Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 740

 

“Гео-Инфо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00190 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гео-Инфо” ХХК,

Хариуцагч “МТ Майнинг” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 350 145 619 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, өмгөөлөгч К.Бауйржан,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гео-Инфо” ХХК нь “МТ Майнинг” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 01/03 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044х дугаартай Билх овоо нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 02/04 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11043х дугаартай Урт нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд тус тус геологи-геофизик, геологи өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт гэсэн үе шаттайгаар хийж гүйцэтгэх, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06 тоот гэрээгээр 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд орших 10711х дугаартай Байшинт-1 нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, хил залгаа буюу ойролцоо байгаа талбайд тандалт, ажиглалт хийх, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/07 тоот гэрээгээр 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт орших 11552х дугаартай Хошуу худаг нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, шаардлагатай гэж үзвэл газрын соронзон зураглал хийх захиалгат ажил гүйцэтгэх гэрээ тус тус хийж, нийт 25 236,7 гектор талбайд геологийн хайгуулын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн.

2011-2012 оны хээрийн судалгааны ажилд ШУТИС-ийн ГС-ийн доктор, профессор Г.Ухнаа багшийг зөвлөхөөр хөлслөн авч 7-10 хоног тутам хээрийн ажлыг биечлэн шалгаж, зөвлөгөө өгч ажиллаж байсан ба тухай бүр нь “МТ Майнинг” ХХК-д ажлын үр дүнгээр нь Англи хэл дээр бичиж танилцуулж хүлээлгэн өгч байсан. Энэ хугацаанд “МТ Майнинг” ХХК-иас ямар нэгэн санал гомдол ирээгүй бөгөөд ажлын тайланг 2012 оны жилийн эцэст Геологи, Санхүү, Мэргэжлийн хяналтын албуудаар тус тус хянуулан батлуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу хийгдсэн ажил, ажлын үр дүн, 05/06, 06/07 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээнд талууд маргадаггүй юм.

Харин 01/03 болон 02/04 тоот гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний хэмжээн дээр маргадаг. Маргаж байгаа гэрээний 3.3-д гэрээний төлбөрийн эцсийн дүнг гүйцэтгэлээр хоёр тал дүгнэнэ гэж заасан. “Гео-Инфо” ХХК-нь 01/03 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 188 545 500 төгрөг гэж, 392 494 874 төгрөгийн 02/04 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 24 596 000 төгрөг гэж, 27 915 970 төгрөгийн 05/06, 06/07 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг тус бүр 3 500 000 төгрөг гэж тохиролцон тус бүр 3 500 000 төгрөгийн ажлын хөлстэй ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.

“МТ Майнинг” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 431 396 113 төгрөг төлөх ёстойгоос 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 75 418 200 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 9 838 400 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 37 709 100 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөг, нийт 197 965 700 төгрөгийг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 6.2, 5.3.-т заасны дагуу алданги тооцоход 116 715 206 төгрөг болж байна. Манай зүгээс 2014 оны 6 дугаар сарын 06, 2015 оны 6 дугаар сарын 30, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрүүдэд “МТ Майнинг” ХХК-ийн захирал Г.Дашням болон группын захирал Р.Ганзориг нарт төлбөрөө барагдуулах тухай мэдэгдлүүдийг удаа дараа өгч байсан. Өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй тул үлдэгдэл 233 430 413 төгрөгийг гэрээнд заасан алданги 116 715 206 төгрөг, нийт 350 145 619 төгрөгийг “МТ Майнинг” ХХК-иас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж буй 233 430 413 төгрөгийн 3 985 269 төгрөгөөс татгалзаж, үлдэх 229 445 144 төгрөг, алдангид 114 722 572 төгрөг, нийт 344 167 716 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, өмгөөлөгч К.Бауйржан нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани “Гео-Инфо” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 01/03, 02/04 тоот, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06, 06/07 тоот гэрээнүүдийг байгуулж ажил гүйцэтгүүлсэн. Бид гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг төлсөн. Эхний гэрээ буюу 01/03 тоот гэрээний дагуу 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 75 418 200 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 37 709 100 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 188 127 300 төгрөгийг төлсөн тул энэ гэрээний дагуу одоо төлөх төлбөргүй юм. Харин 02/04 тоот гэрээний дагуу 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 9 838 400 төгрөгийг төлсөн тул одоо 14 757 600 төгрөг төлөгдөөгүй байгаа. Гурав, дөрөв дэх гэрээний дагуу тус тус нэхэмжилж буй 3 500 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Иймээс нийт 21 757 600 төгрөгийг төлнө.

 “Гео-Инфо” ХХК нь 01/03 ба 02/04 тоот гэрээний 1.1-т “...гүйцэтгэх ажлын хэмжээ, өртгөөс хамаарч тухай бүр нь гэрээ байгуулж ажиллана” гэсэн байхад нэмэлт зардал гарган нэмж ажил хийсэн бол бидэнтэй дахин гэрээ байгуулж тохиролцох байтал мэдэгдээгүй, нэмж гэрээ байгуулаагүй тул бид гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг л өгнө. Нэмж ажлын хөлс өгөх боломжгүй юм. Бид гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлсөн тул гэрээний 6.1, 6.2-т заасны дагуу алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хээлийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МТ Майнинг” ХХК-иас 321 223 416 төгрөгийг гаргуулан “Гео-Инфо” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 933 934 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 066 628 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 764 066 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хайгуулын ажлын тайланд гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлсний эцсийн дүнг тус гэрээний 3.3-т заасны дагуу гүйцэтгэлээр дүгнэн гаргасан болох нь зохигчийн тайлбар, гэрээ, тайлан болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна” хэмээн дүгнэсэн байх ба шүүхийн энэхүү дүгнэлт нь бодит байдалтай буюу шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тайлбартай нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

Хариуцагчийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний 3.3 дахь заалтыг “…гэрээгээр үлдэгдэл төлбөрийг тохиролцсон, үлдэгдэл төлбөрийг бүрэн өгөх эсэх нь ажлын үр дүнгээс хамаарна” гэдэг байдлаар маш ойлгомжтой тайлбарласан байхад шүүх энэхүү тайлбарыг авч үзэлгүй хэт нэг талыг барьж буюу нэхэмжлэгчийн тайлбарыг туйлын үнэн мэтээр дүгнэсэн болно. Талуудын хувьд ажил гүйцэтгэх гэрээний 3.1 дэх хэсэгт ажлын хөлсний нийт үнийн дүнг тодорхой байдлаар тохиролцсон байдаг. Ажлын хөлсийг гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр тохиролцож тогтооно гэвэл ажил гүйцэтгэх гэрээний 3.1 дэх заалтад ч өөрчлөлт оруулах шаардлага гарна гэдэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй.

Мөн шүүх “МТ Майнинг” ХХК-иас гаргасан хайгуулын ажлын тайланг зохих байгууллагад хүргүүлснээр “Гео-инфо” ХХК-ийн хийсэн ажлыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна. Хуулийн энэхүү заалтад нийцүүлж талууд 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/03, 02/04 тоот гэрээнүүдийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, уг гэрээнүүдээр “Гео-инфо” ХХК-иар хийлгэх ажил, төлөх хөлсний хэмжээ зэргийг тохиролцсон байдаг ба 01/03 тоот гэрээний дагуу захиалагч “МТ Майнинг” ХХК нь “Гео-инфо” ХХК-д 188 545 500 төгрөг төлөхөөс 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 75 418 200 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 37 709 100 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөг нийт 188 127 300 төгрөгийг төлсөн бол 02/04 тоот гэрээний дагуу 24 596 000 төгрөг төлөх ёстой байснаас 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 9 838 400 төгрөгийг төлсөн болно. Энэ талаар зохигчид маргаагүй ба гагцхүү хийсэн ажлын тоо хэмжээ зөрүүтэй байгаа талаар маргадаг.

Хариуцагчийн хувьд хайгуулын ажлын тайланд тусгагдсан ажлын тоо хэмжээ нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын тоо хэмжээнээс өөр байгаа нь “Гео-инфо” ХХК-ийн нэмж гүйцэтгэсэн ажилтай холбоогүй гэж үздэг. “Гео-инфо” ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрч, нэмэлт ажилтай холбоотой ямар нэг зардал гаргаагүй, энэ талаар санхүүгийн баримт байхгүй болохоо тайлбарлаж, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь иргэний хэргийн материалд нотлох баримтаар авагдсан болно. Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийх явцад гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил хийх шаардлага гарсан, ажлын тоо хэмжээ нэмэгдсэн гэж тайлбарладаг боловч тус компанийн зүгээс үүнтэй холбоотой ямар нэгэн мэдэгдлийг захиалагч талд ирүүлж байгаагүй ба энэ тухайгаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн юм.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1, 345.2 дахь хэсэгт энэ талаар заасан байхад гүйцэтгэгч “Гео-инфо” ХХК нь гэрээт ажлын хугацаанд ажлын тоо хэмжээ нэмэгдсэн, төсөв нэмэгдэж байгаа тухай мэдэгдлийг амаар болон бичгээр нэг ч удаа ирүүлж байгаагүй болно. “Гео-инфо” ХХК, “МТ Майнинг” ХХК-иудын хооронд хийгдсэн 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/03 тоот гэрээний 2.3, 2.4-т зааснаар гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээ байгуулснаас хойш 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх ёстой байсан бөгөөд гэрээнд заасан хугацааны дотор буюу 2013 оны 01 дүгээр сард багтаан ажлын үр дүнг хүлээн авч хайгуулын ажлын тайланг гаргаж холбогдох этгээдэд хүргүүлсэн байдаг. Энэ хугацаанд гүйцэтгэгч “Гео-инфо” ХХК-ийн зүгээс ажлын хөлстэй холбоотой ямар нэг шаардлагыг гаргаж байгаагүй ба харин хожим буюу гэрээ дуусгавар болсноос хойш нэмэлт ажлын хөлс шаардаж 2014 оны 6 дугаар cap, 2015 оны 6 дугаар саруудад мэдэгдэл ирүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Гео-инфо” ХХК нь тухайн үедээ буюу 2012 оны 12 дугаар cap, 2013 оны 01 дүгээр саруудад нэмэлт ажлын хөлс төлбөртөй холбоотой ямар нээнг шаардлагыг гаргаж байгаагүй, гэрээгээ шилжүүлсэн ажлын хөлс, түүний хэмжээг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Шүүх хариуцагч талыг өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/03, 02/04 тоот ажил гүйцэтгэх гэрээнд талуудын хэн алины хүсэлт, шаардлагаар өөрчлөлт ороогүй нөхцөлд бид уг гэрээний холбогдох заалтыг баримтлан татгалзал гаргах нь зүйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах замаар ажлын хөлсний хэмжээг харилцан тохиролцсон нөхцөлд ажлын тоо хэмжээнээс үл хамааран, ажлын үр дүнг хүлээж авсан даруйд гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөх нь хууль болон гэрээнд нийцэх юм. Гэтэл шүүх захиалагч тал болох “МТ Майнинг” ХХК-иас холбогдох этгээдэд гарган өгсөн тус компаний өөрийн "Хайгуулын ажлын тайлан" гэх баримтыг үндэслэж гүйцэтгэгч “Гео-инфо” ХХК нь нэмэлт ажил хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Бидний ойлгож байгаагаар хэдэн төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэхээс илүү ажил гүйцэтгэх гэрээнд хөлсийг хэдэн төгрөгөөр тохиролцсон гэдгийг харгалзан үзэх ёстой. Гүйцэтггэгчийн хувьд захиалагчийн болон өөрийн зардлаар тодорхой ажлыг хийж, гэрээгээр тохиролцсон хөлсийг шаардах ёстой гэж үзэж байна. Гэвч шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, талуудын хооронд тохиролцоогүй ажлын хөлсийг захиалагч “МТ Майнинг” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж, улмаар уг төлбөрөөс алданги тооцож байгаа нь үндэслэлгүй болжээ. Хариуцагч талын хувьд талуудын хооронд байгуулагдсан 02/04 тоот гэрээний дагуу 14 757 600 төгрөг болон 05/06, 06/07 тоот гэрээний дагуу төлөх 7 000 000 төгрөгийг төлнө гэдгийг тайлбартаа тодорхой дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд байгуулагдсан 01/03, 02/04 тоот гэрээний дагуу гаргахаар шийдвэрлэсэн нэмэлт ажлын хөлсний төлбөр, түүнд ногдох алдангийг хасч өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Гео-Инфо” ХХК нь “МТ Майнинг” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 346 160 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 21 757 600 төгрөгийн ажлын хөлс төлөхийг зөвшөөрч, нэмэлт ажлын хөлс болон алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Гео-Инфо” ХХК нь “МТ Майнинг” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан  01/03 тоот гэрээгээр ашигт малтмалын хайгуулын 11044Х талбайд 188 545 500 төгрөгийн, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 02/04 тоот гэрээгээр ашигт малтмалын хайгуулын 11043Х талбайд 24 596 000 төгрөгийн, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06 тоот гэрээгээр ашигт малтмалын хайгуулын 10711Х талбайд 3 500 000 төгрөгийн, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/07 тоот гэрээгээр ашигт малтмалын хайгуулын 11552Х талбайд 3 500 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин ажил гүйцэтгэгчийн 01/03 болон 02/04 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон  түүнд тохирсон ажлын хөлс олгогдсон эсэхээр зохигчид  маргажээ.

Хариуцагч “МТ Майнинг” ХХК нь дээрх 4 гэрээний дагуу хайгуулын талбайд хийсэн ажил, гэрээний хавсралтаар баталсан төсөвт өртгийн гүйцэтгэлийн дэлгэрэнгүй тайланг гаргаж, компанийн эрх бүхий этгээдээс гарын үсэг зурж баталгаажуулан төрийн захиргааны байгууллагад хүргүүлснийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн АМГ-ын Геологийн албаны мэргэжилтэн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, УМХГ-ын БОГУУЦХАУА-ны ахлах байцаагч 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус хүлээн авсан нь хэрэгт баримтаар авагдсан байна. /хх-70-206/

Хайгуулын ажлын тайланд гэрээ тус бүрээр хийгдсэн ажлын зардлын дүнг гүйцэтгэлээр дүгнэсэн нь гэрээний 3.3-т заасанд нийцсэн байх бөгөөд “Гео-Инфо” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг үр дүнгээр нь хүлээн авч тайлагнасан, уг тайлангийн задаргааг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтээр 01/03 тоот гэрээгээр хийсэн ажилд “МТ Майнинг” ХХК нийт 913 782 532 төгрөгийн зардал гаргаснаас “Гео-Инфо” ХХК-иар 392 495 074 төгрөгийн ажил, 02/04 тоот гэрээгээр нийт 28 734 040 төгрөгийг хайгуулын ажилд зарцуулснаас “Гео-Инфо” ХХК-иар 27 915 970 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн болохыг тогтоосон байна. /хх2-286-287/

Дээрхээс захиалагч буюу хариуцагч ашигт малтмалын хайгуулын талбайд “Гео-Инфо” ХХК-ийн хийсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч “МТ Майнинг” ХХК нь хүлээн авсан гэж үзэхээс гадна төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн хайгуулын ажлын тайланд тусгагдсан ажлын гүйцэтгэл, зардлын задаргааг үндэслэн нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг  мэргэжлийн шинжээч тогтоосон байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй, хариуцагч мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Иймд 01/03 тоот гэрээний дагуу Гео-Инфо ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын зардал 392 495 074 төгрөгөөс захиалагчийн төлсөн 188 127 300 төгрөгийг хасахад 204 367 774 төгрөгийн ажлын хөлсийг, 02/04 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн 27 915 970 төгрөгийн ажлын зардлаас захиалагчийн төлсөн 9 838 400 төгрөгийг хасахад 18 077 570 төгрөгийн ажлын хөлсийг захиалагч төлөх үүрэгтэй, 05/06, 06/07 тоот гэрээний төлбөр 7 000 000 /3 500 000*2/ төгрөг нийт 229 445 344 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцэх ба шүүх  хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хариуцагчаас төлбөл зохих ажлын хөлсийг 229 445 344 төгрөг гэж тогтоосон нь үндэслэл бүхий байна.

Түүнчлэн талууд ажил гүйцэтгэх гэрээний 6.2, 4.5-д захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар хоног тутам алданги тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар болон гэрээний дагуу алданги шаардах эрхтэй, шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэлэн, төлбөрийн дүнгийн 50 хувиар тооцсон алдангийн хэмжээг 20 хувиар бууруулж 91 778 072 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгээр олгогдсон эрх хэмжээнийх нь хүрээнд хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 321 223 416 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 251 дүгээр зүйлийн 251.1.1 дэх заалт, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт алданги шаардсан үндэслэл болон түүний хэмжээг багасган тогтоосон хуулийн зүйл заалтыг баримтлаагүй нь алдаатай байгааг зөвтгөж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгийг нэмж баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00190 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.4” гэж нэмж,  шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 764 067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

А.ОТГОНЦЭЦЭГ