Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2017/00068

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 7 дугаар баг, Шанх гэх газар оршин суух Хув ягаан овогтой Намдагийн Гэрэлмаагийн /РД:ЙС79112901/ хүсэлттэй,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2000 онд охин Даариймааг төрүүлсэн 2004 онд охин Даариймааг Намдаг овогтой Санжидмаа болон төрсөн эгчдээ өргүүлсэн. 2008 онд охиноо буцааж авсан. Түүнээс хойш охин миний асрамжинд байгаа. Даариймаа нь одоо иргэний үнэмлэх авах нас нь болсон бөгөөд үрчлэлтийг хүчингүй болгох шаардлагатай болоод байна. Учир нь 2008 оноос хойш би өөрийн асрамжиндаа байлгаж байгаа цаашид ч асрамжиндаа байлгах хүсэлтэй байгаа мөн үрчилж авч байсан. Санжидмаа нь үрчлэлтийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрсөн тул нөхцөл байдлуудыг харгалзан үзээд үрчлэлтийг хүчингүйд болгож өгнө үү...Би охин Даариймааг 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрүүлсэн. Энэ үед би аавынхаа гэрт байсан. би тухайн үед Солонгос явах гэж бичиг баримт хөөлцөлдөж байхдаа охин Даариймааг өөрийнхөө төрсөн эгч болох Санжидмаад үрчлүүлсэн. Би эцэг эхээс дөрөвүүлээ. Манай эгч хүнтэй суугаад тусдаа гарсан боловч нөхөр нь машины ослоор өөд болсон. Тухайн үед эгч манайд хамт амьдарч байсан. Охин Даариймааг төрсний гэрчилгээг үрэгдүүлсэн. Одоо охин Даариймаа 16 нас хүрч иргэний үнэмлэх авах болчихоод байгаа учраас охин Даариймааг өөрийн нэрээр овоглохоор шүүхэд хандсан гэв.

Гуравдагч этгээд Н.Санжидмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Санжидмаа миний бие өөрийн төрсөн дүү Гэрэлмаагаас 2004 онд Даариймааг нь үрчилж авсан. Ээж гэрэлмаатайгаа амьдардаг тул ээж Гэрэлмаад нь буцаан овоглуулахад татгалзах зүйлгүй. Овог нь надаар овоглодог болохоос төрсөн цагаасаа хойш ээжтэйгээ одоо хүртэл хамт амьдардаг. Иймээс үрчлэлт хүчингүйд тооцоож өгнө үү. Миний бие Улаанбаатар хотод биеийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэж байгаа тул намайг байлцуулахгүйгээ хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Гэрэлмаа нь 2000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С.Даариймааг Боржигин овогтой Намдагийн Санжидмаад үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.  

Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа нь 2000  оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С.Даариймааг 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Н.Санжидмаад үрчлүүлсэн, С.Даариймаа нь үрчилж авсан эх Санжидмаагаар овоглосон  болох нь хэрэгт авагдсан №Г0212 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай үрчлэх тухай захирамжийн хуулбар, үрчлэн авагч Н.Санжидмаа, үрчлүүлэгч Н.Гэрэлмаа нарын  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үрчлэгдэгч С.Даариймаа нь одоо 17 насанд хүрсэн, эх Н.Гэрэлмаа нь асрамждаа авах хүсэлтэй, үрчлэн авагч Н.Санжидмаа  охиныг төрсөн эх Н.Гэрэлмаад нь өгөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул 17 настай охин С.Даариймаагийн эрх ашиг, сонирхлыг харгалзан, түүнийг үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хангаж, С.Даариймааг төрсөн эх Н.Гэрэлмаагийн асрамжид үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Н.Гэрэлмааагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Боржигин овогтой Санжидмаагийн Даариймааг Боржигин овогтой Намдагийн Санжидмаад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Боржигин овогтой Санжидмаагийн Даариймааг түүний эх Хув ягаан овогтой Намдагийн Гэрэлмаагийн асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА