Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 0864

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001052 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Марал-Од финанс” ХХКомпанид зээлийн эдийн засагчаар ажилладаг, ам бүл-3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагаан 4 дүгээр гудамжны 27 тоот хаягт бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 42 дугаар гудамжны 599А тоотод түр оршин суух, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1355 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Л овогт Б.Г (РД: ...........).

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анхны хишиг” худалдааны төвийн хажууд байрлах спорт заалны гадаа иргэн Б.Г-г “агсан тавилаа" гэх шалтгаанаар гараараа нүүр болон цээжин тус газар нь 3-4 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн дух, зулай, нүдний зовхи, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун гарын 2-р хуруунд шарх, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөг шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-с мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Алтанхуягтай 2020 оны 06 дугаар сарын 08-ны орой ажил тараад 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг спорт зааланд тоглохоор явсан. Бид хоёр зам дагуу Алтанхуягийн дүүг машиндаа суулгаад дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа нэртэй архи хоёр шилийг, ус, ундааны зүйл аваад очсон. ...архиа задлаад ууж эхлээд сууж байхад Г хүрч ирсэн. Тэгээд бид гурав эхний шилтэй архи талдаа орж байхад Гансүх гэх залуу хүрч ирсэн. Тэгээд бид нар архиа уугаад ойр зуурын юм яриад сууж байгаад бид согтуудаа бие биедээ уурлаад маргалдаж эхэлсэн. Машинаасаа буугаад маргалдсан. Г дундуур орж ирээд хэрүүл хийгээд би тэд нартай маргалдаж байхад Г миний нүүр хэсэг рүү цохисон чинь би газар унасан. Тэгээд намайг газар унасны дараа гар, цээж, толгой хэсэг рүү гар болон хөлөөрөө цохиод байсан...би хэсэг хугацаанд ухаан балартаад сэргэсэн чинь тухайн заалнаас зүүн урд хэсэгт ганцаараа сууж байсан. Надад эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн бодит баримтаар 300.000 төгрөг гарсан. Г миний эмчилгээний төлбөрийг нөхөн төлж, бүрэн барагдуулсан тул надад нэхэмжлэн гаргаж өгөх баримт байхгүй. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Г, Энх-Амгалантай маргалдаж орилж хашгирсан зүйл байгаа...миний биед учирсан гэмтлийг Г толгой, нүүр лүү гараараа цохиж, газар унаган өвдөг, шилбэ, цээжинд үүссэн гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 110 дугаар хуудас)

1. Гэрч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 06 дугаар сарын 08-ны орой 22 цагаас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны спорт зааланд тоглохоор болсон гэж найз залуу Алтанхуяг хэлсэн болохоор очсон ...Алтанхуягийн старекс маркийн автомашин дотор Г гэх урьд харж байгаагүй залуу, Энх-Амгалан, Г нар ууж байсан. Алтанхуяг Г-оос “машиныхаа түлхүүрийг өгөөч, дүү нараа хүргэж өгөөд ирье” гэж хэлсэн. Тэгээд Г-ийн машинаар Алтанхуягийн дүү нарыг хүргэж өгөөд хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд Г, Г нар муудалцаад хоорондоо бие биенээ цохиж аваад барьцалдаад машины хаалгаар гараад ирсэн. Тэгэхэд Алтанхуяг машинаас буугаад юу болсон талаар асуухад Г гэх залуу нь Г, Энх-Амгалан нар луу архины шил шидсэн, хацар дээр нь тамхины цог унтраах гэсэн зэрэг үйлдлээс болоод маргалдсан гэж байсан.... Г машинаас бууж ирээд Г-той барьцалдаж аваад хоорондоо хэдэн удаа цохилцоод байсан. Тэгэхэд Г-г Энх-Амгалан холдуулаад  Г-ийг Гансүх барьж салгахад Г, Г нар “одоо больё” гээд хоорондоо юм ярьж зогсож байгаад дахиад цохилцоод байсан... Г хэний ч үгэнд орохгүй өөрт нь ойртсон хүн болгон руу дайраад байсан болохоор бид орхиод явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал)

3. Гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Бид нар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг спорт зааланд тоглох гэж байна гэхээр нь 23 цагийн үед очсон. Намайг очиход Г гадаа машинд ганцаараа архи уугаад сууж байхаар нь би заал руу ороод буцаад гараад ирье гэж хэлээд орох үед зааланд тоглож байсан Г, Алтанхуяг, Гансүх нартай мэндэлчхээд буцаад гарсан чинь Г, Алтанхуягийн автомашинд 0.75 литрийн архины талыг нь уучихсан халамцуу сууж байсан. ...Бид хоёр ойр зуурын юм яриад сууж байхдаа зааланд тоглож байсан Г түрүүлээд гараад ирсэн. Тэгээд бид хамт суугаад юм ярьж байхад Г эхнэртэйгээ муудсан талаар ярьсан. Гансүх, Алтанхуяг нар араас нь гарч ирээд Алтанхуяг, Уянга хоёр Г-ийн машинаар хүүхдүүд хүргэж өгнө гээд явсан. Тэр хооронд бид дөрөв нөгөө архийг нь уугаад дуусах үед Г нэг ярьсан зүйлээ дахин дахин яриад нуршаад байхаар нь “үлдсэн нэг шил архиа хурдан тойруулчих гэрт эхнэр ганцаараа байгаа болохоор явахгүй бол болохгүй байна.” гэж хэлсэн чинь миний өөдөөс салаавч гаргаад байсан.... Г машинаас бууж ирээд Г-ийг зодох гээд дайраад байсан. Г-ийг Г цохиж авахад хариуд нь Г түүнийг цохисон. Тэгээд хоорондоо ноцолдоод хэсэг байж байгаад дахин маргалдаад байсан. Би хэд хэдэн удаа очиж салгасан... Г, Г-тэй эвлэрэх гэхэд Г, Г-ийг цохиж аваад тэр хоёр дахин маргалдан хоорондоо цохилцоод байхаар нь Г-г салгаад буцаад машины хажууд ирэх үед Г тамхи татаад зогсож байсан. Гансүх, Алтанхуяг нартай зогсож байхад тэр хоёр дахин маргалдаад хоорондоо зодолдоод байхаар нь Гансүх бид хоёр очоод салгасан. Г, Г-ийг зодох гээд машин тойроод хөөгөөд дийлдээгүй. Хэн нэгний үгэнд ч орохгүй байсан болохоор бид нар тухайн газар нь орхиод явцгаасан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал)

4. Гэрч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн:

“...Алтанхуяг ах залгаад зааланд тоглох уу гэж асуухаар нь тэгье гэж хэлсэн чинь удалгүй өөрөө намайг ирж авсан. Тэгэхэд зүс таних Г ах хамт явж байсан. ...Энх-Амгалан ах ирчихсэн. Машинд нь Г ах хамт сууж байсан. ...Энх-Амгалан ах наад үлдсэн архиа хурдан тойруулаач би яараад байна” гэсэн чинь Г ах уурлаад “чи өөрөө тойруул” гэж хэлээд өөдөөс архины шил шидсэн. Энх-Амгалан “шүд хугалах гэж байна ш дээ новшоо” гээд инээгээд дахин нэг шил архи шинээр задлаад Г ахад хундагалж өгсөн чинь надад ундаа өгсөнгүй чи миний ам руу ундаа хийж өг гээд байсан. Тэгэхэд Г ах намайг өмөөрөөд “яагаад хүүхэд цохиод байгаа юм” гэж хэлсэн чинь салаавч гаргаад их бухимдангуй байгаад байсан. Энх-Амгалан ах чи одоо ингэхээ боль гэж хэлсэн чинь өөдөөс нь салаавч дахин дахин гаргаад ам руу нь хийх гээд байсан чинь Энх-Амгалан ах одоо дахиад ингэх юм бол би тэсэхгүй шүү гэж хэлсэн чинь Г ах чи яаж чадах юм гээд цохих гэхэд оноогүй Г ах та нар бууцгаа гээд Г ахын гараас бариад үлдсэн. Г ах машинаас бууж ирээд Г ахтай үгийн зөрүүгүй барьцалдаж аваад зодолдоод байсан. Тэгэхэд Энх-Амгалан ах очиж салгасан. Түүнээс хойш тэр хоёр хоорондоо маргалдаад, зодолдоод, буцаж юм яриад байсан. Тэгээд дахин хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн. Г ахыг Г ах нүүрэн дээр нь тамхи унтраах гээд байхад нь би Г ахыг холдуулаад Энх-Амгалан ах Г ахыг холдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал)

 5. Гэрч Н.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ...Г бид хоёр машинд суугаад заал руу явж байхад Г эхнэртэйгээ маргалдсан учир архи уумаар байна гэж хэлэхээр нь бид хоёр зам дагуу ороод нэг нэг 0.75 литрийн архи худалдан авсан. Тэгээд би дүү нараа зам дагуу суулгаад зааланд ирээд Гансүх, Г, найз охин Уянга нарт бид тоглосон. Хэсэг тоглож байхад Г түрүүлээд гараад явчихсан. Бид зааланд тоглож байгаад 23 цаг 50 минутын үед дуусаад хувцсаа солих хооронд Г ирсэн. Хувцас солихгүй шууд гараад явчихсан. Тэгээд бид хувцсаа солиод араас нь гарсан чинь миний албаны машин болох Старекс машинд Г, Энх-Амгалан Г гурав архи yvraaд сууж байхаар нь Г-оос машиных нь түлхүүрийг гуйгаад дүү нарыг хүргэж өгөөд ирье гэж хэлсэн. Намайг найз охинтойгоо дүү нараа гэрт нь хүргэж өгөөд ирсэн чинь машин дотор хоорондоо нэлээн маргалдсан шинжтэй бууж ирэхээр нь юу болоод байгаа талаар асуухад Гансүх, Энх-Амгалан нар Г агсраад архины шил авч шидээд хүн хүн рүү дайраад байна гэхээр нь машины урд суудал дээр сууж байсан Г-д “чи одоо болиоч, яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь үгэнд орохгүй зайл, чамд ямар хамаатай юм гээд үгэнд орохгүй байхаар нь орхисон. Намайг ирсний дараа барьцалдаж аваад газар давхралдан унаад, тэгээд эвлэрээд байсан болохоор би тоогоогүй. Г-оос өөр Г-д гар хүрсэн хүн огт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал )

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7017 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхинд хүрэн өнгийн цус хуралттай, хаван хавдаргүй. Баруун гарын 2-р хурууны 2-р үед 1.0х0.1см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шархтай. Зүүн өвдөгт жижиг жижиг хэмжээтэй хүрэн өнгийн, зүүн шилбэний өмнөд дунд доод хэсэгт 8.0х1.0см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Цээжний зүүн тал 5.6.7-р хавирганы түвшинд эмзэглэлтэй. Цээжний зүүн доод хэсэгт 5.0х2.0см хэмжээтэй хүрэн шаргал өнгийн цус хуралт голд нь зулгаралттай.

1. Б Г-ийн биед тархи доргилт, зүүн дух, зулай, нүдний зовхи, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун гарын 2-р хуруунд шарх, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

 5. Дээрх гэмтлүүд шинэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал

7. Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дугаар тал),

8. Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтатс хэргийн 64 дүгээр тал) эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анхны хишиг” худалдааны төвийн хажууд байрлах спорт заалны гадаа иргэн Б.Г-г “агсан тавилаа" гэх шалтгаанаар нүүр болон цээжин тус газарт нь 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн дух, зулай, нүдний зовхи, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун гарын 2-р хуруунд шарх, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөг шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Б.Г-ийн мэдүүлэг(хх11-12,110), гэрч Б.Уянгын мэдүүлэг (хх29-30), гэрч Б.Энх-Амгалангийн мэдүүлэг (хх33-34), гэрч Х.Гансүхийн мэдүүлэг (хх37-38), гэрч Н.Алтанхуягийн мэдүүлэг (хх41-42), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7017 дугаар дүгнэлт (хх16-17), шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх 103-104) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.Г-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г эмчилгээний зардалд баримтаар 300.000 төгрөг нэхэмжилсэн ба  “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэх хүсэлт(хх-111)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч: ”шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг гаргасан ба шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008000001052 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Б.Г-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Эрүүгийн 2008000001052 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР