Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/209

 

                                   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

      Улсын яллагч Ч.Батзориг

       Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-т холбогдох эрүүгийн 203800000265 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б-

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Э.Болбаатар нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Л.Э-г тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр толгой руу цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Э.Б- нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Л.Э-г тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр толгой руу цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000265 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед эхнэр Л.Э-гээ айлд согтуу унтаж байхаар нь гэр орондоо ирэхгүй, залуучуудтай архи ууж яваа гэсэн шалтгааны улмаас түүний нүүр лүү гараараа 2 удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөсөн нь үнэн. Үүнээс өөрөөр түүнийг цохиж зодсон удаа байхгүй. Л.Э- бид хоёрын гэр бүлийн амьдрал одоо гайгүй байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйж, дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж, түүнтэйгээ эвлэрлийн гэрээ байгуулсан. ...” гэх /хх-н 16-17х/ мэдүүлэг,

Хохирогч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг өнгөрч байх үед би найз Ханддулам, Өсөхөө нарынхаа хамтаар дэлгүүрээс 2 ширхэг том савтай пиво авсан. Бид 3 пиво авчхаад явж байхад манай хамаатны Лүүлүү гэх банди таараад Лүүлүүгийн гэрт очиж авсан юмаа уухаар болсон. Лүүлүү, Ханддулам, Өсөхөө бид 4 авсан 2 пивоо хувааж уусан. Пивоо хувааж ууж дуусгаад Лүүлүү бид нарыг нэг нэгээр нь мотоциклиор гэр гэрлүү нь хүргэж өгөхөөр болоод эхлээд Хандааг гэрт нь хүргэж өгнө гээд гарсан. Би тухайн үед Лүүлүүг ирэхийг хүлээж байгаад тэдний гэрт унтчихсан байсан. Намайг унтсанаас хойш Өсөхөө яаж гэрлүүгээ явсныг мэдэхгүй байна. намайг унтаж байхад гэнэт л нэг хүн өшиглөөд, цохиж зодоод унахаар нь харахад манай нөхөр Э.Б- байсан. Үхэсэнээ хийгээд айлд унтаж байгаа юм бэ гэрлүүгээ хариач гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамтаар гэрлүүгээ харьсан. ...Э.Б- миний хамтран амьдрагч байгаа юм Э.Б- бид хоёр 2005 оноос өдийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байна. бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. Тухайн үед нөхөр Э.Б- намайг үл ойлголцлын улмаас хардаж зодсон. Одоо би гомдолгүй байна. Нөхөртөө гомдолтой гэж хэлээд ч яах билээ, хүүхдүүд ч хэцүү байх шиг байна. нөхөр Э.Б- маань надаас уучлалт гуйж, дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амалсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 271 дугаартай:

  1. Л.Э-гийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун хацар, эрүү, баруун шуу, зүүн шилбэнээс тавхай хүртэл, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Л.Э-гийн биед үүссэн хамрын ясны хугарал, тархи доргилт нь тус тусдаа бусад хэсгийн цус хуралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  22-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-ийн 49 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000265 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Л.Э-г тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр толгой руу цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “... эхнэр Л.Э-г зодсон нь үнэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Э- мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 271 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 49-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.Б- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Б- нь хохирогч Л.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Б- нь хохирогч Л.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Зоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б- нь 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 0113 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан /хх-44-48х/ боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинжлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Э.Б-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Э.Б- нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

    Шүүгдэгч Э.Б- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Очирхүү нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

               2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б- шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН