Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/116

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр                          Дугаар 2020/ШЦТ/116                                                       Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Ц.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаадай овогт Цэцэгжаргалын Аид холбогдох 2029000440083 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан овоо 3 дугаар багийн нутаг Маахуут гэх газраас Б.Мөнхбаярын хотонд байсан ямаанаас 2 тооны ямааг машин механизм ашиглан хулгайлж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Аид холбогдох эрүүгийн 2029000440083 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “Би хөдөө гэртээ ээж аавынхаа малийг харж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 24-нд ээжийнхээ авдранд байсан 2 шил архийг авч уугаад согтуудаа сумын төв явах замдаа бэлэн мөнгө аваагүй болохоор Б.Мөнхбаярын хоттой малнаас  2 эр ямааг нь аваад явсан. Өмнө нь манай ээж ишигтэй ямаа авна гээд ярьж байсан тухайн үед согтуудаа тэрийг бодсон юмуу яасан юм тийм зүйл болсон байсан,  мотоцикл дээр хөлийг нь тасалж авж яваад  Ганбилэг найзындаа очиж, гэрт нь очоод заруулсан, надаа зараад 200,000 төгрөг авчирч өгсөн би өөрт нь 1 шил 0,75литрийн архи авч өгчөөд шөнө нь архи ууж байгаад маргааш нь мотоциклийн дугуй хагарсан байсан тэгээд гудманд орхичоод ээж, аав хоёр луу утсаар ярьсан чинь хотоос хөдөө гэр рүү ирж байна гэсэн. Тэгэхээр нь зөрөөд хотын унаанд суугаад яваад өгсөн. Хотод очоод блокны үйлдвэрт ажилд ороод, ажил хийгээд байж байсан цагдаагийн ажилчид ирээд  дуудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би сая архины эмчилгээ хийлгэсэн эрүүл саруул байхдаа хэрэг төвөгт холбогдоод байдаггүй, архи уухаараа хэрэг хийсэн байдаг гэхдээ архи руу буруугаа чихэж байгаа юм биш. Ял шийтгэлийг маань хөнгөн оногдуулвал ахиж ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна” гэв.

- Хохирогч Б.Мөнхбаярын: “...манайх сумын төвөөс баруун зүгт 8 километрт байдаг малчин айл юм. Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчимд малаа хашаанд оруулчихаад сумын төвд эхнэр, хүүхэд дээрээ ирж хоносон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад хөдөө мал дээрээ очиход малын хашааны хаалган дээр хоёр машины мөр явган 3-4 хүний мөр байсан. тэгээд малаа бүртгэсэн тэгсэн улаан зүсмийн 1, бор зүсмийн 1 нийт хоёр ямаа байхгүй байсан. тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай улаан өнгийн ямааны зүүн чих нь зүрхэн хэлбэртэй имтэй. Бор ямааны зүүн чих нь зүрхэн хэлбэртэй байгаа гэхдээ эдгээд нийлсэн байж магадгүй. Нэг ямааг 150,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/

- Хохирогч Б.Мөнхбаярын Цогт-цэций сум дахь Цагдаагийн хэлтэст гаргасан хохирол төлбөр төлөгдсөн, гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 159-р хуудас/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

- Гэрч А.Батлхагвагийн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хадам эгч Өнөрбатын гэрт эхнэр Нармандахын  хамт очсон. Тэгтэл орой 23 цагийн үед эгч Өнөрбатын гар утас руу нь хүн залгасан. Тэгтэл эгч утсаар ярьж байснаа “наад мал чинь хулгайн мал биш биздээ” гэж хэлснээ наад малаа манай гэрт аваад ир гээд утсаа салгасан. Тэгээд 10-15 минутын дараа өмнө нь суман дээр харж байсан 180 см өндөртэй шар залуу халамцуу орж ирээд “аваад ирлээ та гарч харах уу” гээд Өнөрбат эгчтэй ярьж байсан. тэгээд би Өнөрбат эгчтэй цуг гартал нөгөө залуу суудлын дээрээс голыг нь тасалчихсан улаан хүрэн өнгийн 2 эр ямаа буулгаад ирсэн. Тэгээд эгч авахаар болоод гэрлүүгээ нөгөө залууг дагуулаад орсон. Би араас ортол нөгөө залуу “надад бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэтэл эгч “бэлэн мөнгө алга дансаар чинь шилжүүлье” гээд ярьсан тэгээд эгч Өнөрбат 260,000 төгрөг шилжүүлээд нөгөө залуу яваад өгсөн. Тэгээд би авчирсан 2 ямааг нь хашааных нь зүүн талд янзлаад толгойг нь гражид орхиод махыг нь хиллээд машинд хийсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Гэрч Ё.Нармандахын: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Цогтцэций сумын Цагаан овоо 2-19 тоотод байх төрсөн эгч Өнөрбатын гэрт нөхөр Батлхагватай хамт очсон. Тэгээд гэрт нь цагаан сараар өмсөх дээлээ хийлгээд байж байхад Өнөрбат эгчрүү Ганбилэг гэдэг хүн утсаар яриад ямааны мах авах уу гэж ярьсан. 15 минутын дараа гаднаас эгчтэй утсаар ярьсан Ганбилэг гэрт орж ирсэн. Тэгээд мманай нөхөр Батлхагва, эгч Өнөрбат, Ганбилэгийн хамт гэрээс гараад амийг нь тасдсасн 2 ямааг худалдаж авсан. Ямааны мах зарсан Ганбилэг бэлэн мөнгө хэрэгтэй байна гэсэн. ГГанбилэгээс асуухад манай найз Цогт-Овоо сумаас авчирсан, бэлэн мөнгө хэрэгтэй байна гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/

Гэрч Ё.Өнөрбатын: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд над руу Ганбилэг гэх танил маань залгаад эгч 2 ямаа байна авчих уу гэсэн. Тэгэхээр нь би янзалсан юм уу гэхэд үгүй ээ амийг нь гаргасан байгаа, бүхлээрээ байгаа гэсэн. Тэгвэл би янзалж авч чадахгүй шдээ. Эзнээр нь янзлуул л даа. Яагаад ийм шөнө өгч байгаа юм бэ? хулгайн мал биш биздээ гэж хэлэхэд Ганбилэг үгүй ээ Цогт-Овоогоос манай найз аваад ирсэн юм.  Архи уугаад шартчихсан болохоор янзалж чадахгүй байна. Мөнгө хэрэгтэй байгаа юм гэсэн. Тэгээд Ганбилэг рүү яриад аваад ир гээд авчруулаад харж байгаад  нэг ямааг 130,000 төгрөгөөр бодоод мөнгийг нь Ганбилэгийн ээж Чимгээ гэх хүний 5598179603 тоот данс руу 260,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хоёр ямаа улаан өнгийн ямаанууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

Гэрч Ч.Ганбилэгийн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна. гэртээ найз Азжаргалын хамт архи уугаад тасраад унтаж байтал А ирж сэрээгээд хөдөөнөөс 2 ямаа аваад ирлээ. Зараад өгөөч таньдаг хүн байна уу? Гэж асуусан. Тэгэхээр нь би таньдаг Өнөрөө эгч рүү залгаад мах авч байгаа юу гэхэд авч байгаа гэж хэлсэн. тэгээд би ямааг нь 260,000 төгрөгөөр зараад 200,000 төгрөгийг Аид өгсөн. Тухайн үед А ямаа авчраад манай гэрийн үүдний амбаарт тавьчихсан байсан. тэгээд би Азжаргал гэж найзынхаа машины түлхүүр нь ил байхаар нь аваад гадаа гарч машины хойд талын суудал дээр хоёр ямаагаа тавиад машиныг нь унаад Цагаан овоо хороолол руу явж Өнөрөө эгчтэй утсаар ярьж байгаад гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2-76 дугаартай “...тус суманд 2020 оны 02 дугаар сарын байдлаар эр ямаа нэг толгой нь 150,000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51-р хуудас/

Шүүгдэгч Ц.Аийн хувийн байдалтай холбогдох баримтууд / хх-н 63-68, 76-88-р хуудаст/,

Ц.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас / хх-н 75-р хуудаст/

Ц.Аийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 90-111, 114-158-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ц.А нь  2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан овоо 3 дугаар багийн нутаг Маахуут гэх газраас Б.Мөнхбаярын хотонд байсан ямаанаас 2 тооны ямааг машин механизм ашиглан хулгайлж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан байна. 

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Мөнхбаярын хотноос улаан зүсмийн 1, бор зүсмийн 1 нийт хоёр ямааг хулгайлж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2-76 дугаартай “...тус суманд 2020 оны 02 дугаар сарын байдлаар эр ямаа нэг толгой нь 150.000 төгрөгийн үнэтэй” /хх-ийн 53-р хуудас/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Мөнхбаяр нь Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтэд “... Аоос 2020 оны 06 сарын 15нд хохирол болох 300.000 төг авсан. Тийм учраас Мөнхбаяр миний зүгээс гомдолгүй гэж үзэж байна ... ” гэжээ. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 300.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

 

Шүүх шүүгдэгч Ц.Аид ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аид хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Ц.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.