| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0215/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/219 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2038000000257 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г-
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Цагаан-Уул гэх газраас хууль бусаар 1.6 куб.метр мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 399.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Цагаан-Уул гэх газраас хууль бусаар 1.6 куб.метр мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 399.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000257 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны үеэр Улаан-Уул сумын Соёо багийн Цагаан-Уул гэдэг газраас гэрийн түлээ бэлтгэх зорилгоор 7 ширхэг босоо мод унагаж шаж болгож бэлдсэн. Өвөл түлэхэд хатаад хуурай болох байх гэж бодоод түлээ хийсэн. ...түлээний модны гоожин авсан. Төв рүү дүүдээ захисан дараа нь ярихад гоожин авсан гэж байсан. Түлээнд бол болох юм бодсон сайн ойлгохгүй юм байна. Ганцаараа модоо хийсэн. Хужаа хөрөө, хурц сүхээр хийсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож хохирол төлбөрийг нь төлж эвлэрсэн байгаа/...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль хамгаалагч Б.Б-ын хамт Эргүүл шалгалтын ажлаар явахад Улаан-Уул сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт Хавхны ам гэх газар Б.Г- нь түлшний мод бэлтгэх зорилгоор босоо нойтон мод долоон ширхгийг унгаж хөрөөдөж шажилсан байсан нийт 7 ширхэг модыг тоолж хэмжилт хийж дугаарласан. Тэгээд байгууллагын дарга Ж.Т-д мэдэгдсэн. ... Албан байгууллагын дарга уг хэрэгт хохирогчоор оролцуулахаар тушаалаар томилсон тул хохирогчоор оролцож байна. Экологи эдийн засагт учирсан хохирлыг л нөхөн төлүүлнэ өөр бол надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...”/хх-21,24-25х/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэж байна гэсэн мэдээллийн дагуу очсон хавхны ам гэдэг газар 7 ширхэг босоо нойтон мод унагаж шаж хийсэн байсан. Энэ мод нь гоожингүй 4 дүгээр багийн иргэн Б.Г-гийн мод болох нь тогтоогдсон. Тэгээд байгууллагын дарга Ж.-д мэдэгдсэн. ... 2020 оны 3 дугаар сарын 16-нд очиход 2 сарын сүүлээр бэлтгэсэн мод байсан. Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хил дотор GPS-ийн N51.00, 06.9 E098, 48, 46.0 хил дотор хамаарагдаж байсан. Сибер шинэс буюу хар мод буюу хэрэглээний гуалин модонд хамаарна. ...” /хх-26-27х/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-н 10-11х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-н 14-15х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 он 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд:
Хохирол төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 59-60х/ гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын соёо багийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 13/71 дугаартай тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51,53-54х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ Нь:
Эрүүгийн 2038000000257 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Цагаан-Уул гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.6 куб.метр мод бэлтгэсэн ойн санд 399.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ц.Г-йн /хх-21,24-25х/, гэрч Б.Б- /хх-26-27х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-14-15х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-10-13х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-31х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-36х/,
Хөвсгөл аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт /хх-42х/,
Хохирол төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-59-60х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.Г- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээнлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Г- нь экологи эдийн засагт 399.840 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г- нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1.199.520 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100171413402 дугаарын дансанд 1.199.520 төгрөгийг төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-59-60х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г- нь ойн санд буюу хүрээлэн буй орчинд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа ойн санд буюу хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Г- нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ түүнийг арилгасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Хавхан” гэх газар/ 1,6 куб.метр модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах,
мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн марк нь тодорхойгүй, улаан өнгийн, төмөр чиглүүлэгч хошуутай, цейптэй цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4–д заасан зохицуулатанд нийцнэ гэж зүйлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.199.520 төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Г-д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г-гийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Хавхан” гэх газар/ 1.6 куб.метр модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Бүгд Найрмадах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн гэх марк нь тодорхойгүй, улаан өнгийн, төмөр чиглүүлэгч хошуутай, цейптэй цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1.199.520 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга таван зуун хорин/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН