Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01254

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00354 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 826 дугаар магадлалтай,

Б.Бын нэхэмжлэлтэй

Б.Сд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 54 378 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ба нь Б.Сд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 28 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг төлбөрөө бүрэн төлж дуусгахаар тохиролцон зээлдүүлсэн. Гэвч Б.С нь тохиролцсон хугацаандаа зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд цаашид ч сайн дураараа төлөхөөргүй байна. Бид зээлийн хүүг сарын 8 хувь, төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги, хүүний хугацаа хэтэрвэл 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсоны дагуу Б.Соос гүйцэтгээгүй үүргийн дүн 28 500 000 төгрөг, 3 сарын хүү 6 840 000 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 17 670 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 368 000 төгрөг тооцож, нийт 54 378 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Б.Бын дансны хуулгаас харахад Б.С нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн. Уг мөнгийг зээлийн хүүнээс нь хасаад үндсэн зээл 28 500 000 төгрөг, зээлийн хүүнд 1 840 000 төгрөг, алданги 15 170 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 368 000 төгрөг, нийт 46 878 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б.Батай харилцан тохиролцож 28 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. Тухайн үед мөнгөний яаралтай шаардлагатай байсан учраас гэрээний заалтыг сайн ойлголгүй гарын үсэг зурж мөнгийг 8 хувийн хүүтэй буюу өндөр хүүтэй зээл авсан, мөн Б.Ба нь миний өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Б.Бад зээлийн төлбөрт 5 000 000 төгрөгийг төлсөн боловч тэр талаар огт дурдаагүй байна. Түүнээс зээл авснаас хойш нэг удаа 5 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш ажил зогсож санхүүгийн байдал хүнд болсны улмаас дахин мөнгө төлж чадаагүй. Б.Баас зээлсэн 28 500 000 төгрөгийн 6 120 000 төгрөгийг н.Батдорж авсан бөгөөд н.Батдоржийг уг мөнгийг авсныг Б.Ба мэдэж байгаа. Нэг гэрээ хийгээд хоёулаа гарын үсэг зурчих гэсэн учраас зээлийн гэрээнд н.Батдоржийн гарын үсгийг утасны дугаартай бичиж зуруулсан. Тиймээс Б.С нь ганцаараа хариуцлага хүлээхгүй, н.Батдорж мөн хамт төлөлцөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагад Б.Сын өгсөн 5 000 000 төгрөгийг дурдаж, хасаж тооцоогүй байх бөгөөд нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг илүү бодсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00354 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Соос нийт 46 878 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 950 төгрөгийг 429 840 төгрөгийг төсвийн орлого болгож, илүү төлсөн 110 төгрөгийг, хариуцагч Б.Соос 329 340 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 826 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00354 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Соос 37 925 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 953 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын “олгосугай.” гэснийг “олгож, хариуцагч Б.Соос 347 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд хяналтын гомдолдоо: Магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Магадлалын хянавал хэсэгт “Талууд гэрээгээр зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон боловч зээлийн гэрээний сарын хүүгийн хэмжээ өндөр байгаагаас зээлийн үүрэгт тооцсон анзын хэмжээ их гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт зааснаар зээл зээлийн хүүгийн төлбөр 30 340 000 төгрөгийн алданги 15 170 000 төгрөг болж байгааг тал хувиар бууруулж 7 585 000 төгрөг болгон багасгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ гэжээ.” Гомдол: Анхан шатны шүүх хуралд хариуцагчийн гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд гаргасан тайлбарт хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүрэг болон зээлийн гэрээний хүү алдангийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар огт маргаагүй, зөвхөн 5 000 000 төлсөн мөн Д.Батдорж гэгч этгээдэд 6 120 000 төгрөгийг өгсөн тул хамтран хариуцах ёстой хэмээн маргасан билээ. Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд ч тухай дурьдаагүй бөгөөд гэрээний зүйл болон хүү алдангийн талаар огт гомдол гаргаагүй байтал давж заалдах шатны шүүх огт үндэслэлгүйгээр 7 585 000 төгрөгийн алдангийг багасгаж шийдвэрлэлээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч Б.Соос зээлийн гэрээний үүрэгт 54 378 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 46 878 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, зээл 28 500 000 төгрөгөөс 6 120 000 төгрөгийг Д.Батдорж авсан, нэмэгдүүлсэн хүү, алдангийг илүү бодсон гэж маргажээ.

Анхан шатны шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 28 500 000 төгрөг, хүү 1 840 000 төгрөг, алданги 15 170 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 368 000 төгрөг нийт 46 878 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх алдангийг 50 хувиар багасгаж, нэмэгдүүлсэн хүү гаргуулсныг хасч, хариуцагчаас 37 925 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх тул “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигч талуудын бичгээр байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр ба гэрээний дагуу зээлдүүлэгч Б.Ба нь 28 500 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, Б.С нь 5 000 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх зээлийн хугацаа, сарын 8 хувийн хүү, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөх гэрээгээр тогтоосон нөхцлийг үндэслэж, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоож, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд алдангийг багасгасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтын зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 826 дугаар дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА