| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0157/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/158 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох 2025000000129 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт Хонда Сивик маркийн - ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5 а,б,д дэх заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч явсан Н.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-гыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг төлөхөөр тохиролцсон. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ганцаараа ажил хийдэг. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Н.М “Би 2020 оын 03 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Дөмөг захын хойд замаар хөндлөн гарах гээд явж байхад - ОРА дугаартай машинд мөргүүлж, хүнд ноцтой гэмтэл авсан. Зүүн хөлний шилбэний яс хугарч бяцарсан, зүүн мөр мултарч эгэмны яс цуурсан бөгөөд нуруундаа олон шархтай эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор миний биеийн байдал хүндэвтэр байна. Тархины томографик шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хэдийгээр биеийн байдал хүнд байгаа боловч залуу хүний ирээдүйг бодож дахин битгий алдаасай гээд гомдол гаргах хүсэлгүй байна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.М-ын "Тэр өдрийн орой 20 цагийн орчим би 2-р микрт байдаг Дэлгэрэх төвийн баарны гадна байдаг хогноос шил, лааз цулуулж аваад “Дөмөг захын урд байдаг түүхий эд авдаг газарт тушаахаар зам хөндлөн гарахаар зам дээр гартал баруун гар талаас ирж яваа машин намайг мөргөсөн. Би машинд биеийнхээ зүүн хэсгээр мөргүүлж замын хажуу руу унасан” гэсэн мэдүүлэг. /хх-н 23-р хуудас/
2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 280 дугаартай дүгнэлтэнд “Н.Мын биед зүүн хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны ил хугарал, зүүн хөлийн атгаал ясны толгой хэсгийн далд мултарсан хугарал, зүүн хөлийн шилбэнд шарх, зүүн гарын бугалга. гуянд цус хуралт, нуруунд зулгаралт үүсчээ. Уг гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны ил хугарал нь 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зүүн хөлийн атгаал ясны толгой хэсгийн далд мултарсан хугарал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн хөлийн шилбэнд шарх, зүүн гарын бугалга, гуянд цус хуралт, нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-н 36-38-р хуудас/
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг. /хх-н 4-10 хуудас/
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-н 11-14 хуудас/
5. Гэрч Г.Э-гийн “Ажил тарахад Т.Б ажлын гадаа том хүүтэйгээ ирчихсэн байсан. Тэгээд гэрлүүгээ харихаар “Дөмөг” худалдааны төвийн арын төв замаар баруун чиглэлтэй явж байтал гэнэт замын хойд хэсгээс нэг хүн орж ирээд машины урд хэсэгт мөргүүлж, урд талын салхины шилэнд цохигдож машины баруун талаар газарт унасан. Тухайн үед нөхөр маань айсан уу нэг сонин болчихсон тэр чигтээ явсаар гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 31-р хуудас/
6. Гэрч Ж.Э-тын “2020 оны 03 сарын 08-ний орой 21 цаг өнгөрч байхад Оюут багт байрлах “Дөмөг” худалдааны төвийн ойролцоо “Петровис” шатахуун түгээх газрын хажуугийн төв замаар явж байтал нэг согтуу хүн зам хөндлөн гарч явтал 45-72 ора улсын дугаартай Хонда сивик маркийн саарал өнгийн бололтой тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаас ирж яваад тэр согтуу хүнийг мөргөж унагачихаад зугтаагаад “Дөмөг” худалдааны төврүү чиглээд хурдаа нэмээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 8-р хуудас/
7. Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03-р сарын 17-ны өдрийн №22 дугаартай шинжээчийн дүгнэлт “Т.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх гэсэн үүргээ биелүүлээгүй байх үндэслэлтэй байна. Уг осол нь Түмэннаст овогтой Т.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж явснаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-н 40-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт Хонда Сивик маркийн - ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5 а, б, д дэх заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч явсан Н.Мыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан мөн уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ж.Э-тын мэдүүлэг, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Б-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүлийн 2.3 дахь гэмт хэрэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн нөлөөлсөн байдал зэргийг харгалзан Т.Б-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Дээрх ялыг тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зам тээврийн ослын улмаас хүний бие хүнд гэмтэл учруулж, зам тээврийн ослын газрыг тус тус орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Зам тээврийн осол гарах үед хэрэгт авагдсан баримтаар осол болох үед өөдөөс нь тээврийн хэрэгсэл явж байсан болж таардаг. Тухайн үед харанхуй бүрий болсон, нар жаргасан байдаг. Нөгөө талаас тээврийн хэрэгсэл зөрж байх үед явган хүн гэнэт зам дээр гараад ирсэн байдаг. Гэрлийн тусгал нь жолоочийн нүдэнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл ихэнх нь буруу талдаа рультэй байгаа. Тухайн үед эхнэр нь хамт байсан. Эхнэр нь зогсох талаар хэлсэн байдаг. Гэтэл эхнэрийнхээ үгийг сонсолгүй явсан. Энэ тухайн хүний сэтгэл зүйн байдалтай холбоотой, хүн шокын байдалд орох, тодорхой хугацаанд өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Хохирогчийн хүүхэд нь Т.Б-гын гэрт очиж уулзсан байсан. Хохирогч ойрын хугацаанд томографикийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсний дагуу үүнийг нь зөвшөөрч бичиг хийж өгсөн байдаг. Шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж байгаа. Гэхдээ шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй байдаг. Өөрөө ажилгүй, эхнэр нь Номин худалдааны төвд ажилладаг. Хаан банкнаас хэрэглээний зээл авсан. Сар бүр 197 000 төгрөгийг төлдөг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд торгох ялын хэмжээг буруулж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хамгийн доод хэмжээгээр хасч өгнө үү. Шүүгдэгч өөрөө машин барьж амьдралаа залгуулдаг байдлыг харгалзан үзнэ үү” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Н.Мын “Тэр өдрийн орой 20 цагийн орчим би 2-р микрт байдаг Дэлгэрэх төвийн баарны гадна байдаг хогноос шил, лааз цуглуулж аваад “Дөмөг захын урд байдаг түүхий эд авдаг газарт тушаахаар зам хөндлөн гарахаар зам дээр гартал баруун гар талаас ирж яваа машин намайг мөргөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Э-гийн “Ажил тархад Т.Б ажпын гадаа том хүүтэйгээ ирчихсэн байсан. Тэгээд гэрлүүгээ харихаар “Дөмөг” худалдааны төвийн арын төв замаар баруун чиглэлтэй явж байтал гэнэт замын хойд хэсгээс нэг хүн орж ирээд машины урд хэсэгт мөргүүлж, урд талын салхины шилэнд цохигдож машины баруун талаар газарт унасан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Э-тын “2020 оны 03 сарын 08-ний орой 21 цаг өнгөрч байхад оюут багт байрлах “Дөмөг” худалдааны төвийн ойролцоо “Петровис” шатахуун түгээх газрын хажуугийн төв замаар явж байтал нэг согтуу хүн зам хөндлөн гарч явтал 45-72 ора улсын дугаартай Хонда сивик маркийн саарал өнгийн бололтой тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаас ирж яваад тэр согтуу хүнийг мөргөж унагчихаад зугтаагаад “Дөмөг” худалдааны төврүү чиглээд хурдаа нэмээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03-р сарын 17-ны өдрийн №22 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт Хонда Сивик маркийн 45-72 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5 а,б,д дэх заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч явсан Н.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б-гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-гыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын зохих хэсгийг төлсөн, хохирогчид цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж тохиролцсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Мад хүнд хохирол учруулсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн автомашины эвдэрсэн хар өнгийн шил арчигч, тээврийн хэрэгсэлийн гэрлийн хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ба-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн автомашины эвдэрсэн хар өнгийн шил арчигч, тээврийн хэрэгсэлийн гэрлийн хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Н.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС