Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 141

 

                                                                                                                                                                                                                                                                                                                          

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Я.Пд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Сайнбаяр,

Шүүгдэгч Я.П, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай прокурорын эсэргүүцлээр Я.Пд холбогдох эрүүгийн 1706028960265 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Өнөр овогт Янжиндуламын Я.П, 1900 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00011579/,     

 

             Я.П нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын гадна авто зогсоол дээр иргэн Н.Гтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Я.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч Я.Пд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов. Дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад тухайн хэрэг болсон газарт байсан гэх Д.Бямбасүрэнг гэрчээр асуух нь зүйтэй. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлт болон хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох сидид буулгасан зураг, эмчийн гаргасан тодорхойлолт зэргийг шинжлэн судлахад хохирогчийн дээд эрүү хугарсан, эсхүл хугараагүй алин болох нь тодорхой бус, мөн хохирогчийн баруун 8, 9 дүгээр хавирга хугарсан гэх нь эргэлзээ төрүүлэхүйц байгаа учир хохирогч Н.Гантулгын цээжний зургийг дахин авч хавирга ясны хугарсан эсэхийг шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулах нь үндэслэлтэй байна. Шинжээчээс хавирга нь хугарсан хүн хөдөлгөөн хийх, машин унаж явах боломжтой эсэхийг тодруулж уг асуудлыг нэг мөр эцэслэх нь боломжтой юм.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн архивын эрхлэгч нь яллагдагч, түүний өмгөөлөгчид хохирогчийн гэмтлийн талаар ярьсан зүйл бодит эсэхийг тогтоож, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн холбогдох баримт бичгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй буюу хэргийн материал танилцуулаагүйгээр гомдол хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаан мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэв. Харин яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гэрчээр Ж.Отгонжаргал, С.Сүхбат, О.Баатархуяг нарыг дахин асуулгаж байцаалт авахуулах гэх хүсэлтийг хүлээж авах шаардлагагүй ба тэдгээрт хуульд заасан эрх үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу мэдүүлэг авсан байна. Гэрч нар нь худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлтэй бол прокурорт хандах нь нээлттэй юм. Мөн гэрч нар нь мэдүүлэг өгөхөд хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр бичсэн гэж үзэж байгаа бол тухайн үедээ эрх бүхий албан тушаалтанд засуулах санал гаргах, тухайн мэдүүлэг авсан тэмдэглэлд баталгаажуулж гарын үсэг зурахаас татгалзах бүрэн боломжтой байсан ба одоо ч энэ талаарх гомдлоо прокурорт гаргах эрхтэй. Яллагдагч түүний өмгөөлөгч нар нь мөрдөн байцаагчийг солиулах тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар нь хуульд зааснаар тус ажиллагааны хэдийд ч өмгөөлөгч сонгон авах боломжтой байгаа учир хохирогчийн өмгөөлөгч сонгон авах эрх нь нээлттэй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Я.Пд холбогдох эрүүгийн 1706028960265 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт очтол яллагдагч Я.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлж...” шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Захирамжийн буцаасан үндэслэлүүдэд иргэн Д.Бямбасүрэнг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзсэн. Учир нь хэрэг болох үед хажууд нь байсан О.Баатархуяг, С.Сүхбат нарыг гэрчээр байцаалт авсан. Мөн Ж.Отгонжаргалыг гэрчээр байцааж болсон хэргийн талаар хууль сануулж мэдүүлэг авсан. Энэ гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, тухайн болсон зүйлийг тодорхой мэдүүлсэн байдаг учраас Д.Бямбасүрэнг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлт нь ямар ч салаа утгагүй, тодорхой дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт, “сиди”-г мэрэгжлийн хүн үзнэ үү гэхээс энгийн хүн харж тодруулах боломжгүй. Тухайн үед урьдчилсан хэлэлцүүлэгт шинжээчийг оролцуулах санал тавьж байсан. Шинжээчийг оролцуулж энэ мэдүүлгийг авах боломжтой байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Тэгэхээр тухайн үеийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьсан Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн архивын эрхлэгчийн яриаг асуух нь ямар ч ач холбогдолгүй, шаардлагагүй зүйл гэж үзэж байна. Мөн яллагдагч Я.П нь прокурорын шатанд хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж хавтаст хэрэгт хавсаргасан. Өмгөөлөгчийг прокурорын шатанд авсан, тухайн үед танилцах талаар хэлж байсан. Өмгөөлөгч нь “би сургалттай байна, шүүхэд очихоор нь танилцана” гэсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр баталгаажсан. Энэ хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой, хангалттай нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Я.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би машиныхаа нумыг хугалчихаад солих гэж техникийн зах дээр авч явж байгаад өөрийнхөө гарыг хугалсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж эмчлүүлэхэд надад бичиг хийж өгсөн. Бичиг хийж өгдөг юм байна, хохирогч Гантулга эхнэр Отгонжаргал бид хоёрт яг ийм бичиг үзүүлж байсан. Хоёр хавирга хөндүүр, уруул хөндүүр гэсэн бичиг үзүүлж байсан. Гантулга энэ бичгийг хавтас хэрэгт хийгээгүй байна. Өмгөөлөгч Н.Ганбат бид хоёр өчигдөр өглөө очиж Гантулгын бичлэгийг эмчээр нь үзүүлэхэд “ямар ч хугарал байхгүй” гэж гарсан. Гэмтлийн зэргийн хувьд маргаантай байна...” гэв.

Шүүгдэгч Я.Пгийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор О.Баатархуяг, С.Сүхбат, Ж.Отгонжаргал нараас байцаалт авсан учраас Д.Бямбасүрэнгээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Ж.Отгонжаргал байцаалт өгсөн болохоос гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Тухайн гэмт хэргийг харсан Д.Бямбасүрэн цаана нь ТҮЦ-ний хажууд хараад зогсож байсан. Д.Бямбасүрэн гэдэг хүн гэрчээр огт мэдүүлэг өгөөгүй учраас анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авах санал тавьсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд шүүгдэгч Я.Птэй хамт очиж үүдний өрөөнд таарахад “хуралтай хүнийг хуралгүй гэж хэл ам татлаад байсан хүн мөн байна. Өөр эмнэлгээр зураг авахуулчихаад хэл ам гаргаж байсан хүн мөн байна гээд” явсан хүсэлт гаргасан. Болсон явдлыг харсан хүнийг гэрчийн мэдүүлэг авахуулахаар шүүх хуралдаанд хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Я.П нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын гадна авто зогсоол дээр иргэн Н.Гтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Я.Пгийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн материалыг судлахад;

Хохирогч Н.Гантулгын цээжний зургийг дахин авч хавирга яс хугарсан эсэх талаар шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах, хавирга нь хугарсан хүн хөдөлгөөн хийх, машин унаж явах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгчийн захирамжид дурдсан иргэн Д.Бямбасүрэнг энэ хэрэгт гэрчээр асуух шаардлагагүй байх учир энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Сайнбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Я.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Д.МЯГМАРЖАВ