| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0219/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/234 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б-О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч С.Б-О
Шүүгдэгч Т.Э, Б.Э, Р.Л-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э, Б.Э, Р.Л-Э нарт холбогдох эрүүгийн 2025001730203 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбулаг” амралтын газарт А.И, Г.Ц нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Р.Л-Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбулаг” амралтын газарт А.И-рыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбулаг” амралтын газарт Р.Л-Э-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Эыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Э, Р.Л-Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Л-Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч А.И “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Г.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Цгийн “ би гэрийн зүүн үүдэн талын орон дээр сууж байхад гаднаас Ирдүк, Р.Л-Э нар орж ирээд эргүү бацаанууд гэж хэлээд Ирдүк гэдэг нэртэй залуу миний толгойн ар хэсэгрүү гараараа нилээн олон удаа цохисон. Би гараараа толгойгоо дараад доошоо хараад суухад нэг нь миний хамар хэсэгрүү нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-36-р хуудас/
2. Хохирогч А.Иын “2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө найз А, А, Г.Ц, Б.Э, танихгүй 4 охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Ар булаг” гэх газарт 2 машинтай зугаалж байхад нэг машин маань цасанд суусан. Цаснаас гаргах гэж хичээсэн боловч гаргаж чадаагүй. Нэг эмэгтэй нь утсаараа амралтын газрын хүн дуудахад нэг ах ирээд цасанд суусан машиныг татаж гаргаж өгсөн. Цаг орой болчихсон байсан болохоор бид нар амралтын газар очиж хонохоор болсон. Амралтын газарт их орой очсон. Цагийг санахгүй байна. Бид нар 5 ортой монгол гэрт ороод архи ууж, хөзөр тоглоод, хоорондоо юм яриад сууж байхад гаднаас хоёр залуу гэр андуурч орж ирээд гараад явсан. Бид нар унтах гээд гэриин хаалгыг модоор хөшиж цоожилчихоод унтах гэж байхад хаалгыг гаднаас нь татаад байсан. А хаалга онгойлгоод гэрээс гарахаар нь Б.Э бид хоёр араас нь гарсан. Намайг гэрээс гарахад нэг залуу ирээд нүүрэн тус газар луу цохисон. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор хэдэн хүн байсныг мэдэхгүй байна. Би доошоо хараад тонгойход нэг нь миний цамцнаас татаад газар унагааж толгойруу өшиглөсөн. Ойролцоогоор 2-3 хүн намайг өшиглөсөн гэж бодож байна. Би газар хэсэг хугацаанд хэвтэж байгаад босоход манай гэрийн гадаа 6-7 хүн зогсож байсан ба гэрлүү ороход миний араас толгойн ар хэсэгрүү нэг зүйлээр цохисон. Цохиулаад урагшаа газарт унахад миний толгойн ар талруу 2-3 хүн хөлөөрөө өшиглөсөн. Хэн өшиглөсөн талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Намайг гэрт газар хэвтэж байхад Ирдүк, нүдний шилтэй урт үстэй залуу нар газраас босгоод орон дээр суулгасан. Миний баруун талд Ирдүк, зүүн талд нүдний шилтэй, урт үстэй залуу нар суусан ба Ирдүк надад хандаж наад цусаа арч гэж хэлсэн. Би гараа хөдөлгөж чадахгүй байсан болохоор хэлээрээ цусаа арчихад тэгж арчихгүй гэж хэлээд Ирдүк миний хамар хэсэгрүү гараараа нэг удаа цохисон. Ирдүкэд цохиулсаны дараа миний хамар маш их өвдсөн, мөн цус их гарсан. Би Ирдүкээс ахаа та нар яагаад бид нарыг зодож байгаа юм бэ, одоо ингээд больчих тэхүү гэж гуйгаад юм ярьж байхад Ирдүк гэнэт чи бид хоёр хэзээ ах дүү болчихсон билээ гэж хэлээд баруун нүд, хамар хоёрын гол хэсэгрүү цохисон. Мөнхзаяа гэдэг нэртэй залуу найзуудыгаа авч гарах гэсэн боловч нөгөөдүүл нь үгэнд нь орохгүй байсан. Намайг цохиод газар унагаах үед Г.Ц-г Ирдүк цохиж байсан. Мөн Ацохиулчихсан орон дээр хэвтэж байсан. Гэрт тэр залуучууд маш удаан бид нарыг дээрэлхэж зодсон, гэрээс гараад буцаж орж ирээд дээрэлхээд байсан. Надад бол 2 цаг орчим хугацаанд гэрт зодуулсан, дээрэлхүүлсэн гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-42-р хуудас/
3. Хохирогч Р.Л-Э-нийн “Би дотроо гэр андуурсан байна гэдгийг мэдээд дахин гэрийн хаалгыг онгойлгоод уучлаарай, гэр андуурчихсан байна гэж хэлсэн. Тэр үед танихгүй 3 эрэгтэй хүн гарч ирээд пизда минь яагаад хаалга онгойлгоод байгаа юм бэ гэж хэлсэн. Би тэр залуучуудад хандаж хаалга андуурчихлаа гэж хэлсэн биздээ гэж хэлэхэд өндөр нуруутай, халзан толгойтой залуу миний хувцаснаас зуураад баруун талын нүд хэсэгрүү гараараа нэг удаа цохисон. Өндөр нуруутай залуутай хамт гэрээс гарч ирсэн буржгар үстэй А.И гэдэг нэртэй залуу нар миний хувцаснаас зуураад газар унагаасан. Би газар унахаас өмнө А.И гэдэг залуугийн баруун талын шанаа хэсэгрүү гараараа нэг удаа цохисон. Намайг газар унагаагаад зүүн нүд, хамар, ам хэсэгрүү өшиглөсөн, гараараа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38-р хуудас/
4. Гэрч Б.А-ын “Би эхлээд гэрээс гарсан. Миний араас А.И, Б.Э нар гарч ирсэн. Намайг гэрээс гарахад хаалга онгойлгоод байсан Р.Л-Э гэдэг нэртэй залуу намхан нуруутай залуугийн хамт зогсож байсан. Би гэрийн баруун урагшаа ойролцоогоор 7 орчим метрийн зайд очиж зогсоод бие засчихаад эргээд гэрийнхээ урд ирэхэд А.И 2 эрэгтэй хүнд зодуулж байх шиг байсан. Би очоод салгасан боловч урт үстэй өндөр нуруутай эрэгтэй хүн намайг татаад газар унагаасан. Энэ явдал маш хурдан болж өнгөрсөн Би газраас босоод шууд гэрт ороход Г.Ц, Амарбаяр нар байсан. Миний араас Б.Э орж ирсэн. Удалгүй араас нөгөө залуучууд орж ирэхэд Р.Л-Э гэдэг нэртэй залуу түлээний модноос аваад шууд миний толгойруу цохисон. А.И, Б.Э хоёр Р.Л-Э-нийг цохиж зодож байгааг би хараагүй. Тухайн үед бие засаж байсан. Мөн гадаа харанхуй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-44-р хуудас/
5. Гэрч О.Х-вийн “2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр найз Р.Лхам-Эрдэнийн төрсөн өдөр болж байсан болохоор Г, Т.Э, Т, М, түүний найз охин 'у Б, Б, Р.Л-Э нартай уулзаад Орхон аймгийн Баян-өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” зочид буудалд архи ууж байхад гаднаас эргүүлийн цагдаа орж ирээд буудалд архи ууж болохгүй, одоо гар гэж хэлсэн. Тэгээд бид нар буудлаас гарахад Р.Л-Э сая Хэрлэн залгасан, Ар булаг амралтын газарт байна, хүрээд ирээч гэж байна, хэдүүлээ очиж уу гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ Ар булаг амралтын газарлуу хөдлөөд шөнийн 00 цаг өнгөрч байхад очиж 4-5 ортой монгол гэр аваад орсон. Бид нарын буудалсан гэх гэрийн зүүн талд 2-3 гэрийн цаана байх монгол гэрт Хэрлэн найз нарынхаа хамт орчихсон байсан. Бид нар хоногоор авсан гэртэй архи уугаад дуулж байхад Төгөлдөр гаднаас гуйвж орж ирээд Р.Л-Э ахыг зодож байна гэж хэлсэн. Бид нар гэрээс цуваад гарсан. Намайг гэрээс гарахад Гантулгын үснээс нэг эрэгтэй зулгаачихсан байсан. Би тэр залууг болиулах гэхэд дахиад нэг залуу ирээд миний нүүрэн тус газарт гараараа цохисон. гэрийн гадаа харилцан зодоон болсон. Миний санаж байгаагаар Гантулга миний шил байхгүй байна, олоод өгөөч гэж хэлсэн. Тэр үед халзан толгойтой, өндөр нуруутай залуу гартаа мод барьчихсан, ална шүү гэж хэлж байсан. Бид нартай зодолдож байсан залуучуудын өөрсдийнхөө гэрлүү орсон. Бид нар тэр залуучуудын араас гэрт ороход миний зүс таньдаг Амарбаяр байсан ба намайг дагуулаад гэрээс гараад энэ зодооныг одоо болий, салгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Халзан толгойтой, өндөр нуруутай залуу нилээн соггуу, надруу агсараад намайг нэг цохивол 1 сая төгрөг, 2 цохивол 2 сая төгрөг гэх мэтээр доромжлоод байсан. Би тэр залуугийн нүүрэн, мөр хэсэгт 2-3 удаа цохисон. Гаднаас Б орж ирээд бид нарыг дагуулаад гэрлүү орсон. Удалгүй цагдаа нар ирээд Т.Э, Б, А.И гэдэг нэртэй залуу нарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/
6. Гэрч М.Т-ийн “2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамт ажилладаг Р.Л-Э ахын төрсөн өдрийг Г, Р.Л-Э, Т.Э, М, түүний найз охин Б, О.Х, Б нарын хамт тэмдэглэж байгаад Ар булаг амралтын газарт очсон. Бид нар амралтын газарт 4 ортой монгол гэрт ороод архи уусан. Шөнө дунд Р.Л-Э ах бид Р.Л-Э ахын найз Хэрлэнгийн амарч байсан гэрлүү орох гээд наад талынх нь гэрт байсан танихгүй хүмүүсийн гэрлүү орчихсон ба айл андуурчихсан байна гэж хэлээд гэрээс гарсан. Уг гэрээс 3 эрэгтэй гарч ирээд та нар ямар пизданууд бэ гэж хэлэхэд Р.Л-Э уучлаарай хөгшөөн айл андуурчихлаа гэж хэлэхэд тэр 3 залуу Р.Л-Э ахыг бариад авсан. Би болиочээ гэж хэлэхэд намайг түлхээд газар унагаасан, Р.Л-Э ахыг цохиод газар унагаасан. Тэр үед би гүйгээд өөрсдийнхөө гэрт орж нөгөө хэдийгээ дуудсан. Буцаад Р.Л-Э дээр очиход газар уначихсан, дээрээс нь нөгөө залуучууд цохиж байсан. Гадаа харанхуй байсан болохоор яг хэн нь цохиж байсныг хараагүй. Ингээд харилцан зодоон эхэлсэн, тэр залуучууд болон надтай хамт явж байсан ах нар хоорондоо зодолдсон. Би гүйж байгаад бүдэрч унахад А.И гэдэг нэртэй залуу /сүүлд цагдаагийн гадаа байхдаа нэрийг нь мэдсэн/ миний гаран дээр гишгэсэн. Мөн миний нүд, хөлрүү цохисон. Яг хэн цохисныг сайн харж чадаагүй. Энэ явдал маш хурдан болж өнгөрсөн. Хэн нь хэнтэйгээ зодолдоод байгаа нь мэдэгдэхээ больчихсон. Тэр залууд гэрлүүгээ орсны дараа бид нар хэл амаараа учраа олох гээд араас нь ороод юм ярьж байгаад өөрсдийнхөө гэрт орсон. Миний мэдэхээр гэр дотор зодоон болоогүй. Ямар ч байсан гэрийн гадаа А.И, Ирдүк ах хоёр хоорондоо хувцаснаасаа зууралцаад зогсож байхыг харсан. Тэр залуучуудаас Б.Э, А.И хоёр бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон, Б.Э нь Р.Л-Э ахыг газар унагаачихсан гараараа цохиж зодож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/
7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаартай “А.Иын биед духны ясны цууралт, хамрын таславчинй муруйлт, дээд баруун нэгдүгээр шүдний имтэрсэн хугарал, баруун нүдний зовхи, цээжинд цус хуралт, баруун хацар, баруун хөмсөг дотор зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духны ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, дээд баруун нэгдүгээр шүдний имтэрсэн хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний зовхи, цээжинд цус хуралт, баруун хацар, баруун хөмсөг дотор зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Духны ясны цууралт, дээд баруун нэгдүгээр шүдний имтэрсэн хугарал нь хуучин гэмтэл байх магадлалтай байна. Бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байхаар байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-83-р хуудас/,
8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай “Г.Цгийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний урд буланд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний урд буланд цус хуралт эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 94-95-р хуудас/
9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 261 дугаартай “Р.Л-Эийн биед хоёр нүдний зовхи, дээд уруулын баруун хэсэг дотор ба гадна хэсгийг хамарсан цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр нүдний зовхи, дээд уруулын баруун хэсэг дотор ба гадна хэсгийг хамарсан цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд урууланд зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 88-89-р хуудас/
10. Яллагдагч Б.Эн “Би Р.Л-Э-нийг цохиогүй, харин сүүлд ирсэн урт үстэй залууг нэг удаа цохисон. Тэр урт үстэй залуугийн үснээс зулгаагаад ноцолдож байхдаа газар уначихсан. Газар уначихсан байхад намайг өшиглөсөн. Хэн өшиглөснийг мэдэхгүй байна Р.Л-Э-ийг хэн цохиж зодсоныг хэлж мэдэхгүй байна. А.Иыг хаана байсныг хараагүй. Миний хувьд Р.Л-Э-ийг цохиогүй. Намайг гэрээс гарахад 2-3 хүн байх шиг байсан. Би яг сайн санахгүй байна. Тухайн үед нилээн согтуу байсан. Гэхдээ өөрийнхөө хийж байгаа зүйлийн мэдэж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/болон шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Арбулаг амралтын газарт А.И, Г.Ц нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Р.Л-Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Арбулаг амралтын газарт А.Иыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Арбулаг амралтын газарт Р.Лхам-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Г.Ц-гийн мэдүүлэг, хохирогч А.Иын мэдүүлэг, хохирогч Р.Лхам-Эрдэн нарын мэдүүлэг, гэрч Б.А-дын мэдүүлэг, О.Х-вийн мэдүүлэг, М.Т-ийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны гаргасан шинжээчийн дүгнэлт зэрээг нотлогдож байна. Иймд шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Э, Р.Л-Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Э, Р.Л-Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Ц, А.И, Р.Л-Э нарын мэдүүлэг, гэрч Б.А, О.Х, М.Т нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаар дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 261 дугаар дүгнэлт шүүгдэгч Т.Э, Б.Э, Р.Л-Э нарын яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад параах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбулаг” амралтын газарт А.И, Г.Ц нарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,
2. Р.Л-Э нь 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбулаг” амралтын газарт А.Иыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,
3. Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Арбулаг” амралтын газарт Р.Л-Э-нийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Э, Р.Л-Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Э, Б.Э, Р.Л-Э нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас А.И, Г.Ц, Р.Л-Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогчид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Э, Р.Л-Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Р.Лхам-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Э, Р.Л-Э нарт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э, Б.Э, Р.Л-Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС