| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2015/00843/И |
| Дугаар | 181/ШШ2016/01609 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2016/01609
|
|
|
|
2016 оны 12 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2016/01609 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хүдэр мөнх төвийн байрны 401 тоотод байрлах, Аядолтауэр /IDOL TOWER/ ХХК-ийн хүсэлттэй, хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Төгс, нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтсийг төлөөлж Д.Отгонцэцэг, М.Отгонтуяа, Монголиан Пропертиз констракшн ХХК-ийг төлөөлж Б.Сод-Эрдэнэ, М.Пүрэвбазар, прокурор Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Аядолтауэр /IDOL TOWER/ ХХК-нь 2007 Жи Эс Эс Эм ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. 2010 онд Аядолтауэр ХХК гэж нэрээ өөрчлөн бүртгүүлсэн. Өмнөд Солонгос улсын иргэн Moo Hyun Cha нь 2008 оны 7 дугаар сарын 07-ныг хүртэл тус компаний 100 % -ийн хувьцаа эзэмшигч байсан. Тэрээр өөрийн хувьцааныхаа 25%-ийг Хятад улсын иргэн Li Fenji Cha-д шилжүүлсэн. 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр С.Цэдэнсоном нь тус компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болсон.
Аядолтауэр ХХК-нь барилга засвар, барилга угсралтын ажил, цайны газар, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байсан. Манай компани Монголиан Пропертиз констракшн ХХК-тай 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2010 оны 7 дугаар сараас Олимпик Разидинс нэртэй цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн. Гэтэл захиалагч тал 2011 оны 4 дүгээр сараас өөр компаниар ажлыг гүйцэтгүүлэхээр болсон тул ажлыг бид гүйцэтгээгүй. Гэрээг цуцлах санаачлагыг захиалагч талаас гаргасан бөгөөд бид ямар нэгэн зөрчил гаргаагүй тул 4 дүгээр сард ажлаа үргэлжлүүлэх зорилгоор барилгын талбайд ашиглаж байсан 40тн-ын контейнер 1 ш, арматур таслагч 2 ш,арматур матагч 2ш, 380 вт-ын төмөр тасдагч 1ш, фогрушик буюу өөрөө ачигч тээврийн хэрэгсэл 1ш болон өөрсдийн амчлөлийн эд зүйлийг орхиж явсан. Бидэнд цаг хугацаа, эд хөрөнгийн ихээхэн хохирол учирсан тул бид бараа материал, цалин хөлс гэх мэт нийт 43 696 112 төгрөг болон 34 000 ам доллар нэхэмжилж шүүхэд хандсан. Гэтэл Монголиан Пропертиз констракшн ХХК- нь 591 898 080 төгрөг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Шүүх манай компани Монголиан Пропертиз констракшн ХХК-д 206 595 302 төгрөгийг төлөх, манай компанид Монголиан Пропертиз констракшн ХХК-нь 31 850 153 төгрөгийг, /40тн-ын контейнер 1 ш, арматур таслагч 2 ш,арматар матагч 2ш, 380 вт-ын төмөр тасдагч 1ш, фогрушик буюу өөрөө ачигч тээврийн хэрэгсэл 1ш /-ийг өгөх шийдвэр гаргасан. Мөн Баянгол дүүргийн Татварын хэлтэст 256 973 579 төгрөгийн өртэй байгаа юмаа.
Одоо манай компани ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд ажлын бүх тоног төхөөрөмж нь шүүхийн шийдвэрээр хураагдсан.
Манай компанийн эргэлтийн хөрөнгө 137 543 200 төгрөг, харин бусдад төлөх төлбөр 397 094 247 төгрөг, эргэлтийн хөрөнгөнөөс өр төлбөрийг хасахад /-/ төгрөг буюу өөрийн хөрөнгөгүй байна.
Дампуурлын тухай хуулийн 4.1-д өөрийн хөрөнгийн 10 аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэжээ. Нэхэмжлэгч нар дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй. Иймд Аядолтауэр ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Аядолтауэр ХХК-нь 203 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 260075 тоот Татварын улсын байцаагчийн дүгнэлтээр 471 527,2 мянган төгрөгийн , 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 260000379 тоот Татварын улсын байцаагчийн дүгнэлтээр 2098207,7 мянган төгрөгийн нийт 256 973 579 төгрөгийн зөрчил илэрснийг Цагдаагийн байгууллага 2015260000225 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад татвар төлөгч Аядолтауэр ХХК-ийн захирал С.Цэдэнсоном нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд тус компаниас 256 973 579 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсад төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч Монголиан Пропертиз констракшн ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Манай компани 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Аядолтауэр ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулж урьдчилгаа ажлын хөлс 280 000 ам долларыг шилжүүлсэн. Аядолтауэр ХХК-нь барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэхдээ батлагдсан зураг төслийг үндэслэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан тул Улсын мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралтын ажил зогсоох тухай №06/65/163 дугаартай актаар барилгын ажлыг зогсоосон. Үүний улмаас манай компанид их хэмжээний хохирол учирч шүүхэд хандсан.
Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр Аядолтауэр ХХК-иас 206 595 302 төгрөгийг, улсын тэмдэгдийн хураамжид төлсөн 1 190 926 төгрөгийн хамт нийт 207 786 228 төгрөгийг манай компанид олгох, манай компаниас 31 534 531 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 622 төгрөгийн хамт нийт 31 850 153 төгрөгийг /40тн-ын контейнер 1 ш, арматур таслагч 2 ш,арматар матагч 2ш, 380 вт-ын төмөр тасдагч 1ш, фогрушик буюу өөрөө ачигч тээврийн хэрэгсэл 1ш /-ийг Аядолтауэр ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад С.Цэдэнсономын хүүхдийн мөнгө болох 1 749 840 төгрөгийг суутгаж авсан байгаа юм. Энэ бүхнийг хасаад одоо 174 186 235 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлтийг хангах үндэстэй байна.
Аядолтауэр /IDOL TOWER/ ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурсанд тооцож татан буулгах хүсэлт гаргажээ.
Тус ХХК нь 1 гишүүнтэй бөгөөд барилга засвар, барилга угсралтын ажил, цайны газар, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулахаар 2007 оны 4 дүгээр сарын 26-нд Жи Эс Эс Эм ХХК нэрээр, 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр компанийн нэрийг Аядолтауэр ХХК гэж өөрчлөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 204-205-р хуудас/
Аядолтауэр ХХК нь нэр бүхий 137 543 200 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй ба Баянгол дүүргийн татварын хэлтэст 256 973 579 төгрөгийн, Монголиан Пропертиз констракшн ХХК-д 174 186 235 төгрөгийн өртэй болох нь зохигчдын тайлбар, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөл,Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1587 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай тогтоол, 2010-2012 оны санхүүгийн тайлан баланс, татварын улсын байцаагчийн дүгнэлт, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 5-61, 89-90, 92-95,12-130, 204-212/, /2 дугаар хавтасны 30-31, 47-57,132-145-р хуудас/
Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “өөрийн хөрөнгө гэж хариуцагчийн үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүүг”, 4 дүгээр зүйлийн 4.1.-т “өөрийн хөрөнгийн 10-с доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заажээ.
Аядол тауэр ХХК нь 2011 онд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тогтоол болон НШГА-с явуулсан ажиллагаагаар тогтоогдож байна.
Мөн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Татварын улсын байцаагчийн дүгнэлтээр нийт 256 973 579 төгрөгийн зөрчил илэрснийг Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад татвар төлөгч Аядолтауэр ХХК-ийн захирал С.Цэдэнсоном нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан боловч улсад төлөх 256 973 579 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй байна
Дээрх баримтаас үзэхэд тус компани нь өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг хуульд заасан хугацаанд биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдсон бөгөөд өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүй болжээ.
Шүүх Аядолтауэр ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний дотор гаргуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад Баянгол дүүргийн татварын хэлтэс нь татварын байцаагчийн дүгнэлт болон тус дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор тогтоогдсон 256 973 579 төгрөгийн төлбөрийг,
Монголиан Пропертиз констракшн ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсон 207 786 228 төгрөгийн төлбөрийг тус тус нэхэмжилжээ.
Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 5921 дугаартай захирамжаар хуульч Ш.Буянжаргалыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд тэрээр дүгнэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн байна.
Үүнээс үзэхэд Аядолтауэр ХХК нь 2013 оны 1 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрийн чадваргүй болсон байх бөгөөд тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт, төлөвлөгөө ирээгүй тул дампуурсанд тооцож татан буулгах үндэстэй байна.
Компанийг татан буулгах ажиллагааг хэрэг гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь.
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-т заасныг баримтлан Аядолтауэр ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 34, 35, 36 дугаар зүйлд зааснаар Аядолтауэр ХХК-ийн эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөнөөс Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 256 973 579 төгрөг, Монголиан Пропертиз констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 174 186 235 төгрөгт хуваарилалт хийхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.
3.Аядолтауэр ХХК-ийг татан буулгах ажиллагаа явуулахдаа хэрэг гүйцэтгэгчийн тайланд тусгагдаагүй Аядолтауэр ХХК-ийн эзэмшлийн 2008 онд үйлдвэрлэсэн, 0417 УБК улсын дугаартай FORLAND Маркийн 1 ширхэг автомашиныг оруулж тооцохыг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.
4.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т зааснаар Аядолтауэр ХХК –ийг дампуурсанд тооцож татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийнТамгын газрын дарга Э.Батмөнхөд даалгасугай.
5.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар Аядолтауэр ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц энэ тухай холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлээс хасуулах ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.
6.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1587 дугаартай шийдвэр биелүүлэх ажиллагааг явуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг энэ хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэг гүйцэтгэгч Аядолтауэр ХХК-ийг татан буулгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэж тайлангаа шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Аядолтауэр ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2., Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО