Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 0877

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Р.Батнасан,

шүүгдэгч  Ц.Э, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга (үнэмлэхийн дугаар 3064)

шүүгдэгч Э.И, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал (үнэмлэхийн дугаар 0236) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

-А.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2008008670180 дугаартай хоёр хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Үндэсний аюулгүй байдлын эрх зүйн хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ц.Э (РД:................).

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан үндэслэлээр эдлээгүй үйлдсэн 4 жил 11 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 67 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 4 хоногийн хорих ял эдлэхээс тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, С гол овогт А.И (РД:.......................).

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Э нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт мөрдөгчөөр ажиллаж байхдаа хахууль өгөгч А.И-ийн “өөрийн холбогдсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй байх” ашиг сонирхлын үүднээс А.И-ийн 2019 оны 12 дугаар сард холбогдсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагын бүртгэлд бүртгэж, шалгалгүй албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сард А.И-аас 3.100.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2.200.000 төгрөг бэлнээр, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр А.Дэлгэрмөрөний  Хаан банкны 5019765656 дугаарын дансаар 500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 400.000 төгрөг бэлнээр, нийт 3.100.000 төгрөгийн хахууль авсан;

Шүүгдэгч А.И нь өөрийн 2019 оны 12 дугаар сард холбогдсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Ц.Э-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2.200.000 төгрөг бэлнээр, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ц.Э-ийн эхнэр А.Дэлгэрмөрөний Хаан банкны 5019765656 дугаарын дансаар 500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 400.000 төгрөг бэлнээр, нийт 3.100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И мэдүүлэхдээ: “...Би эхнэртэйгээ гэр бүлийн харилцаанаас болоод маргалдаад 3 жил болж байсан. Өөрсдийн эд хөрөнгөө хувааж авсан ба Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд миний нэр дээр нийтийн байр байдаг  байсан. Эхнэр бид хоёр тусдаа амьдарч байх хооронд эхнэр над руу яриад “чи надад нийтийн байраа өгчих би машинаа өгье” гээд машиныг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Урьд өдөр нь Өлзийт хороололд нэг айлын пийшин дээр плита нааж дуусаж байхад Бат-Оргил над руу ярьсан. Тэр айлаас ажлын хөлсөнд 150.000 төгрөг аваад Бат-Оргилтой уулзаад 13 дугаар хороолол гэх бааранд орж уусан. Тэгээд маргааш өглөө нь Бат-Оргил шартаад байна гэж хэлээд дэлгүүр орсон. Тэгээд гараад ороод ирэхдээ Мөнхзориг гэх залууг дагуулаад өрөөнд орж ирсэн. Ирэхэд нь нэг пиво уучихъя гээд тэгээд Мөнхзориг нь надад амьдарлаа ярьсан. Танилцаад дотно яриа өрнүүлсэн. И би чамд итгэж байна. Би ууж байгаад тасарчихдаг юм гээд надад өөрийн бичиг баримт болон түрийвч утас зэргийг өгсөн. Бат-Оргил машинтайгаа явсан.  Дуудлагын жолооч дуудаад Мөнхзоригийн гэр лүү буюу 21 дүгээр хороолол руу явсан боловч яг гэрийг нь мэдэхгүй байсан. Машин дотор байхдаа Мөнхзориг нь бөөлжөөд, цэр нусаа хаяхад нь Бат-Оргил уурлаад цохиж зодоод байсан. Тухайн үед бол би Мөнхзоригийг хамгаалаад явж байгаад хамгийн ойрхон байсан 21 дүгээр хорооллын “Мираж” зочид буудалд ирсэн. Тэнд ууж, идэх бүх зүйлээ Мөнх-зоригийн картаас нь авсан. Сүүлд 800,000 төгрөг ав гэсэн болохоор нь бэлнээр авсан. Мөнгийг аваад орж ирэхэд хоорондоо зодолдсон байсан. Би тухайн үед тасарсан байсан ба хаана хэрхэн тасарснаа мэдэхгүй байсан. Сэрэхэд миний уруул сэтэрсэн шүд хугарчихсан, мөн Мөнхзоригийг тасрахаар нь би гар утсыг нь өвлийнхөө куртикэнд хийсэн байсан. Мөн миний халаасанд бэлэн 800.000 төгрөг, гар утас байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн бүх тооцоог 800.000 төгрөгөөс авч байсан. Эмнэлэгт үзүүлчхээд гараад шууд Толгойт руу явсан. Тэр хоорондоо Бат-Оргил руу залгаад Мөнхзориг чамайг зодсон гэж хэлэхээр нь ямар зэвүүн юм бэ гэж бодоод картаас нь 1.000.000 төгрөг авсан. Тэр нь бэлнээр надад байсан. Энэ явдал болсны дараа буюу 4-5 хоногийн дараа хорооллын эцсийн шүдний эмнэлэгт үзүүлээд шүдээ хийлгэх гээд байж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу залгасан. Байцаагч дээр яваад очиход Э байцаагч болон өөр нэг байцаагч байсан. Тэгээд ороход та хоёр бол бүлэг танхай гэмт хэрэг үйлдсэн 15 жилийн ялтай гэж хэлсэн. Энэ ялын талаар сонсоод би балмагдаад айчихсан. Би хохирогчтой ярьж тохироод аятайхан салж болохгүй юу гэсэн чинь Мөнхзориг гомдол гаргахдаа “Би эмч хүн намайг ийм болтол нь зодсон” гэж гомдол гаргаж ирсэн. Зодсон хүн нь Бат-Оргил байсан. Би тэр хүний утсыг авсандаа мөн хамт ууж идсэндээ энэ хэргийн буруутан болсон. Ямар арга зам байна вэ гэхэд та хоёрын хэргийг салгаж шийдвэрлэнэ. Та хохирлоо төлчих гэсэн тэгээд нийт хохиролд зах зээлийн үнээр буюу 2.200.000 төгрөгийн утас болон хохирлын үнэн бодит зардлыг харуулсан. Мөнхзоригийн дансанд нийт 4.200.000 төгрөгөөс доошоо гүйлгээ гарсан байсан. Утасны төлбөр 2.200.000 төгрөг болж байгаа юм байна. Энийг би бэлэн мөнгөөр гаргая. Э байцаагч надаас чи энэ хүний хохирлыг яаж төлж барагдуулах юм гэж хэлсэн. Надад ганц машин байгаа. Энийгээ зараад би жижиг тэрэг болгоод энэ мөнгийг би хохиролд өгнө, та энэ хэргийг хуулийн дагуу шийдээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед  байцаалт авсан. Ингэж аваад хохирлыг барагдуулаад шидээд өгөх боломжгүй юу гэхэд энэ хүн өргөдлөө гаргаад өгчихсөн. Тэр дээр нь дарга гарын үсэг зурсан болохоор ямар ч аргагүй гэж хэлсэн. Тэгээд байцаагч “та хоёрыг батлан даах хүн байна уу” гэхэд  нь би өөрийн ээжийгээ зовоохыг хүсээгүй. Бат-Оргилын төрсөн ах болон эхнэр нь ирсэн. Тэр үед  Бат-Оргилын эхнэр нь картаас авсан 2.000.000 төгрөгөө аваад ирсэн. Тэгээд бид хоёрыг батлан даалтад гаргасан. Дуудсан цагт ирнэ шүү гэсэн. Нөгөөдөр нь Э байцаагч над руу залгаад хохирол яасан бэ гэхээр нь би машин тэргээ барьцаанд тавих гээд явж байна. 4.000.000 төгрөгөөр авна гэсэн. Би ядаж 5.500.000 төгрөгөөр тавьчих санаа байна гэж хэлсэн. Сайн ломбардад би машинаа тавиад тавьсан өдрийнхөө орой нь эхнэртэй 500.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд 4.200.000 төгрөгийг сайн ломбардын шар дугтуйтай нь Ц.Э байцаагчийн өрөөнд авчирч өгсөн. Энэ 2.000.000 төгрөг нь би Зоригоогийн зөвшөөрөлтэй авсан 800.000 төгрөг болон картаас нь авсан 1.000.000 төгрөг, мөн хамт ууж идсэн 200.000 төгрөг. Харин 2.200.000 төгрөг нь бол утасных нь мөнгө шүү гэж өгсөн.  Тухайн үед гар утсаараа бичлэг хийж байсан. Би хуулийн байгууллагын хүмүүсийг ийм муухай зүйл хийнэ гэдгийг мэдсэн бол өөрийн гар утсаараа бичлэг хийх байсан. Гэтэл энэ хүн намайг Зоригоотой уулзуулаагүй. Гэнэт над руу яриад ажил дээр ирээд уулз гэсэн. Очиход прокурорт чиний хэргийг танилцуулсан. 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Хурдан өгөөрэй гэхээр нь би энэ мөнгийг 2 хувааж төлж болох уу гэхэд болно гэсэн. Тэгээд Хүрэлтулга ах дээр очоод нөгөө хэрэг чинь прокурор луу шилжээд 900.000 төгрөгийн торгуультай юм байна. Энийг өгчихвөл энэ хэрэг шийдэгдээд дуусч байгаа юм байна, та надад 1.000.000 төгрөг өгөөч, би танд машинаа өгье, та зарчих, мөнгөөр нь би ломбардаас чөлөөлөөд нэг жижиг тэрэг аваад уначихъя гэж хэлсэн. Тэгээд надад 1.000.000 төгрөг өгөхөөр нь 100.000 төгрөгөөр нь эхнэртэйгээ хамт хоолонд орсон. 400.000 төгрөгийг хэрэглээндээ зарцуулах гэж авч үлдсэн 500.000 төгрөгийг би маргааш өдөр нь дансаар шилжүүлэх гээд учир шалтгаанаа хэлэхэд над руу нэг данс явуулсан. Би тэр данс руу торгууль гэсэн утгатайгаар 500.000 төгрөгийг  шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг хэд хоногийн дараа Э байцаагч яриад байсан. Прокуророос хурдан торгуулиа төл гээд байна. Миний ажлыг шалгах гээд байна. Чи холбогдох бичиг баримтуудаа аваад манай ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгээд прокурор дээр ирээд би буух гэтэл би эхлээд орно гэсэн тэгээд над руу залгаад прокурор хуралд орсон байна. Чи орой нь надад 400.000 төгрөгөө аваад ирээрэй гэсэн. Тэгээд орой нь би ээжээсээ болон охин дүүгээсээ тус бүр 200.000 төгрөг зээлж авсан. 21 дүгээр хорооллын Миний захын үүднээс 400.000 төгрөгийг бэлнээр аваад өөрт нь өгсөн. Би шөнө болчихсон болохоор маргааш, нөгөөдрөөс ирээд зурчихъя гээд салсан. Би энэ хүнд авлига өгөөгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэрч Ю.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай нөхөр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр над руу утсаар залгаад намайг авраач ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хүрээд ирээ уулзаж байгаад ярилцъя” гэж хэлсэн. И над дээр хүрч ирээд болсон явдлынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан. Ярихдаа хохирогч гэх залуу маань Америкт олон жил амьдарч байгаад ирсэн, эмч хийдэг юм байна. Түүнийг байхгүй хооронд эхнэр нь өөр хүнтэй суугаад явчихсан надтай адилхан залуу байсан. Тэгээд би түүнтэй зовлон нэг юм байна гээд буудалд архи уусан. Тэр залуу бид нарыг архи аваад ир гээд картаа өгч байсан. Тэгэхээр нь би тэр картнаас нь мөнгө аваад архи уучихсан. Түүний утсыг нь авч яваад хаячихсан юм. Ойролцоогоор 7 хоногийн дараа над руу нэг хүн Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс яриад Зоригоо гэх хүн танд холбогдуулан бүлэг дээрэм, хулгайн гэмт хэрэгт холбогдуулан өргөдөл бичсэн байна хүрээд ир гэж хэлсний дагуу би цагдаа дээр яваад очтол Зоригоо гэх хүн та хоёртой архи ууж эхлэхэд дансанд нь 4700000 төгрөг байсан байна. Тэр мөнгө нь алга болсон, мөн Америкт барьж байсан iPhone X Мах маркийн утас нь алга болсон, танай найз болох Бат-Оргил хохирогчийг зодож гэмтээсэн байна одоо энэ асуудал чинь 2-3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүснэ ялтай гэмт хэрэг үйлдсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ийм асуудал болсон нь үнэн би хохирлыг барагдуулъя, чи аргалаад өгөөч ах нь чамайг шагнана ямарч асуудалгүй ахад нь сүүлийн үеийн 22 сая төгрөгөөр авч байсан Toyota Premio машин байгаа үүнийгээ зарж үрээд хохирлын мөнгийг нь аваад ирье гэж би хэлсэн гэж надад хэлсэн. Тэгсэн чинь нөгөө цагдаа нь за за өмнө цэгцлээд өгье болохгүй бол хажууд сууж байгаа залуудаа захичхаад явъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 85-86 дугаар тал)

2. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27/4221 дугаартай албан бичиг: “Тус Цагдаагийн хэлтэст А.И, Ч.Бат-Оргил, Б.Мөнхзориг нар нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өргөдөл, гомдол гаргаж шалгуулаагүй байна”. (1 хавтаст хэргийн 222 дугаар тал)

3. Гэрч Б.Хүрэлтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын дунд үед А.И над дээр хүрч ирээд “та надад 5 сая төгрөг зээлүүлээч, би танд өөрийнхөө унаж яваа машинаа үлдээе та миний машиныг зараад мөнгийг нь гаргаад авчих, би хэрэг төвөгт холбогдчихоод байна түүндээ өгөх гэсэн юм хохирол барагдуулаад хэргээ хаалгамаар байна” гэж хэлсэн...Тэрнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байх он сарыг нарийвчилж мэдэхгүй байна. А.И над дээр хүрч ирээд та надад 1 сая төгрөг олоод өгчих би танд машинаа үлдээчихье та машиныг зараад 1 сая төгрөгөө гаргаж авчхаад үлдэгдлээр нь Сайн ломбардны өрийг нь өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь түүний машиныг нь авч үлдээд түүний Хаан банкны данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгө авахдаа би энэ мөнгийг байцаагчдаа өгөх гэж байна хэргээ хаалгах гээд байна тэгэхгүй бол эрүү үүсгэнэ гээд над руу залгаад байна гэж хэлсэн. Тэр цагдаа машинаас буусныхаа дараа И руу утсаар залгаад орой 6 цагийн үед чи лавлагаануудаа, нөгөө 400000 төгрөгтэй хамт аваад энэ прокурор дээр хүрээд ир гэж хэлсэн. И ээж, дүү хоёр луугаа залгаад би хэрэгт холбогдчихоод байна та хоёр тус бүр 200000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Тэгээд ээж эгч хоёр нь тус бүр 200000 төгрөг хийсэн гэж И ярьж байсан бөгөөд намайг гэртээ буухаас өмнө И-ийн данс руу ээж, эгч хоёр нь нийт 400000 төгрөг хийсэн. И надад хэлэхдээ би хэд хоногийн өмнө танаас авсан 1 сая төгрөгийнхөө 500000 төгрөгийг нь уг цагдаад өгсөн байсан одоо 400000 төгрөг өгөөд л бүх юм хаагдчихна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас)

4. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: Ц.Э, А.Дэлгэрмөрөн, Б.Хүрэлтулга, А.И нарын эзэмшдэг дансуудын хуулгыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх байдлаар Хаан банкнаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдийн 29/1848 дугаартай албан бичгээр ирүүлсэн байна.

1 дугаартай гүйлгээ нь А.И нь Б.Хүрэлтулгаас байцаагчдаа өгч хэргээ хаалгах гэсэн юм гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан.

2 дугаартай гүйлгээнүүд нь А.И Б.Хүрэлтулгаас 1.000.000 төгрөгийг авч мөрдөгч Ц.Э-ийн эхнэр А.Дэлгэрмөрөнгийн данс руу 500.000 төгрөгийн торгууль гэсэн утгаар шилжүүлсэн. Мөн мөрдөгч Ц.Э А.И руу утсаар холбогдож нөгөө 400.000 төгрөгөө аваад прокурор дээр хүрээд ир гэсний дагуу ээж, эгч хоёроосоо тус бүр 200.000 төгрөгийг дансаараа авч, уг мөнгийг АТМ-с бэлнээр гаргаж авсан.

 3 дугаартай гүйлгээнүүд нь Ц.Э-ийн эхнэр А.Дэлгэрмөрөнгийн данс руу А.И нь 500.000 төгрөг шилжүүлснийг А.Дэлгэрмөрөн уг мөнгийг орсоны дараа 300.000 төгрөгийг Ц.Э-ийн данс руу шилжүүлсэн. (1 хавтас хэргийн 29-30 дугаар тал)

5. Гэрч Г.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай мэдээлэл судалгааны ахлах ажилтан Чимэдлхам гэх эмэгтэй нэг иргэний хамт манай өрөөнд орж ирээд уг иргэний нөхөртэй нь холбоотой асуудал манай цагдаагийн хэлтсийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Уг асуудал нь зодооны асуудал юм шиг байна та гар бүртгэл дээрээ үзээд өгөөч гэж хэлсэн би тухайн үед өрөөндөө чиглэлийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Мөнхбатын хамтаар хэрэг уншаад сууж байсан. Би мэдээлэл судалгааны байцаагчтай орж ирсэн Хонгорзулаас нөхцөл байдлыг тодруулан асуухад тэрээр би өөрийн нөхөр болох И-тай муудалцсан байгаа юм бид хоёр шүүхээр салж байгаа юм. Тэгтэл тэр өөрийн машин тэрэг, хамаг юмаа зараад намайг өрөнд оруулчхаад байна машин тэрэг зарсан мөнгөө танай байгууллагын ажилтанд хахууль болгож өгсөн юм шиг байна. Манай нөхөр И оны өмнө зодооны асуудлаар танай байгууллагад шалгагдсан байх ёстой шалгасан албан хаагч нь мөнгө төгрөгийг нь авсан түүнийг би мэдэж байна тухайн үед нөхрийнхөө хажууд байсан, би бүх асуудлыг мэдэж байгаа гэж хэлсэн. Би өөрийн гар бүртгэл дээр түүний нөхөр И-ийн нэрээр ямар нэг гомдол, хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг байгаа эсэхийг шүүж үзэхэд байгаагүй, тэр хүн манай нөхөр зодоон хийсэн гэж хэлсэн тул уг асуудал нь манай тасгийн мөрдөгч нартай холбоотой юм байна гэж үзээд тэр эмэгтэйгээс түүний нөхрийн дугаарыг авч түүнтэй утсаар ярьсан. Би уг И гэх хүнтэй утсаар ярихдаа танай эхнэр болох Хонгорзул гэх эмэгтэй манай цагдаагийн хэлтэст гомдол гаргасан та хэн гэж байцаагч дээр ямар хэргээр шалгагдсан юм бэ? гэж асуутал тэрээр би цагдаагийн байгууллагад шалгагдсан асуудал байхгүй би эхнэртэй худал хэлсэн байсан юм тэгтэл манай эхнэр түүний дагуу гомдол гаргасан байна гэж хэлсэн. Би тэгэхлээр нь та өөрийн биеэр манай цагдаагийн хэлтэс дээр хүрч ирээд надтай уулз танаас нөхцөл байдлыг биечлэн тодруулж асуух хэрэгтэй байна гэж хэлсэн. Утсаар ярьснаас хойш ойролцоогоор 30 минутын дараа нөгөө Хонгорзул гэх эмэгтэйн нөхөр И гэх эрэгтэй хүн манай өрөөнд надтай уулзахаар ирсэн. Би эхнэрийг нь гаргаад түүнтэй уулзаж нөхцөл байдлыг тодруулахад тэрээр өчигдөрхөн надад агсам согтуу тавиад явсан. Би цагдаагийн байгууллагад шалгагдсан асуудал байхгүй би мөрийтэй тоглоом тоглож байгаад мөнгө алдчихсан тэр мөнгөнийхөө өрийг машинаа тавиад өгчихсөн гээд юм ярихгүй байсан. Тэгэхээр нь би та надад худал хэлэх юм бол асуудал өөрөөр яригдана та надад үнэнээ хэлэх шаардлагатай байна хэрэв тэгэх юм бол уг асуудлыг энд нь шийдэх боломж байна гэдгийг хэлсэн. Тэгтэл тэрээр надад болсон асуудлын талаар үнэнээ хэлсэн. Тэрээр надад хэлэхдээ би Э гэх мөрдөгч дээр шалгагдсан асуудал байгаа би найз нартайгаа архи ууж байх үедээ зодоон цохион хийсэн асуудал байгаа уг асуудал нь дээрэмтэй холбоотой асуудал байсан гэж хэлээд түүнийхээ хохирлыг төлөх зорилгоор манай ломбардад тавиад 4.200.000 төгрөгийг мөрдөгч Э-д өгч хохирлоо барагдуулсан гэж хэлсэн. Түүнээс гадна тэрээр тухайн үед болсон асуудлын талаар надад бичгийн цаасан дээр тайлбар гаргаж өгсөн тэрэн дээр болсон асуудлаа бичсэн байсан. Түүнийг нь би танай байгууллагад гаргаж өгч байна. Тэгээд би Хонгорзулын гаргасан өргөдлийг хэлтсийн даргад танилцуулж холбогдох албан тушаалтнаар шалгуулахаар цохуулсан тэгээд л  шалгалтын ажиллагаа хийлгэж эхэлсэн.

... Би тэр орой буюу И-тай уулзсаны дараахан Э-тай уулзсан. Э, И-тай уулзсаны дараа өөрөө манай өрөөнд орж ирээд хүн юу гэж байна. Би дуудлагаар уг өргөдлийг шалгасан юм хүмүүс нь хоорондоо гомдол саналгүй гээд байхаар нь хохирлыг нь барагдуулаад хүмүүсийг нь явуулчихсан гэж хэлсэн. Бүртгэлд оруулаагүй шалгасан нь миний буруу болчихлоо би энэ хүмүүсээс мөнгө төгрөг авсан асуудал байхгүй та хэлтсийн даргад битгий хэлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд уурлаж чи ийм юм хийхээр бусад мөрдөгч чинь яах юм гээд л загнасан. Уг асуудлыг маргааш больё гэж хэлээд би түүнийг өрөөнөөсөө гаргасан. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа 1 дэх өдөр Э манай өрөөнд орж ирээд миний материал Авлигатай тэнцэх газар луу явж байх шиг байна та И гэх хүний танд бичиж өгсөн тайлбарыг надад өгчихөөч би үзчихээд өгье гэж хэлсэн тэгэхээр нь би түүнд И-ийн бичиж өгсөн тайлбарыг өгсөн. Тэр өрөө рүүгээ авч яваад үзээд ирье гэж хэлээд аваад явсан. Эргээд би түүнээс нөгөө И-ийн бичиж өгсөн тайлбарыг аваад ир гэж хэлтэл тэрээр би устгачихсан одоо надад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд уурлаж чи намайг яагаад наад асуудалдаа хутгах гээд байгаа юм бэ? гэж хэлтэл би И-гаар өөр зүйл бичүүлээд танд өгчихье би И-тай уулзаад гуйгаад тохирчихсон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би И-тай утсаар холбогдоод түүнийг дуудаад урьд нь бичиж өгсөн тайлбараа дахин бичиж өг гэж хэлээд түүгээр бичүүлж авсан юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 79-80 дугаар тал),

6. Гэрч Б.Мөнхзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний картаас А.И, Бат-Оргил нар нь 4.300.000 орчим төгрөг авсан байсан. Би хамт идэж уугаад явсан юм чинь та хоёр надад 4.000.000 төгрөг өгч намайг хохиролгүй болго гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш нь Бат-Оргилын эхнэр нь надад 2.000.000 төгрөгийг Ц.Э мөрдөгчийн өрөөнд өгсөн. И нь түүнээс 2 хоногийн дараа мөрдөгч Ц.Э-гаар дамжуулан надад 2.000.000 төгрөг өгсөн. Тэгээд миний хохирол, гомдол бүрэн барагдсан учраас мөрдөгч Ц.Э-д гомдол, саналгүй болсон талаар хэлсэн. Хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэхгүй. Бат-Оргил, И нар мөрдөгч Ц.Э-тай ямар харилцаатай болохыг мэдэхгүй. Миний утасны хувьд Мираж зочид буудлын камерын бичлэг шүүж үзэж байхад зочид буудлын менежер зочид буудлын гадна энэ утас байсан гээд миний утсыг надад өгсөн. Би утсаа олчихсон учраас А.И-аас авсан гэж мэдүүлсэн юм. Би анх гомдол гаргахдаа утас, картаа алга болгосон гэж бичсэн байсан юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 212 дугаар тал),

7. Гэрч Г.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 20-ны үед байх он сарыг нь сайн санахгүй байна. Манай нөхөр Бат-Оргил болон И хоёр 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед Мөнхзориг гэх хүнтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт архи уусан юм билээ. Архи ууж байхдаа манай нөхөр тэр Мөнхзориг гэх залуугаас машинаа засуулахаар 2.000.000 төгрөг зээлж авсан байсан тэр зээлж авсан гэх 2.000.000 төгрөгөө бэлнээр гэртээ авч ирсэн. Энэ талаар асуутал найзаасаа зээлсэн гэж надад хэлж байсан би тэр мөнгийг нь үрчихэж магадгүй гэж бодоод өөрийнхөө дансанд хийгээд хадгалчихсан байсан юм. Уг мөнгийг авч ирснээс хойш хэд хоногийн дараа он сарыг нь сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс манай нөхөр лүү утсаар холбогдоод Мөнхзориг гэх хүнээс мөнгө авсан байна авсан мөнгийг нь өг гэсэн юм шиг байсан. Түүний дагуу манай нөхөр надад нөгөө 2.000.000 төгрөгийг нь буцааж өгөх хэрэгтэй боллоо гэж хэлсний дагуу би Бат-Оргилын хамтаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 давхарт очсон. Нөхөр бид хоёрыг цагдаа дээр очиход тус өрөөнд нэг цагдаа гээд 30 орчим насны дунд зэргийн нуруутай залуу, И, тэр Мөнхзориг гэх залуу хамт байсан. Тэр цагдаа нь Бат-Оргилоос Мөнхзориг гэх хүний мөнгийг ямар учиртай авсан юм бэ гэж асуугаад энэ мөнгийг нь буцааж өг гэж хэлсний дагуу би тэр 2.000.000 төгрөгийг нь цагдаагаар дамжуулж Мөнхзоригт бэлнээр өгсөн. Тэр цагдаа нь нэг цаасан дээр 2.000.000 төгрөг хүлээж авсан гээд тэмдэглэл хөтөлж байсан түүнийг нь Мөнхзориг өөрөө хараад сууж байсан. Тэр мөнгийг нь хүлээлгэж өгснөөс хойш цагдаа дээр дахин очоогүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 213-214 дугаар тал),

 

8. Гэрч Б.Одзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын дундуур байх би он сарыг сайн санахгүй байна. Дээрх нэр бүхий хүмүүс манай зочид буудалд 1 хоног байрласан. Би дээрх хүмүүсээс Б.Мөнхзориг, Ч.Бат-Оргил гэх нэрийг нь сайн санахгүй байна. Харин тэр А.И гэх хүний нэрийг санаж байна. Тэр хүнийхээ нэрээр манай буудалд бүртгүүлэн орж байсан. Тэр хүмүүс манай буудалд орж ирэхдээ гурвуулаа согтуу байсан бөгөөд 2 эмэгтэйтэй цуг орж ирсэн. 2 эмэгтэй нь тэр оройдоо буюу нээх удалгүй гараад явчихсан юм. Тэдгээр хүмүүс манай буудлын 312 тоотод орсон. Тэр орой тэдгээр хүмүүс тортой эд зүйлс аваад буудал руугаа орсон архи согтууруулах ундааны зүйл байсныг мэдэхгүй байна. Тэгээд маргааш өглөө нь өрөөгөө хүлээлгэж өгчхөөд гараад явсан. Өглөө өрөөг нь хүлээж авахад буудлын алчуур цагаан хэрэглэл цус болчихсон байсан. Анх буудалд орохдоо төлбөрөө төлөхдөө карт уншуулж төлсөн. А.И нь карт уншуулсан санагдаж байна. Тэгээд түүнээс хойш 2-3 хоногийн дараа нөгөө 3 залуугийн Мөнхзориг гэх залуу нь би танай буудалд байхдаа гээгдүүлсэн юм шиг байна гээд хүрч ирсэн. Дээрх нэр бүхий 3 хүнийг ирж хонодог өдрийн орой манай ажилтан гадаа зогсоолоос хар өнгийн утас олоод хүлээн авагч дээр үлдээсэн байсан бөгөөд тэр утсыг үзүүлтэл миний утас мөн байна гээд аваад явсан. Тэрээр утсаа авахдаа асааж үзээд кодоо хийгээд авсан тэгэхээр нь түүний утас мөн байна гээд өгсөн. Мөн тэр Мөнхзориг гэх  залуу утсаа авснаас хойш хэд хоногийн дараа намайг ажил дээр байж байхад манай байгууллагын камерыг ирж шүүсэн. Би хүн зодсон хэрэгт орчхоод байна гээд л камер шүүгээд байсан камер шүүхэд өөрөө гаднаас согтуу орж ирсэн. Мөнхзориг гэх залуу нь манай байгууллагад орж ирээд нэг ч удаа өрөөнөөсөө гаралгүй маргааш өглөө нь цус болсон буцаад орж ирсэн байдалтай камерт бичигдсэн байсан. Мөнхзориг камер шүүж байхдаа Бат-Оргил гэх том биетэй залууг намайг зодсон юм байна. Энэ хоёр миний картаас мөнгө авсан байна гэж ярьж байсан. Мөнхзориг камераа шүүгээд бичлэгийг нь утсан дээрээ бичиж аваад явсан. Тэрээр дахиж манай буудал дээр ирээгүй. Түүнтэй холбоотой асуудлаар ямар нэг хүн манай байгууллага дээр дахин ирээгүй...” гэх мэдүүлэг (1хавтаст хэргийн 215-2160 дугаар тал),

9. Гэрч Т.Одбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан учир тухайн үед ажлын байран дээрээ байхгүй байсан. Ээлжийн амралтын үеэр ажлын байран дээрээ очоогүй тухайн үед гэртээ амарч байсан. А.И гэх хүнээс хохирол барагдуулах зорилгоор мөнгө хүлээн авч, түүнээс мэдүүлэг авсан асуудал байхгүй. Учир нь гэвэл бид бүхэн өөр өөрийн хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 217-218 дугаар тал),

10. Шүүгдэгч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“Миний бие 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед байх он сарыг сайн санахгүй байна. А.И миний өрөөнд надад 4200000 төгрөг өгсөн нь үнэн. Мөн Ч.Бат-Оргилын эхнэр надад Б.Мөнхзоригийн хажууд 2000000 төгрөг тоолж хүлээлгэж өгсөн. Би И, Ч.Бат-Оргилын өгсөн нийт 6200000 төгрөг хүлээлгэж өгсөн. А.И анх надад хэлэхдээ та намайг энэ асуудлаас салгаад өгөөч /би гэр бүлийн асуудал их байна одоо эхнэрээсээ салах гэж байгаа учраас дахин өөр асуудалд ормооргүй/, би танд 3 сая төгрөг өгье гэж хэлсэн. Миний бие уг асуудлыг хүлээн зөвшөөрч түүнээс 3 сая төгрөг авахаар болсон. И 4200000 төгрөгийг манай өрөөнд авч ирэхдээ 2 саяыг нь Б.Мөнхзоригт өгөөрэй харин 2200000 та аваарай гэж хэлсэн түүний дагуу л би тэр мөнгийг нь аваад хувьдаа зарцуулчихсан юм. Түүнээс хойш А.И 900,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр надад өгсөн. Би А.И-гийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуун дарагдуулж бүртгэлд оруулж албан ёсоор шалгаагүйн төлөө түүнээс нийт 3100000 төгрөг авсан. А.И манай байгууллага дээр мэдүүлэг өгснийхөө дараа над руу утсаар холбогдоод 500,000 төгрөг дансаар өгсөн учраас нотлогдсон байна. Торгуулийн үлдэгдэл 400,000 төгрөгөө бэлнээр өгсөн талаар мэдүүлсэн шүү та намайг торгосон гэж хэлээрэй гэж хэлсэн. Түүний дагуу миний бие худал мэдүүлчихсэн юм. Түүнээс бол би И-д торгож байгаа талаар ямар нэг зүйл хэлээгүй. А.И өөрөө 3 сая төгрөг өгье гэсэн болохоор би дээрх мөнгийг А.И-аас авсан И ч уг асуудлаа өөрөө мэдэж байсан. А.И надад хэлэхдээ та хүний хажууд намайг торгож байгаа гэж хэлээрэй, мөн манай ар гэрийнхэн /эхнэр Ю.Хонгорзул/ асуувал танай нөхөр цагдаа дээр том асуудалтай байгаа гэж хэлээрэй гэж надад хэлсний дагуу миний бие А.И-тай хамт ирсэн хүний хажууд торгуулийн мөнгө төл, прокуророос торгоно гэж худал хэлсэн. А.И манай эхнэр А.Дэлгэрмөрөнгийн данс руу 500,000 төгрөгийг шилжүүлэхдээ торгууль гэсэн утгаар шилжүүлснийгээ тайлбарлахдаа миний дансыг манай эхнэр Хонгорзул байнга шалгадаг юм хэн нэгэн хүн рүү мөнгө шилжүүлсэн байх юм бол бөөн хэрүүл болдог тийм учраас торгууль гээд бичээд хийсэн талаараа надад хэлж байсан. Би А.И-г байрны гадаа дуудаж уулзсан гэж миний бие худал мэдүүлсэн. Үнэндээ бол би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороог хариуцан ажилладаг байсан. Намайг ажил дээр байх хугацаанд Б.Мөнхзориг нь картнаасаа мөнгөө алдсан, зодуулсан гэсэн өргөдөл бичээд над дээр ирсэн. Учир нь хэрэг учрал болсон газар нь миний хариуцдаг хороо байсан учир над дээр эхэлж орж ирсэн. Над дээр ирээд болсон асуудлаа хэлсэн түүний дагуу миний бие И, Бат-Оргил хоёрыг Б.Мөнхзоригтой хамт явсан болохыг олж тогтоогоод А.И дуудаж уулзаад түүгээр Бат-Оргилын гэрийн хаягийг заалгаж Бат-Оргилыг гэрээс нь очиж цагдаа дээр авч ирсэн. Би И урьд өмнө харж байсан нийтийн байр ажиллуулдаг байхад таньдаг байсан гэж худал мэдүүлсэн. Учир нь гэвэл би өөрийнхөө хийсэн үйлдлийг авлигын шинжтэй гэдгийг нь нуухын тулд А.И байрны гадаа уулзсан гэж хэлээрэй, мөн урьд өмнө нэг нэгнийгээ таньж мэддэг байсан мэтээр мэдүүлэг өгөөрэй гэж А.И-д хэлсэн. Мөн Бат-Оргил, Мөнхзориг нарт байрны гадаа уулзсан гэж хэлээрэй гэж хэлсэн нь үнэн. А.И-ийн эхнэр манай цагдаагийн хэлтэс дээр гомдол гаргасны дараа тэрээр над дээр хүрч ирээд чи өмнө нь надад нэг удаа тусалсан одоо 2 дахь удаагаа туслаач гэж гуйсан. Тэгэхгүй бол урьдын хэрэг сөхөгдөх гээд байна гээд гуйсан. Түүний дагуу миний бие эхний яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг А.И-тай ярилцсаны дагуу мэдүүлсэн” гэх мэдүүлэг (1 хавтас хэргийн 187-189 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Э, А.И нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

1. Шүүгдэгч А.И нь өөрт холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй сэдэлтээр, өөртөө давуу байдал бий болгох зорилго агуулж, алба хаагчийн эдийн засгийн байдлыг далимдуулан, шууд санаатай үйлдлээр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Ц.Э-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр 2.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А.Дэлгэрмөрөнгийн (Ц.Э-ийн эхнэр) Хаан банкны 5019765656 дугаарын дансаар 500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 400.000 төгрөг бэлнээр, нийт 3.100.000 төгрөгийн хахууль өгсөн;

2. Шүүгдэгч Ц.Э нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор А.И-г гэмт хэрэгт холбогдсон байдлыг ашиглан, шууд санаатай үйлдлээр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг зөрчин Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт мөрдөгчөөр ажиллаж байхдаа ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн буюу А.И-ийн 2019 оны 12 дугаар сард холбогдсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагын бүртгэлд бүртгэж, шалгалгүй албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд А.И-гаас 3.100.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр 2.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр А.Дэлгэрмөрөний Хаан банкны 5019765656 дугаарын дансаар 500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 400.000 төгрөг бэлнээр, нийт 3.100.000 төгрөгийн хахууль авсан болох нь:

 - гэрч Ю.Хонгорзулын мэдүүлэг (1хх85-86), гэрч Б.Хүрэлтулгын мэдүүлэг (1хх81-82), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх29-30), Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27/4221 тоот албан бичиг (1хх-222), гэрч Г.Солонгын мэдүүлэг (1хх79-80), гэрч Б.Мөнхзоригийн мэдүүлэг (1хх-212), гэрч Б.Одзаяагийн мэдүүлэг (1хх215-216), гэрч Т.Одбаатарын мэдүүлэг (1хх217-218) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

  Шүүгдэгч А.И-ийн өмгөөлөгч З.Ариунжаргалын гэм буруугийн талаар  “...И нь хахууль өгч байгаа гэдгээ мэдээгүй. Торгууль гэдэг агуулгаар данс өгсөн. Уг дансанд 900.000 төгрөгийн торгуулийг төлж байна гэж ойлгоод шилжүүлсэн, мөн гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруугүй гэдэг нь нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгч А.И-гийн “4.200.000 төгрөгийг хохирлын мөнгө гэж Ц.Э-д өгсөн, 900.000 төгрөгийн торгуулийн мөнгийг өгчихвөл хэрэг шийдэгдэнэ гэж хэлсэн учир өгсөн” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг шүүгдэгч зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.И-ийн үйлдэл нотлогдон тогтоогджээ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” байх эрхтэй болно.  

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “ашиг сонирхлын зөрчил” гэж “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.Э гэмт хэрэг үйлдэх үедээ Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан нь ажилтан албан хаагчийн дэлгэрэнгүй анкет (1хх59-60)-аар тус хэлтэст 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр томилогдсон, албан тушаалтны 2019 оны хувийн ашиг сонирхлын хөрөнгө, орлогын мэдүүлэг (1хх93-95) зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хууль зүйн хувьд Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.6 дахь заалтад төрийн тусгай албан тушаалд “...цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах,...байгууллагын офицер...” хамаарах бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад “төрийн ...тусгай албаны ...гүйцэтгэх албан тушаалтан;” авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамааруулахаар зохицуулсны зэрэгцээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;” хэлнэ гэсэнтэй нийцжээ.

Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч нь нийтийн албан тушаалтан байхаар заасан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор...” гэдэг нь А.И өөрт холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй сэдэлтээр, өөртөө давуу байдал бий болгосон гэдэгт хамаарна.

Хахуул авах, өгөх гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж чанар ихтэй байдаг.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, А.И-г мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, ...орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна.” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд олсон...орлогыг ойлгоно” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг...улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Ц.Э-аас хахууль авах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.100.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч: “шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгч А.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

шүүгдэгч Ц.Э-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга: “...торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...”

шүүгдэгч А.И-гийн өмгөөлөгч З.Ариунжаргал: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-1.3, 1.6-т заасан хөнгөрүүлэн нөхцөл байдал, хохирол хор уршиг байхгүй зэргийг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эсхүл торгох ялын хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү”  гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч А.И, Ц.Э нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргалын дүгнэлтэд тусгагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”, 1.3 дахь заалтад “бие махбодын, сэтгэл санааны албадлагын, ...албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.6 дахь заалтад “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч А.И-ийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхгүй удаа дараагийн үйлдлээр бэлэн болон дансаар нийт 3.100.000 төгрөгийг Ц.Э-д өгсөн. Ц.Э нь мөрдөгчийн албан тушаалд ажиллаж байхдаа түүнийг бие махбод албадлага, сэтгэл санаа, албан тушаалын эрхшээлд хэрхэн яаж оруулсан нь тодорхой бус буюу ийм үйл баримт хэрэгт авагдаагүй, бусдаас өөрийн холбогдсон гэмт хэргийг шалгуулахгүй байх зорилгоор хахууль өгсөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсан гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, нөхөн төлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзэв.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-г нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  

Шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг нэг жил зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

Мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын эдлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008008670180 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Э-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт;

Шүүгдэгч С овогт А.И-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 15.000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 5000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 (таван сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан торгох ялыг нэг жил зургаан сарын хугацаанд, шүүгдэгч А.И-д оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, А.И нарын нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.100.000 (гурван сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6. Эрүүгийн 2008008670180 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, А.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР