Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/235

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Б.О-Э

Шүүгдэгч Б.Б-У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-Уад холбогдох эрүүгийн 2025000000252 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б-У нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны гадаа У.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б.Б-У мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч У.Т болон хууль ёсны төлөөлөгч М.Н нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч У.Тын “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12 дугаар байр болон 3-13 дугаар байрны голд байх сагсны талбай дээр Б.Б-Утай таарсан ба надруу явуулсан мессежний талаар хэлж хоорондоо маргалдахад Б.Б-У миний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/

 

2. Иргэний нэхэмжлэгч М.Н-лийн “Би хүүгийнхээ эмчилгээний зардал гэж 200 000 төгрөгийг яллагдагч талаас хүлээн авсан. Одоо манай зүгээс гаргах нэхэмжлэл байхгүй. Дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

3. Гэрч И.М-гын “Нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Б.Б-У надад ярихдаа байрны урд талын сагсны талбай дээр хүүхэдтэй маргалдсан, миний фейсбүүк хаягаас өөр хүн орж буруу зүйл бичсэнд уучлаарай гэж хэлсэн боловч учраа олж чадаагүй маргалдаж тэр хүүхдийг цохисон гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

 

4. Гэрч Н.Э-ын “Хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Б.Б-У надад хэлэхдээ миний фейсбүүк хаягаар зүс таньдаг У.Тын фейсбүүк хаяг руу аав чинь гуйлгачин, ээж чинь янхан гэж бичсэн байна. Энэ мессежийг би явуулаагүй, миний фейсбүүкээр өөр хүн орсон байна. У.Ттай байрны гадаа таараад энэ талаар хэлэхэд уурлаж миний хувцаснаас зуурсан, бид хоёр маргалдсан, намайг цохисон, би зөрүүлээд У.Тын нүүрэн тус газарт цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

 

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 431 дугаартай “У.Тын биед зүүн нүдний дээд, доод цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 17-18-р хуудас/

 

6. Шүүгдэгч Б.Б-Уын “2020.05.24-ний орой би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12, 3-13 дугаар байрны голд байрлах сагсны талбай дээр найз Б, М, Х, Э, Б нарын хамт тоглож байхад зүс таньдаг байрны У.Т над дээр ирээд миний фейсбүүк хаяг руу юу гэж мессеж бичээд байгаа юм бэ гэхээр нь би юу гэж бичсэн юм бэ, яагаад уурлаад байгаа юм бэ гэж асуухад надад ямар нэгэн хариулт өгөөгүй. У.Т надад хандаж хоёулаа орцонд орж зодолдох уу гэж хэлэхээр нь би юу болсон юм бэ гэж асуухад оролдох хүнээ оролдоорой гэж хэлсэн. Үүнээс болж У.Ттай маргалдаж нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохисон. У.Т надад цохиулчхаад хэсэг сууж байгаад гэрлүүгээ орсон. Миний хувьд У.Тыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б-У нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-13-р байрны гадаа насанд хүрээгүй хохирогч У.Тыг нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч У.Тын мэдүүлэг, шинжээчийн 431 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Б-Уын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирол төлбөрт 200 000 төгрөг төлсөн. Бусдад төлөх төлбөргүй байна. шүүгдэгч Б. Б.Б-Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх санал гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч У.Тын  “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12 дугаар байр болон 3-13 дугаар байрны голд байх сагсны талбай дээр Б.Б-Утай таарсан ба надруу явуулсан мессежний талаар хэлж хоорондоо маргалдахад Б.Б-У миний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-ийн “Би хүүгийнхээ эмчилгээний зардал гэж 200 000 төгрөгийг яллагдагч талаас хүлээн авсан. Одоо манай зүгээс гаргах нэхэмжлэл байхгүй. Дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч И.М-гын “Нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Б.Б-У надад ярихдаа байрны урд талын сагсны талбай дээр хүүхэдтэй маргалдсан, миний фейсбүүк хаягаас өөр хүн орж буруу зүйл бичсэнд уучлаарай гэж хэлсэн боловч учраа олж чадаагүй маргалдаж тэр хүүхдийг цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Э-дын “Хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Б.Б-У надад хэлэхдээ миний фейсбүүк хаягаар зүс таньдаг У.Тын фейсбүүк хаяг руу аав чинь гуйлгачин, ээж чинь янхан гэж бичсэн байна. Энэ мессежийг би явуулаагүй, миний фейсбүүкээр өөр хүн орсон байна. У.Т-тай байрны гадаа таараад энэ талаар хэлэхэд уурлаж миний хувцаснаас зуурсан, бид хоёр маргалдсан, намайг цохисон, би зөрүүлээд У.Тын нүүрэн тус газарт цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б-Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б-У нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны гадаа У.Тыг нүүрэн тус газарт нь хорч удаа цохиж, зүүн нүдний дээд, доод цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б-Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-Уыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-Уад оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС