Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 140

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           З.У, Д.Т нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Сайнбаяр,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1684 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаартай прокурорын эсэргүүцлээр З.У, Д.Т нарт холбогдох эрүүгийн 1706017930201 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овогт З.У, 1900 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 00 дугаар байрны 3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: Ч0007082775/,     

 

Барга овогт Д.Т, 1900 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Мандалын 5 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000002713/,     

 

             З.У, Д.Т нар нь 2017 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан улмаар зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: З.У, Д.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг зэргээс үндэслэн шүүгдэгч З.У, Д.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Шүүгдэгч З.У, Д.Т нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байгаа хэдий ч тус хуулийн 17 дугаар бүлэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг баримтлалгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх гэсэн нөхцөл байдлууд хангагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл хэрүүл маргаан үүсч үйл баримт болоход байсан хохирогч Д.Тын дүү нар болох хүмүүсийг гэрчээр асууж үйл баримтыг тодруулаагүй, мөн маргаан болсон байранд харуул байсан гэж мэдүүлж байх тухайн харуулыг гэрчээр асуух, мөн З.Утай явсан гэх хүмүүсийг гэрчээр асуух зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Шүүгдэгч Д.Т нь өөрт учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээч томилуулах хүсэлт тавьж буйг хүлээн авах үндэстэй байна.

Иймд З.У, Д.Т нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаах нь үндэслэлтэй байна. Монгол овогт Зоригтын З.У, Барга овогт Дашсамбуугийн Д.Т нарт холбогдох 1706017930201 тоот эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол З.У, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.У, Д.Т нарт холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаануудыг хангаагүй байна гэж прокурорт буцаасан. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг байна гэсэн. Энэ заалтад зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байна гэж дүгнэж эсэргүүцэл бичсэн. Мөн тухайн хэргийн нэг онцлог нь камерын бичлэг, холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдсон хэрэг. Камерын бичлэгт тодорхой харагдаж байдаг. Иймд дахин ажиллагаа хийх шаардлага байхгүй гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.У, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г зохицуулсан бөгөөд мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд   хөнгөн хохирол учруулах/, ,.. 27.11 /Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/ дүгээр зүйлд заасан гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ.” гэж тусгайлан зааж өгчээ. Энэ нь дээрх төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.5, 4.6-д заасан шаардлагыг давхар хангах шаардлагагүй, эдгээр хэргийг зөвхөн хялбаршуулан шийдвэрлэж байхыг хуульчлан тогтоожээ.

Иймд шүүгдэгч З.У, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид нэмж хийх ажиллагаа байхгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, З.У, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1684 дугаартай захирамжийг хүчингүй болгож, З.У, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч З.У, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ