Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 0882

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Баттулга (үнэмлэхийн дугаар 2814),

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (үнэмлэхийн дугаар 0134),

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал (үнэмлэхийн дугаар 0607) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт; 

- Б.Х, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808047681565 дугаартай, гурван хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хороо гэх газарт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Гурвалжин модны захад хөрөө рам дээр ажилладаг, ам бүл-4, эх, хүүхдүүдийн хамт ...........  тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, М овогт Т.С (РД: ................).

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сапора  Гурвалжин модны захад ажилладаг гэх, ам бүл-.... нарын хамт .......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Б овогт Г.Б (РД: ..............).

3. Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Арвин бэлт” ХХКомпанид засал чимэглэлчин ажилтай, ам бүл-........ нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзатын 16 байрны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 22-6-9 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Б.Х (РД:.........).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.С, Б.Х, Г.Б нар нь бүлэглэн:

-2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ын гар утас, түрийвч, 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан;

- Шүүгдэгч Т.С нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ын гар утас, түрийвч, 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэх үедээ түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, нүүр хэсэгт хаван хавдар, цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгиохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Оюооны 39 дүгээр задгай тоотод иргэн Б.Э-ын картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1.582.989 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч Т.С, Б.Х, Г.Б нар бүлэглэн хохирогч Д.Б-ын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж авсан, мөн дээрэмдэх явцдаа бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн хувьд:

1. Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд найз Ууганбаяртай хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” нэртэй үйлчилгээний газарт орж архи, пиво ууж байгаад 02 цаг 40 минутын орчимд гараад ертөнцийн зүгээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр тал руу зам дагаад алхаж явж байтал араас 25-30 насны 3 эрэгтэй хүн ирээд надтай хамт явж байсан Ууганбаярын куртикнээс татаж газарт унаган, намайг гудамж руу тарган залуу чирч оруулаад “чи ямар овоо залуу вэ” гэж хэлээд толгой хэсэг рүү гараараа цохиод, боож газарт унагаан хөлөөрөө толгой хэсэг рүү өшиглөж байхад нь би ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд хамт явж байсан Ууганаа алга болчихсон, би шууд гэр рүүгээ харьсан...би тэдгээр гурван залууг бааранд байхыг харж байсан болохоор маргааш нь баар руу очоод камерын бичлэг дээрээс нөгөөх гурван залууг хараад хэн болохыг асуухад махлаг залууг С гэдэг, нөгөө 2 залууг нь танихгүй байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110-113 дугаар тал),

2. Гэрч Ц.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2018 оны 10 дугаар сарын дундуур, нэг өдөр би 23 цагийн орчимд Б-ын хамт Сонгинохайрхан дүүргийн толгойтын хуучин эцсийн замын урд талын “Галакси” нэртэй караокед орж 0.5 шилтэй соёрхол архи, нэг нэг боргио пиво хувааж уусан. ...орой болсон хойно гараад зам дагаад явж байтал араас нэг хүн цохих шиг болохоор нь би хажуу тийшээ унаад хэсэг байж байгаад босоод хартал хүн байхгүй болохоор нь гэр рүүгээ явсан. ... Б бид хоёрыг зам дагаад урагшаа явж байхад хэнийг нь мэдэхгүй нэг хүн араас нуруу руу цохих шиг болсон, нэлээд согтуу байсан болохоор хажуу тийшээ унасан. Босоод иртэл хүн харагдахгүй байхаар нь би яваад өгсөн. ...Намайг газарт унахад Б-ыг гудамж руу чирээд орсон юм билээ. Тэрийг би хараагүй. ...Б “Галакси Эс-5” загварын гар утас, хүрэн өнгийн савхин түрүүвч барьдаг байгаад энэ хэрэг болоход алдчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар тал),

3. Шүүгдэгч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой гэртээ байж байсан чинь 20 цагийн үед найз Б орж ирсэн. Бид хоёр 21 цагийн үед манай гэрээс гараад 0.75 литрийн архи аваад Толгойтын нэг гудамжид уусан. Толгойтын эцэст байдаг “Галакси” нэртэй бааранд ороход танил ах Х ганцаараа сууж байхаар нь бид 2 очиж хамт суусан...02 цагийн үед гурвуулаа гараад зам дагаад алхаж байхад бид нарын хажууд 2 залуу явж байсан. Найз Б нэлээд согтуу тухайн залуугаас гал асуугаад нэг залуутай нь маргалдаад нэг залууг татаад унагасан. Тэгэхээр нь би очиж өмөөрөөд нэг залууг барьж аваад 2-3 удаа цохисон. Тэр залуугийн халааснаас гар утас унахад уг утсыг Х ах аваад халаасандаа хийхийг Б бид 2 харсан. Тэгээд бид гурав нэг караоке ороод 0.5 граммын архи авч уг архиа Х ахын амьдардаг гудамжид уусан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 233-235),

4. Шүүгдэгч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ганцаараа бага зэрэг архи уучихаад 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын эцэст байдаг “Галакси” бааранд орж сууж байхад таньдаг дүү нар буюу С, Б нар гаднаас бага зэрэг уусан бололтой орж ирсэн. Тэгээд бид 3 нэг ширээнд суугаад би 20.000 төгрөгөөр хүний нэг нэг шил пиво авч уугаад 02 цагийн үед баарнаас гараад 3 тамхи татаад зогсож байхад нэг үл таних залуу хажууд ойрхон байсан, уг залуутай юунаас болсныг нь мэдэхгүй С маргалдаад зууралдаад С уг залууг цохихоор нь Б бид 2 очиж салгасан. Тэр 2 зодолдож байхад тухайн үл таних залуугийн шар өнгийн гар утас нь газарт унасан. Би уг утсыг аваад халаасандаа хийсэн. Намайг утас авч байхыг С, Б нар харж байсан....Ах нь та хоёрт тус бүрд нь 20.000 төгрөг өгье, харин энэ утсыг ах нь авчих уу гэхэд тэр хоёр  зөвшөөрөөд би гэр рүүгээ ороод 40.000 төгрөг гаргаж өгөөд хувааж өгөөд бид 3 архиа хувааж уугаад салсан...”гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224-226 дугаар тал),

5. Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би найз С-гийн гэрт очиж хамт гэрээс нь гараад хоёуулаа гудамжинд 0.75 граммын архи хувааж уугаад Толгойтын эцсийн Галакси нэртэй бааранд ороход нэг ширээн дээр Х ах ганцаараа сууж байхаар нь бид хоёр очиж хамт суусан. Тэгээд Х өөрөөсөө мөнгө гаргаад гурван шил пиво авч ууж байгаад тухайн газар хааж байхад бараг 02 цаг өнгөрч байхад бид гурав гараад доошоо буюу баруун урагшаа гэр лүүгээ явж байхад С нэг танихгүй залуутай маргалдаад зууралдсан. Тэгээд С уг залууг цохиод унагаахад уг танихгүй залуугийн шаргал өнгийн гар утас газар унасаныг Х ах очиж аваад Х ах бид хоёр тэр хоёрыг зодолдохыг нь салгаад явсан. Тэгээд Х ах өөрийнхөө түрүүвчнээс мөнгө гаргаж ирээд бид нар “Хас” гэх нэртэй караоке орж нэг шил 0.5 граммын Ерөөл архи аваад гудамжинд уусан. Тэгээд Х ах “би энэ утсыг авчих уу, та хоёрт 20.000 төгрөг өгье гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 215-217 дугаар тал),

6. “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 484 дугаартай “... Самсунг Эс-5 загварын гар утсыг 200.000 төгрөгөөр, түрийвчийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дүгээр тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12369 дугаар: ”Хэсэг газрын үзлэгт: Хамар хавантай, хамрын нуруунд 2х0,8 см зулгаралт, зүүн хацарт 4х3 см, зүүн шанаанд 6х4 см зулгаралт. Баруун нүдний зовхинд хаван, цус хуралттай. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн бичигт: Тархи доргилт. Хамар ясны хугарал гэжээ. Компьютер томографийн хариу: ...Хамар баруун нүд орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан. Хамар яс хугарсан, таславч мурийсан. Баруун нүдний ухархайн дотор хана 1,6 см өргөн 0,5 см гүн этмойд хөндий рүү цөмөрсөн шинэ хугаралтай.

1. Д.Б-ын биед баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, хамар яс хугарсан, нүүрээр хаван хавдар, цус хуралт, зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал)

Шүүгдэгч Т.С-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийн хувьд:

1.Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Улаанчулуутын Алтан овооны 39-ийн задгай гэсэн хаягт Чинбат гэдэг таньдаг айлд ганцаараа очсон намайг Чинбатын гэрт очиход эхнэр Нарантунгалаг, охин Мягмарсүрэн, хүү Оюунболд нар байсан . Тэгээд Чинбатын гэрт охин Мягмарсүрэнгийн хамт 1 шил 0.5 граммын “Улаанбаатар” архи хувааж уугаад хөзөр тоглож байгаад орой болохоор нь унтаад өгсөн. Өглөө нь босоод Мягмарсүрэнгийн дүү Оюунболдын хамт эгчийнх гээд айл руу явсан. Мягмарсүрэнгийн хүү Мөрөнг авчирсан. Гэрт ирээд өдөр хоол идчихээд байж байтал хуучин хүргэн болох Ч.С гээд залуу 15 цагийн үед гаднаас ганцаараа орж ирсэн.Тэгээд гадагшаа дэлгүүр явахаар болоод Ч.С-тай xаmt гараад дэлгүүрт ороод 0.75 граммын 1 шил архи, аваад дэлгүүрийн худалдагчид картаар тооцоо хийх гээд пин кодоо хэлэхэд Ч.С хажууд зогсож байсан. Дэлгүүрээс гараад буцаад Чинбатынд гэрт очоод Ч.С бид хоёр авсан архиа хувааж уусан архи дуусахаас өмнө би амарсан. Орой 2018 оны 03 дугаар сарын 04-ны орой 19 цаг өнгөрч байхад сэрээд куртикны халаасанд хийсэн байсан ХААН банкны картаа авах гэсэн боловч байхгүй болохоор нь Мягмансүрэнгийн дүү Оюунболдоос “миний картыг харсан уу” гэж асуухад би аваагүй,таньд байгаа гэсэн. Карт байхгүй болхоор нь ХААН банкны 18001917 гэсэн дугаартай лавлах руу утсаараа залгаад автомат хариулагчаар нь дансаа хаалгасан.Тэр өдрөө тэнд хоноод 2018 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 7 цаг өнгөрөөгөөд 21 дүгээр хороолол руу Солонгосын бүртгэлд бүртгүүлэх гээд тэднийхээс гараад явсан. 10 цагийн үед ХААН банкнаас бичиг баримтаараа 100.000 төгрөг аваад үлдэгдлийг нь асуухад 1.700.000 төгрөг байна гэхээр нь хаачихсан байна гэж бодоод яваад өгсөн юм. 12 цагийн Оюунболд руу утсаар залгаад миний карт олдсон уу гэж асуухад байхгүй байна гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 12 өдөр ХААН банкин дээр очоод данснаасаа мөнгө авах гэхэд миний данснаас 33.000 төгрөг байна гэж хэлсэн.Тэгээд Мягмарсүрэнгийн ээж Нарантунгалагийн утас руу залгаад картанд байсан 1.700.000 төгрөг байхгүй байнаданай хүү Оюунболд авсан юм биш үү гэхэд хүргэн Ч.С тэр өдөр чиний Хаан Банкны картыг чинь аваад явсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 167-172 дугаар тал)

2.Гэрч О.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо 39 дүгээр гудамжны задгай хаягт хойд аав болох Чинбатын гэрт нь ээж,аав, дүү Оюунболд, өөрийн хүүхэд Амин-Мөрөн нарын хамт байж байсан энэ өдөр орой 20 цагийн үед манай найз Энхмандах миний өөрийн 88930599 дугаарт залгаад “намайг хаана байна” гэж асуусан тэгхээр нь би аавынхаа гэрт байж байна гэж хэлэхэд би хүрээд очих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Энхмандах манай гэрт 21 цагийн үед ганцаараа орж ирсэн тэгээд гэрт хоол ундаж дуусаад Энхмандах надад пиво уух уу гээд манай дүү Оюунболдтой хамт дэлгүүр явсан. Дэлгүүрээс ирэхдээ 2 литрийн Сэрүүн нэртэй пиво, 075 граммын Аптан түрүү архи авч ирсэн. Тэгээд Энхмандах бид 2 архи пивийг хувааж уусан архи талдаа орж байхад манай хүүхэд унтах гээд байхаар нь би хүүхэдтэйгээ хамт унтсан Энхмандах архи уугаад манай ээж аавтай юм яриад сууж байсан. Намайг 2018.03.04-ны өглөө сэрэхэд Энхмандах манай гэрт хоносон байсныг мэдсэн сэрэхэд Энхмандах надаас 2-уулаа явж кино үзэх үү гэхээр кино үзэхгүй гэртээ байна гэж хэлсэн энэ үед манай ээж Тунгалаг хайлааст руу явах ажилтай болоод явсан, энэ хооронд Энхмандах дахьж дэлгүүр яваад 2 литрийн нийслэл пиво, Аптан түрүү архи авч ирсэн тэгээд дахиад архи пиво ууж байтал манай дүү Лхагваагийн нөхөр С гэж залуу гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд Энхмандах, С бид 3 архи хувааж уусан архи ууж байгаад би согтоод унтсан хэсэг унтаж байгаад сэрэхэд Энхмандах, С нар гэрт байхгүй би хүүхэдтэйгээ байж байсан намайг сэрсэний дараа Энхмандах, С нар нь дэлгүүр яваад дахиад архи авч ирээд уух гэж байхаар нь би архинаас уугаагүй буцаад унтсан. Тэгээд орой 19 цаг үед сэрэхэд Энхмандах манай гэрт согтуу унтаж байсан тэгсэн гаднаас манай нөхөр Бат-Эрдэнэ гаднаас орж ирээд Энхмандахыг манай гэрт ирж битгий архи уугаад бай гэж хэлээд тэгээд тэр хоорондоо маргалдсан тэгээд Энхмандах нь манай гэрээс явах гээд эд зүйлээ бүртгэхэд Хаан Банкны бэлэн мөнгөний виза карт байхгүй байсан тэгээд эрээд байсан болоч олдохгүй. Энхмандах нар хамтдаа дэлгүүр явж байсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Энхмандахад хаан банкны лавлах дугаарт залгаад картаа хаалгачих гэж хэлсэн тэгсэн Энхмандах лавлах руу залгаад хаалгах талаар хэлж байсан өөрөө хэлэхдээ картаа хаалгачихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 173-175 дугаар тал)

3.Насанд хүрээгүй гэрч Т.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр таньдаг ах Энхмандахыг манайд унтаж байхад С гэдэг хүргэн ах орж ирээд цааш нь түлхээд халааснаас нь ХААН банкны картыг нь авсан. Би та буцаагаад хийгээч гэхэд за хийчихнэ гээд үлдсэн. Тэгээд би гадаа шийдэн дээр тоглож байгаад орой ирэхэд С ах явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 178 дугаар тал)

  1. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 184-186 дугаар тал)
  2. Дипозет дансны хуулга (2 дугаар хавтас хэргийн 187-188 дугаар тал)
  3. Шүүгдэгч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“..Би 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо орбитын 1-Зв тоотод гэртээ ээж Саран, өөрийн хүүхдүүд болох Солонго /3 настай /, Соёмбо /1 настай /, хүүхдүүдийн хамт байж байсан. Тэгээд би 14 цагийн үед гэрээсээ гараад өөрийн хадам аав болох Чинбатын гэрт нь очиж эхнэр Лхагвийг гэртээ ирсэн үгүйг мэдэх гээд очсон. Намайг Чинбатын гэрт нь очиход манай эхнэрийн төрсөн эгч О.Мягмар, дүү Оюунболд, хадам аав Чинбат, мөн танихгүй 1 залуу байсан сүүлд нь танилцаж байхад өөрийгөө Энхмандах гэж танилцуулаж байсан. Намайг гэрт ороод удаагүй байхад өөрийгөө Энхмандах гэж танилцуулаж байсан залуу намайг хамтдаа дэлгүүр ороод ирье гэж хэлэхээр нь би хамтдаа гэрийн хажууд байх дэлгүүрт ороод 0.75 граммын “Алтан түрүү” архи, ундаа аваад Чинбатын гэрт нь буцаж орсон. Тэгээд дэлгүүрээс авсан архийг Энх-мандах, Чинбат, Мягмар, бид 4 хувааж уусан уг архи дуусах үер Энхмандах, Мягмар 2 согтоод унтсан үлдсэн архийг нь би ганцаараа уусан. Тэгээд Чинбатын гэрээс 17 цагийн үед гарах гэтэл Энхмандахын унтаж байсан орны хажууд Хаан Банкны виза карт харагдахаар нь би картыг авсан тэгсэн Энхмандахын карт гэдгийг мэдсэн. Би хадам аав Чинбатьн гэрээс гараад гэртээ харьчихаад буцаад орой 18 цагийн үед буцаж гарсан. Гэрээсээ гараад Ням-Очир гээд найзынхаа гэрт нь очиж архи уусан. Тэрнээс хойш Энхмандахын картаар 2018.03.04-ний өдрөөс 2018.03.11-ны өдөр хүртэл картыг эзэмшиж хэрэглэж байгаад картыг толгойтын гудамжинд хаясан.” (2 дугаар хавтас хэргийн 213-214 дүгээр тал)

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Т.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар тал), хохирол төлбөр төлсөн баримтууд (2хх39)

Шүүгдэгч Г.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар тал),

Шүүгдэгч Б.Х-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.С, Г.Б, Б.Х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

1. Гэм буруугийн талаар

I.I Шүүгдэгч Т.С, Г.Б, Б.Х нар бүлэглэн:

- Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Д.Б-ын “Самсунг эс-5” маркийн гар утас, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Т.С нь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа түүний нүүрэн тус газар цохиж, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, нүүр хэсэгт хаван хавдар, цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-нд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө ...02 цаг 40 минутын орчим гараад ...зам дагаад алхаад явж байтал араас 25-30 насны  эрэгтэй гурван хүн ирээд надтай хамт явж байсан Ууганбаярын куртикнээс татаж газарт унаган, тарган залуу гудамж руу намайг чирч оруулаад “чи ямар овоо залуу вэ” гээд толгой руу гараараа цохисон, боож газарт унагасан, хөлөөрөө толгой хэсэг рүү өшиглөж байхад нь би ухаан алдсан. ...Ямар ч байсан нэг нь тарган, нөгөө хоёр нь туранхай залуучууд байсан. Миний” Самсунг Эс-5” маркийн гар утас, хүрэн өнгийн хэтэвч, 50.000 төгрөгийг аваад явсан, миний хамар хугарсан, үүдэн 4 шүд хөдөлсөн, ар дагз нугас руу өвдсөн, хоёр нүд хөхрөлттэй, шанаа зулгарсан, цээж хөндүүрлэсэн байдалтай байна....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

-мөн хохирогчоор дахин 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дүгээр тал),

- гэрч Ц.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын дундуур, ...Б-ын хамт ... нилээн орой болсон хойно гараад зам дагаад явж байтал араас нэг хүн цохих шиг болж, би хажуу тийшээ унасан. ...Намайг газарт унахад Б-ыг гудамж руу чирээд орсон юм билээ. ...Б “Галакси Эс-5” загварын гар утас, хүрэн өнгийн савхин түрүүвч барьдаг. Энэ хэрэг болоход алдчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1хх114-115),

-шүүгдэгч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1хх233-235),

-шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1хх215-217),

-шүүгдэгч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1хх224-226),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12369 дугаар дүгнэлт (1хх28), “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн үнэлгээний тайлан (1хх32-34) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарын хамтран оролцоог ялгаж үзвэл тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч нар нь караокенаас гарч явахдаа гудамжинд шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэгт бусдыг өдөөн хатгаж, шүүгдэгч Т.С нь хохирогчид хүч хэрэглэн түүнийг зодож, энэ явцад шүүгдэгч Б.Х эд хөрөнгийг авах зэргээр үйлдлээрээ гэмт хэрэгт санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх ба, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай зорилгоор үйлдэгджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Т.С нь бусадтай бүлэглэн хохирогч Д.Б-ын эд зүйлийг дээрэмдэх явцдаа түүнийг чирэх, нүүрэнд нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.С, Г.Б, Б.Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт  хэрэгт гэм буруутайд, мөн шүүгдэгч Т.С-г дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.

 

I.II. Шүүгдэгч Т.С нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39-ийн задгай тоотод Б.Э-ын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг картнаас нийт 1.582.989 төгрөгийг захиран зарцуулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-  хохирогч Б.Э-ын мэдүүлэг (2хх167-172), гэрч О.Мягмарын мэдүүлэг (2хх 173-175), насанд хүрээгүй гэрч Т.Оюунболдын мэдүүлэг (2хх-178), хохирогч Б.Энхмандахын “Хаан банк” дахь 5166362477 дугаар дансны “депозит” хуулга (2хх187-188), бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 184-186), шүүгдэгч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2хх213-214) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Т.С нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр Б.Энхмандахын эзэмшлийн “Хаан банкны виза” картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Иймд шүүгдэгч Т.С-г хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

  • Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.

Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн үнэлгээний тайлан (1хх32-34)-гаар 250.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, бэлэн 50.000 төгрөг, нийт 300.000 төгрөг, мөн эрүүл мэндэд учирсан зардалд 128.000 төгрөг нэхэмжилсэн баримт (1хх28, 30)-ыг хэрэгт ирүүлжээ.

Дээрх эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлыг шүүгдэгч нар төлсөн байх тул хохирогч Д.Б-д шүүгдэгч нар төлөх төлбөргүй болно. 

Харин шүүгдэгч Т.С-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогчид 1.582.989 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Т.С-аас дээрх хохирлын төлбөрийг гаргуулж хохирогч Б.Э олгох нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Х, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар  нэмж нэгтгэн нийт 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялаар тогтоох, тэдгээрт  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга: “Шүүгдэгч Т.С гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчаас оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэн хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. 1 жил 8 сар 9 хоногийн хорих ял оногдуулж өгнө үү“ гэсэн дүгнэлтийг,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар: “...шүүгдэгч Г.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч гэмт хэргийн хор уршиг арилсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,           

- шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Б: “...шүүгдэгч Б.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр нь салсан, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.С, Г.Б, Б.Х нарт, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.Б, Б.Х, Т.С нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн тэдгээрт ял оногдуулах үндэстэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болох эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

 Иймд шүүгдэгч Т.С, Г.Б, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт хоёр жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч Т.С-ийн биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө үйлдсэн байна. 

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,  

Мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж тус тус заажээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий тангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Иймд шүүгдэгч Т.С-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан байх тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х, Г.Б, Т.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүх үзэв.

Дээрх хуулийн заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд эрх олгосон заалт буюу шүүхийн эрх хэмжээ ба, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, цагаатгах байр суурьтай оролцсон нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй буюу гэм буруугийн талаар маргасан, шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргахгүй гэж мэдүүлж, түүнд шүүх хуульд зааснаас доогуур хорих ялыг 2019 онд оногдуулж хуулийг хэрэглэж байсан боловч тус шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж давж заалдах гомдол гаргаж байсан нь гэм буруугийн талаар өөрийн хүсэл зоригийн үүднээс маргахгүй зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй буюу эргэлзээтэй, шүүгдэгч Т.С-ийн хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан шүүх өмгөөлөгч нарыг дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Т.С 232 хоног, шүүгдэгч Г.Б 184 хоног, шүүгдэгч Б.Х 123 хоног тус тус цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Б, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Эрүүгийн 1808047681565 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х, Г.Б нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Б, М овогт Т.С, М овогт Б.Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн;

- мөн шүүгдэгч М овогт Т.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.С-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Г.Б, Б.Х тус бүрт 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2  жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 3 (гурван) жилийн хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Б.Х, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ийн цагдан хоригдсон 232 (хоёр зуун гучин хоёр) хоног, шүүгдэгч Г.Б-ын 184 (нэг зуун наян дөрөв) хоног, шүүгдэгч Б.Х-ийн 123 (нэг зуун хорин гурав) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн 1808047681565 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Х, Г.Б нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-с 1.582.989 (нэг сая таван зуун наян хоёр мянга есөн зуун наян ес) төгрөг гаргуулж хохирогч Б.Энхмандахад олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Б, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдгээрийн эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С, Г.Б, Б.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБААБААТАР