Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2017/00063/И |
Дугаар | 146/ШШ2017/00070 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2017/00070
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн Шивээт, 6 гудамж, 34 тоотод оршин суух, ЙС60091403 дугаарын регистртэй, Ишгэн овогт Рэнжавын Чимгээгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Чимгээ нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Р.Чимгээ миний бие 1980 оны 07 дугаар сарын 15-наас тус сумын эмнэлэгт нягтлан бодогчоор 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан маань тогтоогдохгүй байна. Иймд 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Хужирт сумын эмнэлэгт нябогоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Чимгээ нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын эмнэлэгт 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Р.Чимгээ 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 он хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Өвөрхангай аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын эмнэлэгт ажиллаж байсан Р.Чимгээгийн 1980-1989 онд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, Р.Чимгээ нь 1990-1994 онд эмнэлэгт ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт, гэрч О.Саранцэцэгийн “...Р.Чимгээ нь намайг 1981 онд сургуулиа төгсөж ирэхэд Хужирт сумын эмнэлэгт нягтлангаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа оны шилдэг нягтлан бодогч, байгууллагын аварга ажилтан зэрэг шагнал урамшуулал авч байсан. Манай Хужирт сумын эмнэлэг нь 70 гаран ажилчинтай байсан ба би тухайн үед эх баригч, бага эмчээр ажиллаж байсан бөгөөд одоо хүртэл тэр ажлаа хийж байна. Р.Чимгээ нь Хужирт сумын эмнэлэгээс 1998 онд өөрийнхөө хүсэлтээр гарч байсан. Хужирт сумын эмнэлэгт нягтлан бодогчоор Р.Чимгээ нь ажиллаж байсан үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Үржинсүрэнгийн “...Би 1991 оноос эхлэн Хужирт сумын эмнэлэгт эх баригч эмчээр ажиллаж эхэлсэн. Намайг анх ажилд орох үед Р.Чимгээ нь тус эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа байгууллагын аварга, яамны жуух бичиг зэрэг шагнал урамшуулал авч байсан. Р.Чимгээ нь 1998 оныг дуустал ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарсан. Хужирт сумын эмнэлэгт нягтлан бодогчоор Р.Чимгээ нь ажиллаж байсан үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ишгэн овогт Рэнжавын Чимгээг 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 он хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ишгэн овогт Рэнжавын Чимгээг Өвөрхангай аймгийн Хужирт сумын эмнэлэгт 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА