Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 22

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/51 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152 тоот захирамжаар Наадмын дэв нэртэй 113.32 га газрын /Урд талаас/ 75.54 га газрыг иргэн Д.Жаргалсайханд, 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 79 тоот захирамжаар 113.32 га газрын /хойд талаас/ 37.77 га газрыг Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ-д тус тус эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байдаг.

Иргэн Д.Жаргалсайхан нь сумын Засаг даргад холбогдуулан өөрт олгогдсон ...Газар эзэмшүүлэх тухай Засаг даргын 152 тоот захирамжийн алдаатай хэсгийг залруулах...-аар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Улсын дээд шүүхэд тус тус нэхэмжлэл, гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 198 дугаар тогтоолоор иргэн Д.Жаргалсайханы гомдлыг хангаж, Засаг даргын 152 тоот захирамжийн ...113.32 га /урд талаас/... гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна

Тодруулбал Улсын дээд шүүхийн 198 дугаар тогтоолоор Засаг даргын 152 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон бус захирамжийн ...113.32 га-аас /урд талаас/ ... гэсэн хэсгийг л хүчингүй болгосон байна.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга нь дээрх Улсын дээд шүүхийн 198 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А/51 дугаартай Ажлын хэсэг томилох тухай, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаартай Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай тус тус шийдвэрүүдийг гаргаж, Засаг даргын 79 тоот захирамжийн дагуу эзэмшиж байгаа манай ТББ-ыг эзэмшиж байгаа газраа чөлөөлөхийг шаардсан нь үндэслэлгүй юм.

Тухайлбал Улсын дээд шүүхийн 198 дугаар тогтоолд манай ТББ-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Хушаат сумын Засаг даргын 79 тоот захирамжийг хүчингүй болгохоор заагаагүй байхад ямар ч үндэслэлгүй шүүхийн шийдвэр биелүүлэх нэрийдлээр манай ТББ-ыг эзэмшиж байгаа газраа чөлөөлж өгөхийг шаардаж байгаа нь Хушаат сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах ёстой зарчим, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, манай төрийн бус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна.

Манай төрийн бус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байгаа үйлдлээ зогсоож, гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгохыг шаардаж Хушаат сумын Засаг дарга Б.Атартулгатай удаа дараа биечлэн уулзсан боловч тэрээр гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгоогүй.

Сумын Засаг даргын дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл гомдлыг шийдвэрлэж хариу ирүүлээгүй болно.

Иймээс Хушаат сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/51 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамж, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаартай Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хушаат сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо Төрийн бус байгууллагаас сумын Засаг дарга Батшүүлэг овогтой Атартулга миний бие 2018 оны дугаар сарын 07-ны өдрийн А/51 тоот Ажлын хэсэг томилох захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасантай танилцлаа.

Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо Төрийн бус байгууллагын өмгөөлөгч С.Энхбатын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04/15 тоот албан бичгийн дагуу түр түдгэлзүүлэн мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/640 тоот албан бичгийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүлээн авч танилцаж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/136 тоот сумын Засаг даргын захирамжаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/51 тоот захирамжийг хүчингүй болгосон болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Жич: Хавсралтаар Хушаат сумын Засаг дарын 2018 оны А/136 тоот захирамж, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч С.Энхбатын 2018 оны 04/15 тоот, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын 2018 оны 1/640 тоот бичгийг хүрүүлэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ-ын шүүхэд гаргасан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/51 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хушаат сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх А/51 дугаартай захирамжийг хүчингүй болгосон талаар бичгээр илэрхийлж хариу тайлбар гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/51 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын Тамгын газраас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ОДБААТАР