Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/122

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар Л.М, Э.Э

Өсвөр насны шүүгдэгч Д.Н, Э.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н, Э.Г нарт холбогдох эрүүгийн 1925009070040 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Н, Э.Г нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан худалдааны төвийн урд иргэн Г.Б-эний аяфоне 5 эс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Д.Н, Э.Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гы хууль ёсны төлөөлөгч Э.Э: “Манай ээж манай хажууд байдаг. Би энэ өвөл өөр аймагт ажил хийж яваад ирсэн. Манай хүүхэд их завгүй байдаг. Ийм хэрэгт холбогдсон байна гэхэд их сандарсан. Миний хүү өглөө хичээлдээ яваад хичээлээ тараад секцэндээ явдаг.  Цаашид хүүхдээ сайн харж хандана.  Ял шийтгэлийг багаар оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нын хууль ёсны төлөөлөгч Л.М: “Одоохондоо ажилгүй байгаа болохоор хохирол төлбөрийг бүрэн барагдуулж чадахгүй байна. Ямар ч байсан хохирлыг төлж барагдуулна. Манай хүүхэд 2019 оны 12 дугаар сарын сарын 1-нээс секцэнд явж эхэлсэн. Би охин хүү хоёртой. Миний хүү их даруухан томоотой, онц сурдаг, ангийн дарга хийдэг байсан. Хэрэгт холбогдож байгаагүй. Би 2019 оны 12 сард хөдөө ажлаар явж байгаад хүүхэддээ анхаарал сул тавьсан. Миний хүүд ял, шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогч Г.Б-Э “Шүүх хуралдаан оролцох боломжгүй байна. Миний хохирол төлбөр болох 1 сая төгрөг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Б-э-ий “...2019 оны 12 сарын 07-ны 17 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харих гээд Сонорхайрхан төвийн урдуур явж байсан чинь 12-13 орчим насны шар өнгийн куртик өмссөн эрэгтэй хүүхэд над дээр ирээд ахаа таныг хүн дуудаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад уулзах хүн байхгүй гэсэн чинь нөгөө хүүхэд дахин дахин урдуур орж ирээд намайг явуулахгүй байхаар нь би чамайг цагдаа дуудаад өгчихье гээд гар утсаа чихэндээ барьтал хамт явж байсан хар өнгийн куртиктэй хүүхэд миний гар утсыг шүүрч аваад 6-18 дугаар байрны зүг зугтаагаад явсан. Тэгэхээр нь би тэр хүүхдүүдийг барих гээд араас нь гүйгээд 6-18 дугаар байрны гол хэсэгт машин замын мөсөн дээр халтирч унаад босох гэтэл босож чадахгүй болохоор нь тэр хавиар явж байсан танихгүй хүний гар утсыг нь гуйж эмнэлэг рүү яриад эмнэлэгт очоод үзүүлэлт миний хөлийн шилбэ, өсгий хэсгээрээ 3 удаа хугарсан байна гэж хэлсэн болохоор цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан байгаа. Би одоо харвал бас сайн танихгүй ямар ч байсан 2 хүүхдийн 1 намхан нуруутай эрэгтэй хүүхэд шар куртиктэй явж байсан. Харин нөгөө туранхай өндөр хүүхэд нь хар урт куртиктэй явж байсан. Аяпоне 5 эс загварын цагаан саарал өнгийн нүүр нь хар өнгөтэй гар утас байсан. Онцлог шинж тэмдэг гэвэл ар тал нь бага зэрэг хонхойчихсон байгаа. 2018 оны 10 сард Улаанбаатар хотоос 200 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би энэ хүүхдүүдээс болж хөлөө гэмтээж дээрээс нь эд хөрөнгөөрөө хохирсон тул хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

 

2. Насанд хүрээгүй гэрч Л.Б-лын ...“2019 оны 12 сарын 07-ны орой 20 цаг өнгөрч байхад манай ангийн хүүхдүүд болох Д.Н, Э.Г бид нар Спорт ордонд байрлах бөхийн дугуйландаа орчхоод гарч ирсэн. Тэгээд 3-уулаа Төгөл, Баян худалдааны төвийн үүдээр явж байхад үл таних халамцуу, согтуу ах халтираад газар уначихаар нь Э.Г, Д.Н бид нар очиж босгож өгсөн. Тэгээд Д.Н, Э.Г хоёр тэр ахыг шоглоод байсан чинь тэр ах бид нарыг хөөгөөд Сонорхайрхан төвийн үүдэнд иртэл тэр ах бид нарыг дуудаад байхаар нь Э.Г, Д.Н хоёр тэр ах дээр очсон. Би ард нь үлдээд хоцорсон. Намайг харж байхад тэр ах халааснаасаа гар утсаа гаргаж ирээд байх шиг байсан. Тэгтэл хажуу талаас нь Д.Н тэр ахын гарт байсан гар утсыг нь аваад зугтаахаар нь Э.Г бид хоёр бас араас нь гүйсэн. Д.Н, Э.Г хоёр түрүүлээд хурдан гүйгээд явчихсан болохоор яг хаашаа явсныг нь мэдээгүй би “Шинэ сар” худалдааны төвийн үүдэн дээр очоод Д.Н луу утсаар залгаад хаана байгаа юм бэ гэж асуутал 6-18 дугаар байрны ар талд байна гэж хэлэхээр нь би тэр 2-ын урдаас очих гэж явж байтал өөдөөс Э.Г Д.Н хоёр хамт хүрч ирсэн. Тэгээд 3-уулаа Шинэ сар худалдааны төвийн үүдэн дээр ирээд Д.Н, Э.Г хоёр биллярд тоглоно гэж хэлэхээр нь би тоглохгүй одоо харилаа гэж хэлээд салаад харьсан....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

3. “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 12 сарын 13-ний өдрийн №19458 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-26-р хуудас/

 

4. Даваасүрэнгийн Д.Нын нас тоолсон тухай “2019 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар Д.Н нь 15 нас 7 сар 18 хоногтой байна” гэсэн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-6-р хуудас/

 

5. Э.Эийн Э.Гы нас тоолсон тухай “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Э.Г нь 14 нас 1 сар 27 хоногтой байна” гэсэн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар. /хх-ийн 7-8-р хуудас/

 

6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 9-10-р хуудас/

7. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11-р хуудас/ болон яллагдагч нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Н, Э.Г нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Б-Ээс IPHONE 5S маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн шүүгдэгч нар нь хэргээ ярьж мэдүүлдэг. Шүүгдэгч нар нь хуульд тусгайлан заасан өсвөр насны яллагдагч гэсэн ийм нэр томъёогоор оруулж ирсэн байгаа. Энэ хүүхдүүд бие болон сэтгэхүйн хувьд шилжилтийн насандаа явж байгаа. Нийгэмд гараад том хүн шиг биеэ аваад явах чадвар багатай байдаг. Зүгээр хөгшин настай хүнээр тоглоод утсыг нь авч байгаа үйлдлээ өөрсдөө гэмт хэрэг гэж бодоогүй нөхцөл байдал хавтаст хэргээс харагддаг. Цаашид үүн дээр ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээд шүүх хуралдааны танхимаас гарах хэрэгтэй. Дахин ийм гэмт хэрэгт холбогдож болохгүй. Эдгээр хүүхдүүд нь сурлага болон спорт, урлагийн авъяастай хүүхдүүд байгаа энэ чанараа цаашид хөгжүүлээд явах хэрэгтэй. Иймд шүүгдэгч Э.Г, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иймд шүүгдэгч Э.Г, Д.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилхийн хорих ял оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр  насны шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас  Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар 575 468 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-Эд олгуулах саналтай байна” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Энэ хэргийн гэм буруугийн тал дээр улсын яллагчтай мэтгэлцэх зүйлгүй.  Хохирогч 2 000 000 төгрөг  нэхэмжилсэн. Үүнээс 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн шүүхэд  гаргаж баримтыг судлаад үзэхэд нийт 1 836 130 төгрөгний баримт гаргаж өгсөн байдаг. Эдгээрээс ихэнх нь е баримт, зарим нь зарлагын баримт, зарим нь байгууллагаас гаргаж баримтууд байдаг. Эмнэлгийн баримт нь Г.Б-Э гэсэн нэртэй байна лээ. е баримтууд дээр нэр дурдагдсан зүйл байхгүй юм байна лээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан 59 500 төгрөгийн зарлагын баримт байдаг. Энэ нь хэнд  хүнд холбогдуулж гарсан эмчилгээний зардал гэх нэр байхгүй.  Энэ байдлуудыг шүүх харгалзаж үүнээс нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудыг нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцож гаргуулах нь зүйтэй байна. Хохирогчийн хувьд цалин хөлс нэхэмжилнэ гэсэн асуудал яригддаг боловч нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн баримтыг гаргаж өгсөн. Байгууллагын тодорхойлолт байхгүй, сарын цалин гэж яг хэдэн төгрөг авдаг талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй байгаа учраас цалин хөлсийг гаргуулах боломжгүй байна. Мөн шүүгдэгч нар нь 14, 15 настай өсвөр  насны шүүгдэгч нар байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, бусдад учирсан хохирол зэргийг бодоод үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн байгаа. Шүүгдэгч нарын хувийн байдал тэд нарын өөрсдөдөө хийж байгаа дүгнэлт, ар гэрийн зүгээс хохирогчийн хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5, 8.4-т заасан зүйлүүд, 7.6 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэглэх боломж байна.  Өсвөр насны шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг байдлуудыг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 2-т өсвөр насны шүүгдэгч нарыг ял шийтгэлд хүндэтгэлтэй хандах, алдаа засах боломжийг олгож байна гэсэн заалтын дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Б-Э-ний “2019 оны 12 сарын 07-ны 17 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харих гээд Сонорхайрхан төвийн урдуур явж байсан чинь 12-13 орчим насны шар өнгийн куртик өмссөн эрэгтэй хүүхэд над дээр ирээд ахаа таныг хүн дуудаад байна гэж хэлсэн тэгэхээр нь би надад уулзах хүн байхгүй гэсэн чинь нөгөө хүүхэд дахин дахин урдуур орж ирээд намайг явуулахгүй байхаар нь би чамайг цагдаа дуудаад өгчихье гээд гар утсаа чихэндээ барьтал хамт явж байсан хар өнгийн куртиктэй хүүхэд миний гар утсыг шүүрч аваад 6-18 дугаар байрны зүг зугтаагаад явсан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Л.Бүрэнжаргалын “Намайг харж байхад тэр ах халааснаасаа гар утсаа гаргаж ирээд байх шиг байсан. Тэгтэл хажуу талаас нь Д.Н тэр ахын гарт байсан гар утсыг нь аваад зугтаахаар нь Э.Г бид хоёр бас араас нь гүйсэн” гэсэн мэдүүлэг, гар утсанд үнэлгээ хийсэн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ий шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Д.Н, Э.Г нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан худалдааны төвийн урд явж байсан Г.Бат-Эрдэний аяфоне 5 эс загварын гар утсыг булаан авч 200000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Б-Э нь Д.Н, Э.Г нарын араас гүйж байгаад унаж хөлөө гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч Д.Н, Э.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Д.Н, Э.Г нарыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирлын зохих хэсгийг төлсөн байдал, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, нас зэргийг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид 200 000 төгрөгийн хохирол учирсан, гэмт хэрэг үйлдэгдэх үед өсвөр насны шүүгдэгч нарын араас явахдаа унаж хөлөө гэмтээсэн хор уршиг учирсан байна. Хохирогч нь гэм хорын хохирол гар утасны 200 000 төгрөг, хөл хугарсан эмчилгээний зардал 1 378 966 төгрөг, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалингийн зээлийн төлөлт 460 000 төгрөг, нийт 2 038 966 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар тус бүр 500 000 төгрөг, нийт 1 сая төгрөгийг хохирогчид төлсөн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ хийгдсэн 200 000 төгрөгийн хохирол, эмчилгээний зардлын нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн хавтаст хэргийн 90 дугаар хуудсанд авагдсан баримтаас бусад 1 375 468 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдсон байна гэж үзлээ. Ажилгүй байсан 2 сарын хугацааны цалингын зээлийн төлөлт 460 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримт хангалтгүй, гэм хорын хохирол, хор уршигт хамаарах эсэх нь тодорхойгүй байх тул хэлэлцэлгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Баримтаар тогтоогдсон 1 575 468 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нарын төлсөн 1 сая төгрөгийг хасч, 575 468 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Л.М, Э.Э нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогч Г.Б-Эд олгуулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Өсвөр насрны шүүгдэгч Д.Н, Э.Эийн Э.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1,2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Н, Э.Г нарт ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг зөрчсөн, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мгаас 287 734 төгрөг, Э.Эээс 287 734 төгрөг гаргуулж, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн тоотод оршин суух Г.Б-Э -д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Г.Б-Э нь ажилгүй байсан хугацааны зээлийн төлөлтөө нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС