| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00301/И |
| Дугаар | 181/ШШ2017/00204 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2017/00204
| 2017 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2017/00204 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Г.А /-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н ХХК /-д
Хариуцагч А ХХК /-д холбогдох гэм хорын хохиролд 964800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч А.А, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Ц.О, иргэдийн төлөөлөгч М.Т, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.А миний бие 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Н ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах 0046 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Амгалан хотхонд 39,58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээнд зааснаар 2012 оны 4 дүгээр улиралд багтаан өгөх байсан боловч хугацаандаа өгөөгүй, бид 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уг байрыг хүлээн авсан.
2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед 2 өрөө орон сууцны жижиг өрөөний паарнаас ус алдаж 2 өрөөний шал бүхэлдээ усанд автсан улмаар доод айл руу ус нэвчиж орсон.
Бид Амгалан хотхоны сантехник дулааныг хариуцан ажилладаг А ХХК-ийн диспетчерийн албанд мэдэгдэж инженер Нямсүрэн, сантехникч нар манай байранд орж шалгахад ус алдсан байсан. Цагаан хоолойны гадуур төмөр боолттой байсан ба боолтыг авч шалгахад цагаан хуванцар хоолой нь паар орох хэсэгт мултарсан байсан.
А ХХК-ийн инженерүүд тэр өдөртөө энэ ус алдсан шалтгааны дүгнэлтийг бичиж өгсөн. Бид ч ус алдсан өрөөний зургийг баталгаажуулж авсан.
Н ХХК-ийн сантехникийн буруутай үйл ажиллагаанаас болж уг цагаан хоолойг пааранд нь гүйцэд шургуулж хийгээгүй, богиндуулж, дутуу хийснээс болж цагаан хоолой нь даралт даахгүй мултарч ус алдсан байсан. Өрөөний хана норсноос болж паркетэн шал обой хуурч мөөгөнцөртсөн. Орон сууцанд учирсан хохирол, түүнийг баримтжуулсан зураг, А ХХК-ийн инженерийн дүгнэлт зэргийг хавсарган Н ХХК-ийн захирал Батсүрэн болон нябо нарт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй, хариу өгөөгүй байна. Н ХХК-ийн ашиглалтанд оруулсан Амгалан хотхоны ашиглалтын 3 жилийн хугацаа дуусаагүй байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3-д зааснаар захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас бус барилгын ажилд гарсан доголдол чанарын дутагдлыг барилга ашиглалтанд орсноос хойш 3 жилийн баталгаат хугацаанд гарсан доголдлыг өөрсдийн хөрөнгөөр шийдэх болно гэж заасан. Иймд 2 өрөө байрыг засварласан 964 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч Н ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Г.А нь 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Амгалан хотхонд 39,58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж авсан.
Г.А ы захиалж авсан орон сууцанд 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр паарнаас нь ус алдсан.
2015 оны 3 дугаар сараас эхлэн Н ХХК нь ОСНАА-н А ХХК болон Амгалан хотхон СӨХ-тэй хамтран ажиллаж байгаа юм. Н ХХК-нь А ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 01/06 тоот Балансад шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн .Энэ гэрээнд тус байруудыг хүлээн авснаас хойш ямар нэгэн эвдрэл гэмтэл доголдол гарсан тохиолдолд засвар үйлчилгээг шилжүүлэн авагч тал бүрэн хариуцна гэж үүрэг хүлээсэн.2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр А ХХК нь манай барьсан барилгын цахилгаан, цэвэр бохир усны тоног төхөөрөмжийн ашиглалт, урсгал засварыг хариуцахаар гэрээ хийсэн. Дээрх байрыг блансаас блансад шилжүүлсэн. Иймд Г.А ы хохирлыг бид хариуцахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Амгалан хотхоны 16 дугаар байрны 26 тоот иргэн Амарсайханы гэрт 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ус алдлаа гэсэн дуудлага авч инжинер сантехникч нар тэднийд очсон. Тэгтэл ус алдсан шалтгаан нь жижиг өрөөний парны холболтын хөнгөн цагаан шугамын вентельд холбосон хоолой богиндсоноос даралт даалгүй мултарч ус алдсан байсан. Энэ нь уг барилгыг барьсан Н ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Энэ тухай Н ХХК-ийн захирал Л.Батсүрэнд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 208/2016 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
Н ХХК-ийн Г.А тай байгуулсан гэрээний 3.1.3-т “Захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас бус барилгын ажилд гарсан доголдол чанарын дутагдлыг барилга ашиглалтанд орсноос хойш 3 жил, дулаан халаалтын системд гарсан доголдол дутагдалд 6 сарын баталгаат хугацаа өгөх ба үүнийг барилга хүлээн авсан өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд баталгаат хугацаанд гарсан доголдлыг гүйцэтгэгч талын хөрөнгөөр шииднэ.” гэсэн байх тул манай А ХХК хариуцахгүй.
Манай компани 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Балансад шилжүүлэх гэрээгээр А ХХК нь Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 айлын 12,13,14,15,16 дугаар байрнуудын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжүүдийг шалгах болон ашиглах явцад доголдол илэрч эвдрэл гарсан тохиолдолд бүрэн хариуцах үүргийг хүлээсэн. Иймд иргэн Г.А ы орон сууцны хохирлыг хариуцахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Н ХХК болон А ХХК-иудад холбогдуулан гэм хорын хохиролд 964 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Н ХХК болон А ХХК-иуд ус алдсан нь үнэн боловч нэхэмжилж буй 964 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Г.А нь Н ХХК–тай 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхон 16 дугаар байрны 26 тоот орон сууцны түлхүүрийг 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан байна./хх-ийн 63-р хуудас/
Г.А , Н ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.1.3-т “Захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас бус барилгын ажилд гарсан доголдол чанарын дутагдлыг барилга ашиглалтанд орсноос хойш 3 жил, дулаан халаалтын системд гарсан доголдол дутагдалд 6 сарын баталгаат хугацаа өгөх ба үүнийг барилга хүлээн авсан өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд баталгаат хугацаанд гарсан доголдлыг гүйцэтгэгч талын хөрөнгөөр шийднэ.” гэсэн байх бөгөөд баталгаат хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн орон сууцанд сантехникийн угсралтын чанарын доголдлын улмаас ус алдаж хохирол учирсан байна.
А ХХК, Н ХХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарны 26-ны өдөр хийгдсэн гэрээгээр А ХХК нь гэрээний 3.2.-т “... гэрээгээр хүлээн авсан инженерийн байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээ түүний ашиглалттай холбоотой асуудлыг бие даан хариуцаж, найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг нэн даруй, түргэн шуурхай бүрэн хариуцаж ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу орон сууцны зөвхөн ашиглалт засвар үйлчилгээг хариуцахаар заасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 49-р хуудас/
Иймд нэхэмжлэгч Г.А д учирсан хохирлыг хариуцагч Н ХХК-иас гаргуулж, А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхон 16 дугаар байрны 26 тоот орон сууцны жижиг өрөөний паарнаас ус алдсанаас тус орон сууцны 2 өрөөний паркетан шал норж, шарлан, обой нь хууларсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, А ХХК-ийн хэсгийн инженер Ш.Нямсүрэн, ерөнхий инженер М.Сонгууль нарын дүгнэлт, тодорхойлолт, дээрх орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдсан материалын зардлын үнийг тодорхойлсон зарлагын баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9-17-р хуудас/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /...гэмтсэн эд хөрөнгийг засах/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.
2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед ус алдсанаас нэхэмжлэгчид учирсан хохирол, засварын бүх зардалд нэхэмжлэгч Г.А нь 964750 төгрөгийг зарцуулсан байх тул хариуцагч Н ХХК аас гаргуулаж, үлдэх 50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох їндэстэй гэж дүгнэв. /ХХ-ийн 18,63-67-р хуудас/
Хариуцагч Н ХХК нь “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхон 16 дугаар байрны 26 тоотын жижиг өрөөний парны холболтын хөнгөн цагаан шугамын вентельд холбосон хоолой богиндсоноос даралт даалгүй мултарч ус алдсанаас учирсан хохирлыг хариуцахгүй гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 510 дугаар зїйлийн 510.1-д заасныг баримтлан Н ХХК -иас 964750 /есөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун тавь/ тєгрєг гаргуулж Г.А д олгож, нэхэмжлэлээс 50 төгрөгийн шаардлага болон, А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зїйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тєлсєн 27750 тєгрєгийг улсын төсвийн орлогод хэвээр їлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 27750 тєгрєг гаргуулж нэхэмжлэгч Г.А д олгосугай.
3.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР