| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0219/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/229 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч Д.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваанямын Д.Б-т холбогдох эрүүгийн 2038000000242 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Б-
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б-нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэр Алагцар гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөлгүй 2.24 м.куб түлшний хуурай шинс мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б-нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэр Алагцар гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөлгүй 2.24 м.куб түлшний хуурай шинс мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000242 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 3-р сарын 15-ны өдөр өглөө 10 цагийн үед Хатгал тосгонд байрлах “Алагцарын” гол гараад Салхит гэх газраас ... улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны авто машинаар тэвшнээс дээшээгээ 40см хэртэй өндөр гаргаж түлээний хуурай мод ачиж аваад гэртээ ирж буулгасан юм. Салхит гэх газар Хатгал тосгоноос Зүүн урд зүгт 35 км-ийн зайтай газар байгаа. Би “Салхит” гэдэг газарт мод бэлтгэх гоожин аваагүй. Би “Салхит” гэдэг газарт мод унгаагаагүй, унасан байсан модноос бэлтгэж авсан болохоор гоожин аваагүй юм. Би 1,5 метрийн урттай хуурай түлээ бэлтгэсэн юм. Мод бэлтгэхдээ ганцаараа явсан хуурай мод болохоор ачихад амар байсан. Одоо мод манай гэрийн гадаа шажилаад өрсөн байдалтай байгаа. Бага зэрэг хэрэглэсэн хуучин нойтон мод байгаа тэрийгээ түлшинд хэрэглэж байгаа. ... улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн машин манай эгч Ариумаагийн эзэмшилийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн өргөн нь 1 метр 60 см, урт нь 2 метр 60 см урттай. Босоо ямар ч мод унагаагүй хуурай мод түүж ачсан мод бэлтгэсэн газраас мод бэлтгэсэн газраа би олно. ... Би мод бэлтгэхдээ улсын тусгай хамгаалалтай газар гэдгийг мэдээгүй. Хүмүүс түлээ хийгээд яваад байхаар нь болно гэж бодоод л мод бэлтгэсэн. Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцаад улсын тусгай хамгаалалтай газар гэдгийг мэдлээ. Улсын тусгай хамгаалалтай газраас мод бэлтгэсэн нь миний буруу болсон байна. ...”/хх-28-29/гэх мэдүүлэг,
Яллагдагч Д.Б-нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхэдээ: ... Ойгоос мод бэлтгэсэн, хүмүүс бэлдээд байсан болохоор болох байх гээд мод бэлтгэсэн миний буруу, хохирол болох 403.200 төгрөг, мөн машины шинжээчийн зардлыг төлсөн гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалтай газар Байгаль хамгаалагч ажилтай. 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ө.Д.Б-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Салхит гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж Хатгал тосгоны төвд байрлах гэрийнхээ хашаанд буулган шажлаж хураасан байсан, мод бэлтгэж тээвэрлэсэн гэх газар Хөвсгөлийн аймгийн улсын тусгай хамгаалалтай газрын хязгаарлалтын бүс нутаг юм. ...Иргэн Д.Б-ийн мод бэлтгэж тээвэрлэсэн гэх газар нь Хөвсгөлийн тусгай хамгаалалтай газрын хязгаарлалтын бүс нутагт хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид хохирол учруулсан байх тул экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү”.../хх22-23/ гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ө.А-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дүү Д.Б-намайг Эрдэнэт хотод байх үед миний машинаар хөдөө яваад ирсэн байсныг 4 хоногийн дараа Хатгалд очоод мэдсэн. Тийм учраас иргэний хариуцагчаар татагдаж байгаа асуудалд татгалзаж байна. Би хэрвээ модонд явахыг мэдсэн бол Хатгалын ойн байцаагч Галбаяраас гоожин авч өгөөд явуулах байсан. Учир нь гоожингийн мөнгийг хаан банканд өөрийн биеэр тушаасан учраас, эгчийнхээ гоожингийн зөвшөөрлөөр хөдөө явж ирэх замдаа мод модон бүтээгдэхүүн хийх боломжгүй өмх, газарт хаягдсан модыг ачиж ирсэн байсан. Тийм учраас л хариуцах боломжгүй. Тухайн үед короно вирусийн хорионд 7 хоног саатуулагдсан учраас утас сүлжээгүй, хоорондоо холбоо барьж чадаагүй. Урьд өмнө хууль бусаар гоожингүй мод бэлтгэж байгаагүй. Манай дүү Д.Б-нь урьд өмнө гоожин авч үзээгүй, аливаа бичиг баримтын ажлыг би хөөцөлдөж бүрдүүлж өгдөг байсан учраас надад гоожин нь байгаа гэж ойлгоод явсан байсан. Намайг гоожинг бичиг бүрдүүлсэн байгаа гэж ойлгоод явсан байсан. Би гоожингийн мөнгийг тушаасан. Тэр өдөр дүүгээ түлээнд явахыг мэдсэн бол Галбаяраас гоожин бичүүлж авах байсан. Гэвч бид хоёр өөр өөр газарт байсан учраас утсаар холбогдож чадаагүй. Каринтинд орохоос өмнө дүү Д.Б-нэг гоожин бичүүлж авчхаарай гэж хэлж байсан. Даанч би Эрдэнэт хот руу ажлаар явчихсан байсан. Намайг Эрдэнэт хот явахыг дүү мэдээгүй байсан. Би Хатгалын төвд оршин суудаг. Манай дүү болохоор Хайч гэж газарт оршин суудаг юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Б-2020 оны 03 дугаар сарын 15-ны орой миний утас руу залгаад өглөө та ажилтай юу гэхээр нь би ажил даа явна даа гэж хэлсэн тэгтэл маргааш өглөө нь буюу 2020 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэрт Д.Б-ирээд би түлээ ачаад ирсэн түлээ хөрөөдөөд өгөөч гээд би хамт явж түлээг нь хөрөөдсөн. Д.Б-ийн гэр байдаг Цэнгүүн хөвөө гэх амралтын газрын хашаа нь дотор Портер машинаар буулгасан нэг машин хуурай түлээ байсан. ... Батжаргал гэх залуугийн хамт хөрөөдсөн модны урт нь 1 метр 20 гаруй хэмжээтэй мод байсан. Б-н өөрийнхөн эзэмшилийн хужаа хоёр хөрөөгөөр Батжаргал бид хоёр хөрөөдөж шажилж хураасан. Намайг очиход хашаанд байсан шинэ Портер түлээ буусан гялс хөрөөдөөд шажилаад хураачих гэсэн Д.Б-өөрийнхөө цагаан өнгийн Портерээр ачиж буулгасан гэсэн хаанаас бэлтгэж ачсанг нь мэдэхгүй байна. Би модонд хамт яваагүй би өөрөө хөрөө арамд ажиллаж байсан юм. .../хх-31-32/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-10-12х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-14-16х/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн инженер Г.Батттуяагийн 2020 оны 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн улсын байцаагч Г.Баттуяагийн 2020 оны 15 дугаартай дүгнэлтэд:
Хохирол төлсөн тухай Хаан банкны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 89х/, мөн машины үнэлгээний шинжээчийн зардал болох 60.000 төгрөг төлсөн баримт /хх-н 90х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 4 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-60/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-61/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000242 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б-нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэр Алагцар гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: ...” Ойгоос мод бэлтгэсэн, хүмүүс бэлдээд байсан болохоор болох байх гээд мод бэлтгэсэн миний буруу, хохирол болох 403.200 төгрөг, мөн машины шинжээчийн зардлыг төлсөн гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ганцоожийн /хх-22х/, гэрч Ц.Дүүжийгийн /хх-31х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-9-12х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-14-16х/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-50-51х/,
Хохирол төлсөн тухай Хаан банкны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, эрх зүйн болон ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг шүүгдэгч Д.Б-нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Б-нь экологи эдийн засагт 134.400 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 403.200 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100172113005 дугаарын дансанд 403.200 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, машины шинжээчийн зардал болох 60.000 төгрөгийг “Идэр мөрөн аудит” ХХК-ний 4905007681 тоот дансанд шилжүүлсэн тухай 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Б-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
... улсын дугаартай Киа Пронтер маркийн Өлзийжаргалын Ариумаагийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэдэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба 2020 оны 05 дугаар сарын 114/131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ... улсын дугаартай Киа Пронтер маркийн Өлзийжаргалын Ариумаагийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 4.440.000 төгрөгөөр үнэлжээ.
Энэ хэрэгт ... улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Өлзийжаргалын Ариумаад олгох, мөн тогтоолоор битүүмжлэгдсэн 2.24 м.куб түлшний хуурай шинс модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-ээс гаргуулж улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөхөө харуул овогт Даваанямын Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Даваанямын Д.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5,6 хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, эсвэл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Өлзийжаргалын Ариумаад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 2.24 м.куб түлшний хуурай шинс модыг улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Б-ээс гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Д.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Д.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол 403.200 төгрөг, шинжээчийн зардал 60.000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН