Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/00073

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 04 өдөр

 Дугаар 181/ШШ2017/00073                                            

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ж.Б ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:А ТӨҮГ-т холбогдох

Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 20 618 532 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Ж.Б миний бие Сэлэнгэ аймгийн Тээвэр, Автозамын газрын даргаар тус аймгийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 419 дугаартай захирамжаар томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байсан. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 тоот тогтоолын дагуу аймгуудын Тээвэр, Автозамын газрыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн орон нутаг дахь салбаруудтай нэгтгэн зохион байгуулсан. Энэ тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/147 тоот захирамжаар Ж.Б миний биеийг А ТӨҮГ-ийн Сэлэнгэ салбарт шилжүүлсэн.

Гэтэл намайг шилжин очсоноос хойш ажлын байраар хангаагүй улмаар А ТӨҮГ-ийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн Б/120 тоот тушаалаар ажлаас халсан.

Ажлаас халах тушаалыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болголгүй, ажлаас халсан үндэслэлээ заалгүйгээр Авто

 

                                                -2-

тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн даргын тушаалаар ямар ч үндэслэлгүй ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3., 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4. гэсэн заалтуудыг зөрчсөн.

Иймд Ж.Б намайг  Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалинд 20 618 532 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 тоот тогтоолын дагуу аймгуудын Тээвэр, Авто замын газрыг А ТӨҮГ-ийн орон нутаг дахь салбаруудтай нэгтгэн зохион байгуулсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх явцад Сэлэнгэ аймгийн Тээвэр Авто замын газрыг, А ТӨҮГ-ийн Сэлэнгэ аймаг дах салбартай нэгтгэн зохион байгуулсан.

Манай байгууллага  аймгийн Тээвэр Авто замын газрын ажилчдыг тохирох ажлын байранд ажилд авсан боловч 2 байгууллага нэгдэж байгаатай холбоотойгоор 2 дарга, 2 нягтланг зэрэг ажиллуулах боломжгүй юм. Иймд Ж.Б той хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас нь чөлөөлсөн.

Ж.Б ын хувьд Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллах болзол нөхцөлийг хангахгүй байсан. Энэ албан тушаалд ажиллах хүн Монгол улсын 50442010 гэсэн стандартыг хангах ёстой байсан. Энэ стандартад дээрх салбарын дарга нь Автын инженер мэргэжилтэй, зөвлөх инженер цолтой, мэргэжлээрээ 5 жил ажилласан байх шаардлага тавьсан байгаа юм. Нэхэмжлэгч 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэлээ татан авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс Ж.Б нь шүүхэд дахин хандах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сэлэнгэ аймаг дах салбарын дарга байсан Ариунаа нь дээрх шаардлагыг хангаагүй тул мэргэжилтэн болж Жамбалнямбууг томилсон. Ж.Б ыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгч 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажлаас нь чөлөөсөн. Нэхэмжлэгч Ж.Б ыг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ж.Б нь А ТӨҮГ-т  холбогдуулан Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 20 618 532 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ж.Б ыг үндэслэлгүйгээр ажлаас  чөлөөлөөгүй гэж маргажээ.

                                                      -3-

Ж.Б нь Сэлэнгэ аймгийн засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 419 дугаартай захирамжаар 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус аймгийн Тээвэр, авто замын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ./хх-ийн 4,171-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Тээвэр авто замын газар нь дарга, нябо, мэргэжилтэн зэрэг 7 орон тоотойгоор,  “Авто  тээврийн үндэсний төв” төрийн өмчид үйлдвэрийн газрын Сэлэнгэ аймаг  дах салбар нь дарга, нягтлан, оношлогч инженер гэх мэт 12 орон тоотойгоор тус тус үйл ажиллагаа явуулж байжээ./хх-ийн 44-46,126-128, 150-152–р хуудас/

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болох Тээвэр авто замын газрыг “А ” төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулах шийдвэр гарсан байна./хх-ийн 34-35-р хуудас/

 А ТӨҮГ-ын захирлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн б/81тушаалаар А ТӨҮГ-ын орон нутгийн төвүүдийн бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Сэлэнгэ аймгийн “авто тээврийн төв”-ийн бүтэц орон тоог дарга, менежер, ахлах нягтлан бодогч гэх мэт 23 орон тоотой, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн б/176 дугаартай тушаалаар дарга, менежер, ахлах нягтлан бодогч гэх мэт 22 орон тоотой байхаар 2 удаа тушаал гаргаж баталсан байна. /хх-ийн 44-46,131-136-р хуудас /

Дээрх өөрчлөлттэй холбоотойгоор Аймгийн засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг А ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дах салбарт нэгтгэн зохион байгуулж тус аймгийн засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар Тээвэр авто замын газрын захирал Ж.Б ыг А ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дах салбарт 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдрөөр тасалбар болгон шилжүүлжээ. /хх-ийн 5,137-138-р хуудас/

 А ТӨҮГ-ын захирлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн б/260 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймгийн Тээвэр авто замын газрын дарга Ж.Б ыг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 6-7-р хуудас/

Ж.Б нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан байна./хх-ийн 8-р хуудас/

Хариуцагч нь Аймгийн засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг А ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дах салбарт нэгтгэн зохион байгуулсан тул 2 дарга, 2 нягтланг зэрэг ажиллуулах боломжгүй юм. Иймд Ж.Б ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Ж.Б ыг ажлаас чөлөөлөхөөс өмнө 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/135 тоот тушаалаар Ч.Жамбалнямбууг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд 6 хүртэл сарын хугацаагаар түр томилон ажиллуулж байсан болохоо үгүйсгээгүй болно./хх-ийн 56-р хуудас/   

Ж.Б ыг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалд түүнийг орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн, байгууллага татан буугдсан үндэслэлүүдийн алинд нь хамааруулж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа үндэслэл тодорхойгүй байна. /хх-ийн 6,7-р хуудас/

                                                -4-

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан  "орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг, “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно.

Дээрх 2 байгууллагыг нэгтгэхээс өмнө Сэлэнгэ аймгийн Тээвэр авто замын газар нь дарга нягтлан гэх мэт 7 орон тоотой,  “Авто  тээврийн үндэсний төв” төрийн өмчид үйлдвэрийн газрын Сэлэнгэ аймаг  дах салбар нь дарга нягтлан гэх мэт 12 орон тоотой ажиллаж байгаад нэгтгэсний дараа дарга нягтлан гэх мэт 22 орон тоотой ажиллаж байх тул “орон тоо хасагдсан”, “орон тоо цөөрсөн” үндэслэл тогтоогдохгүй байна./хх-ийн 44-46,126-128, 131-136,150-152–р хуудас/

            Нэгтгэн зохион байгуулагдсан Сэлэнгэ аймгийн А д 2 дарга ажиллах боломжгүй, хуулийн этгээдүүдийг нэгтгэсэн үндэслэлээр А ТӨҮГ-ын захирлын б/260 дугаартай тушаалаар тус аймгийн засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрын дарга Ж.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар Б/260 дугаартай тушаал, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зэргээр  тогтоогдож байна. /хх-ийн 21-25, 42-43,159-163,181-196 -р хуудас/

            Хэрэгт баримтаар авагдсан дээрх тушаалууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Ж.Б ыг “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан  “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан”  гэдэгт хуулийн этгээдийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх гэсэн үндэслэлүүд хамаарна.

 Мөн хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтан Ж.Б од 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулан өгсөн байна. /хх-ийн 41-р хуудас/

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр  хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал/ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэсэн байхад Ж.Б ыг ажлаас нь шууд чөлөөлсөн нь түүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Ажил олгогч нь Аймгийн засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрын дарга,  А ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дах салбарын дарга нарын хооронд дээрх хуульд зааснаар төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон

                                                -5-

тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох үүргээ биелүүлэлгүй байна.

Түүнчлэн Аймгийн засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилгыг:

“ авто зам болон авто тээврийн тухай хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тээвэр, авто замын газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, зохицуулах, хэрэгжилтийг хянах, үнэлэх, аймгийн ИТХ болон засаг даргын шийдвэр, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах, аймгийн авто замын сүлжээг хөгжүүлэх, авто тээврийн талаар орон нутгаас баримтлах бодлого боловсруулж хэрэгжүүлэх”/хх-ийн 77-78-р хуудас/,

А ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дах салбарын даргын ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилгыг:

 Авто тээврийн тухай хууль болон түүнд нийцүүлэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм журам, стандартуудын биелэлтийг хангуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, салбарын бодлого, чиглэл, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж тус тус зааснаас үзэхэд хуулийн этгээдийг нэгтгэсний дараа дээрх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна./хх-ийн 153-158-р хуудас/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 36.1.3, 36.3, 40.1.1, 40.3.,40.4 дах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д ”ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аятай  нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон, цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр хөдөлмөрийн дотоод журамд  заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж 40 дүгээр зүйлийн 40.4-т “Аж ахуйн нэгж байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй” гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд Ж.Б ыг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх /18 сар 20 хоног/ хугацаагаар цалингийн зөрүүд 21 684 072 төгрөгийг /1 189 474+1 123 474+1 123 474=3 436 422/, /3 436 422:3=1 145 474/, /1 445 474:21,5 =53 277/, /1 145 474х18сар=20 618 532/, /53 277х20хоног=1 065 540/, /20 618 532+1 065 540=21 684 072/  ажил олгогчоос гаргуулан Ж.Б од олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн  төлүүлэн, бичилт хийлгүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаас 720158 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

           

                                                            -6-

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Ж.Б ыг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, А ТӨҮГ-аас 21 684 072 /хорин нэгэн сая зургаан зуун наян дөрвөн мянга далан хоёр/ төгрөг гаргуулан Ж.Б од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720158 /долоон  зуун хорин  мянга нэг зуун тавин найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266 370 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО