. Өдөрт 5 литр тараг уусан гэх баримтаа гаргаж өгөөгүй. Өдөр тутмын хүний хэрэглэх хүнсний хэрэглээг зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь гэр ахуйн болон хүнсний зүйлүүд гэсэн баримтууд их байгаа. Бусад хэрэглээ 689 000 төгрөг гэдэг ойлгомжгүй байгаа. Мэдээж хүн амьдарч байгаа юм чинь өмсөж зүүж л таараа. Өөртөө өмсөх хувцасыг Г.Гээс нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байгаа. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдаг. Энэ нь хэдний өдөр ямар эмчилгээнд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Имплантын мөнгө 7 000 000 төгрөг гэж байгаа. Энэ шүдийг ямар эмнэлэгт хэдий хугацаанд яаж хийх нь ойлгомжгүй байгаа. Тэр эмнэлгийн тариф нь ямар байдаг юм гэдэг талаар хангалттай нотлох баримт байхгүй. Нийт 2 800 000 төгрөгийг Г.Гийн зүгээс төлсөн. Энэ төлсөн 2 800 000 төгрөгийг хавтаст  хэрэгт авагдсан зураг авахуулсан, шинжилгээ, эмчилгэээний зардлуудлыг хангалттай төлсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэсэн. Энэ шинжилгээний дүгнэлтээр 2 шүдэнд цууралт бүхий гэмтэл учирсан эсэх гэдэг асуудлыг тавьсан байгаа. Гэтэл шинжээч эмч 2 шүдэнд цууралт тогтоогдсонгүй гэж шинжээч эмч хариулсан. Шинжээч тавигдсан  асуултыг бүрэн дүүрэн хариулт өгч чадаагүй. 37, 38 дугаар шүднүүдийг доод эрүүний хугаралтай холбоотойгоор авсан байна гэдгийг юугаар  нотолж байгаа юм бэ. 2 шүдийг зайлшгүй авах шаардлагатай гэсэн нарийн мэргэжлийн эмчийн юуг үндэслэж ийм дүгнэлт хийгээд байгаа юм. Тэгэхлээр шинжээчийн дүгнэлтийг тодорхой хангалттай гарсангүй гэж үзэж байна. Тэгэхлээр 2 800 000 төгрөгийг төлсөн учраас хохирогчид учирсан эрүүл мэндийн зардлыг Г.Гийн зүгээс төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн талаар өөрөө гэмшиж байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна. Улсын яллагч 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Шүүгдэгч өөрөө ажил хийж энэ торгуулийн ялыг биелүүлэх боломжтой байгаа” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Рийн “2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед Г.Г миний зүүн талын эрүү орчимд гараараа 2 удаа хүчтэй цохисон. Миний зүүн талын эрүү 2 хэсэг газар хугарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Төмөрболдын “П.Рэнчиндор бид нарыг салгах гэж ирсэн. Гэтэл Г.Г П.Рийн зүүн талын эрүү орчимд нь гараараа 2 удаа цохиж зодсон юм. П.Р Г.Гэд цохиулаад зугтаасан. Тэгээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Г.Г, П.Р бид гуравыг авч явсан. Г.Г согтуу байсан болохоор эрүүлжүүлэх байрлуу авч явсан. П.Р бид хоёр хамт гэртээ харьсан. Гэртээ харьж байх замдаа П.Р миний эрүү Г.Гэд цохиулаад хугарчихсан байна гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Нэргүйгийн “Г.Г, Л.Төмөрболд нарыг салгасан. Намайг Л.Төмөрболдыг Г.Гээс салгаад байж байх хооронд П.Р Г.Г хоёр хоорондоо маргаад байх шиг байсан. Тэр хоёрын хооронд юу болсон гэдгийг нь би хараагүй. Нэг мэдсэн П.Р морио унаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 249 дугаартай дүгнэлт, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Г нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Жаргалт сумын Дулаан-Уул баг “Бүтлийн Ундрага” ХХК-ны тариа бригадын гадна согтуугаар П.Рийн зүүн шанаа орчимд 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрэлэв.

 

            Гэмт хэргийн улмаас П.Рийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардал, хоол хүнсний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлого, 2 шүд хийлгэх зардал, тээврийн хэрэгсэлд шатахуун хийж зорчсон зардал нийт 12 504 836 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 2 800 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

            Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг шинжлэн судлаад гэм хорын нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул бүхэлд нь хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. Хохирогчийн нэхэмжлэлийн гол шаардлага болох хиймэл шүд хийлгэх зардал 7 сая төгрөг, шатахууны зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой ирүүлсэн баримтууд нь хохирлыг тодорхойлоход хангалтгүй байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүний яс хугарч мэс ажилбар хийлгэхэд 2 шүдийг авах шаардлагатай болсон, мөн эрүүл мэндийн эмчилгээ сувилгаатай холбоотойгоор өрхийн малаа маллаж чадаагүй, өөрийн унаагүй учир бусдын машинд шатахуун хийж үйлчлүүлсэн болох нь тогтоогдож байгаа боловч хиймэл шүд хийлгэх урьдчилсан үнийг тодорхойлсон эмнэлэгийн тодорхойлолт эргэлзээтэй, ажилгүй байсан хугацаа, өдөр хоног тодорхойгүй, нийт 35 удаа 10 000 төгрөгөөс 100 000 төгрөгийн шатахуун шатахуун хийж үйлчлүүлсэн автомашин, зам, хугацаа эргэлзээтэй байна. Гэм хорын нэхэмжлэлийн гол шаардлагуудыг шийдвэрлэх боломжгүй байх тул бүхэлд нь хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх нь хохирогч, шүүгдэгчийн аль алиных нь эрх зүйн байдалд ашигтай гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогчид 2 800 000 төгрөгийг төлсөн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000  /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн  2025001720125 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч П.Р нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС