| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2017/0908/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 142
С.О, М.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Батбаяр,
Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай,
Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 841 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О, М.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.О, М.А нарт холбогдох эрүүгийн 1706006190347 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цэрэндулам овогт Сүхбаатарын С.О, 1001 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 006 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 00 дугаар гудамжны 1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000/,
Ануухай овогт Мөнхбатын М.А, 1900 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Булган аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 000 ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 00 дугаар гудамжны 5 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00070801/,
С.О нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
М.А нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.О, М.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.О, М.А нарыг тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Оийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, М.Аийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар М.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.А, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, ...тогтоол хүчин төгөлдөр болтол С.О, М.А нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...841 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.
1. Миний бие С.О нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчимд гэрээсээ 99-68 УБС улсын дугаартай марк-2 загварын машинтай өөрийн дүү болох Отгон-Эрдэнийн хамт гараад явж байтал манай доохонтой байдаг “Нарангарав” дэлгүүрийн орчим гудамжинд М.А нь машинтайгаа зам голлоод зогсож байхаар нь сигнал өгөөд зам тавьж өгөөч гэсэн шаардлага тавьсан. Тэгээд холдохгүй болохоор нь өөр гудамжаар явж байтал араас машинтайгаа гүйцэн ирж урд машинаараа хөндөлдөж хааж зогсоод машинаасаа бууж ирээд тэр үед машиныхаа шилийг онгойлготол үгийн зөрүүгүй нүүрэн тус газар шууд цохисон. Ингээд муудалцан түүний довтолгооныг зогсоох гэж хариу үйлдэл хийсэн. Миний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт буюу мөн хуулийн 4.1.1-д заасан “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан байдаг. М.Аийн энэ гаргасан үйлдлийг би аргагүй хамгаалалт хийж зогсоохгүй бол нүүрийг минь маажих мөн нүдийг минь хүртэл сохолж болзошгүй байсан. Тийм учраас би түүний эрүүгийн шинжтэй дайралтыг зогсоохоос өөр боломж байгаагүй ээ. Мөн миний гоо сайханд гэмтэл учруулж болзошгүй байсан.
2. М.Аийн өгсөн мэдүүлэг нь худал бөгөөд огт үндэслэлгүй мэдүүлэг юм. Энэхүү хэргийг гэрчлэх гэрч С.Отгон-Эрдэнэ РД:УА95121613, Д.Жаргал РД: УА78021916 эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авна уу хэмээн хүсэж байна. Гэрч Отгон-Эрдэнэ нь хэрэг эхлэхээс дуустал байсан бөгөөд нэгд нэгэнгүй харсан. Гэрч Жаргал нь гудамжны доороос өгсөж ирж байсан бөгөөд тэрхүү үйлдлийг харсан юм.
3. Хэрэв С.О би буруутай байсан бол гомдол гаргаж цагдаад хандахгүй байсан.
4. Бичлэг хийх боломж байгаагүй. Ийм хэрэг маргаан болно гэж ерөөсөө бодоогүй. М.А нь араас гүйцэж ирж үгийн зөрүүгүй намайг цохино гэж би ерөөсөө бодоогүй. Иймд гэрчүүдийг байлцуулж дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж намайг цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...841 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр би өөрийнхөө 78-32 УНБ машинтайгаа хүүхдийнхээ хамт ус авахаар худаг руу очтол худаг хаалттай байсан. Буцаад гудмаар явж байтал өөдөөс үхэр явж байсан. Тэгээд би зам чөлөөлөгдөхийг хүлээж зогсож байтал цагаан машинтай С.О яваач ээ, гичий минь, янхан минь гэх мэт хэл амаар доромжилсон. Би машинаасаа буун зам чөлөөлөгдөхийг хүлээхээс өөр арга алга гэдгийг хэлсэн. Ахиж намайг болон миний нөхөр хүүхдийг хэл амаар доромжилсон. Машиндаа суугаад явах гэтэл хажуугаар орж ирэн С.О машинаасаа бууж ирэн намайг цохисон. Энэ үед би С.Оийг согтуу байгааг мэдээд өөрөөсөө түлхсэн. Надад өөрийгөө хамгаалахаас өөр арга байгаагүй, миний хүүхэд айж уйлсан. Намайг үсдэж аваад нүүр маажиж, цээж болон гэдэс рүү цохиж өшиглөсөн. Үүнийг харсан үл таних эмэгтэй салгасан. Би өөр худаг руу явж ус аваад гэртээ ирэхэд С.О нь аав, ээж, ах, дүү нарын хамт хашааны гадаа ирсэн байсан. Намайг гарч ирэхийг шаардаж элдэвээр доромжилсон. ...Цагдаад өргөдөл өгөхдөө байцаагчид С.Оийг согтуу байсныг хэлж, яаралтай цусны шинжилгээ авахыг хүссэн боловч аваагүй, авсан бол нотлох байсан.
2. Би цагдаад өргөдөл өгсөн өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан. Харин С.Оийн шинжээчийн дүгнэлт буюу үзүүлсэн нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр байсан бөгөөд яагаад ийм сүүлд үзүүлсэнийг ойлгохгүй байна. Энэхүү дүгнэлтээр нь хамрын ясны хугарал, бороололт, рентгэн зургаар тодорхой харагдахгүй, КГР зургаар нарийвчлан тогтоогдох тул хугацаа тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хэзээ хаана энэ гэмтлийг авсан нь тодорхойгүй. Анх манайд очиж хэрүүл хийхдээ хамар хугалчихаж гэж огт хэлээгүй.
3. С.О хэрүүл маргааныг эхлүүлчихээд миний биед гэмтэл учруулчихаад хэргийг цагаатгаж өгөхийг хүссэнд би гайхаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт намайг торгуулийн 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд төлөхийг тогтоож өгнө үү. Учир нь би улсын байгууллагад ажилладаг тул албадан ажил хийх боломжгүй байна...” гэв.
Шүүгдэгч М.Аийн өмгөөлөгч Т.Мөнхдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо өөрийгөө аргагүй хамгаалалт хийж өөрийгөө хамгаалсан гэдэг асуудал тавьсан. Хэргийн материалтай танилцахад гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээс авч үзэхэд миний үйлчлүүлэгч С.О машинтайгаа явж байхад зам хаагаад зогссон байсан. Зам тавьж өгөөч гэж сигналдахад хүлээж бай гэсэн, тойроод явах гэхээр араас нь машинаа хөндлөн зогсоож, бууж ирээд чулуу барихаар нь яах гэж байгаа юм бэ гэхэд намайг үгийн солио байхгүй цохисон, хаалгаа онгойлгож буухад намайг үсдэж, цохисон би хариу үсдсэн энэ мэт би өөрийгөө хамгаалсан. Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн, би гурван сартай жирэмсэн байсан. Энэ хугацаанд эмнэлгийн зүгээс ч тэр бусад байдлаар хориглосон байсан. Аргагүй хамгаалалт хийх шалтгаан нь анх удаагийн тээлт, хүүхэдтэй болж байгаа гэдгээ надад хэлсэн. Анх удаа эх болох гэж байгаа хүн биед байгаа урагаа хөндөхийг хүсээгүй, тийм учраас би аргагүй хамгаалалт хийсэн гэдгийг давж заалдах гомдолдоо дурдсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан үйлдлийг хийсэн. Цонхоо онгойлгонгуут үгийн солиогүй цохиж байгаа үед аргагүй хамгаалалт хийсэн, довтолгоон хийсэн байсан гэдгийг миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо дурдсан. Аргагүй хамгаалалт хийх явцад шинжээчийн дүгнэлтэд тодорхой гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар С.От учирсан хамрын ясны хугарал, шинжээчийн дүгнэлт маш их эргэлзээтэй байдаг. Учир нь хамрын ясны бороололт рентген зургаар тодорхой харагдахгүй. Компьютер томографийн зургаар харагдах учир цаг хугацааг тогтоох боломжгүй байдаг. Гэтэл уг хэрэг гарсны дараа нэг сар хагасын дараа энэ хүн шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулж ирсэн. Энэ нь өөрөө тогтоох боломжгүй, хавтаст хэрэгт нотлох баримт байдаггүй. Манай үйлчлүүлэгч хамрыг нь цохиогүй гэдэг асуудал ярьдаг ба энэ дүгнэлтийг харахад эргэлзээтэй зүйл байгаа. Гэхдээ манай үйлчүүлэгч сүүлд маргалдсан асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа. Автомашин дотор нүүр рүү нь цохиулсан хүн С.О биш манай үйлчлүүлэгч, манай үйлчлүүлэгчийн нүүрэнд олон тооны зулгарал учирсан нь харагддаг. М.Аийн анх өгсөн мэдүүлэгт миний гэдэс рүү олон удаа өшиглөсөн гэдэг. Үүнийг мөн аргагүй хамгаалалт гэж үзэхгүй ба С.Оийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Харин энэ хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд манай үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгохоор баримт хавтаст хэрэгт байдаг. М.Аийн давж заалдах гомдлын гол санаа нь энэ хүнийг үснээс зулгаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нийтэд тустай албадан ажил хийлгэх нь цаашдын хувийн амьдралд нь маш их нөлөөлөх гэж байгаа учраас тогуулийн ял оногдуулж өгнө үү. Прокурор анхан шатны шүүхээр торгуулийн ялын саналтай ирсэн. Торгуулийн ялыг шүүх хуралдаанд яагаад оногдуулахгүй вэ гэхээр тухайн үед гэм буруугаа ойлгоогүй учраас зөвшөөрөхгүй гэж тайлбарласан...” гэв.
Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нар харилцан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн хүлээн зөвшөөрч байна. Хэрэг гарах болсон шалтгаан нь хэн хэн нь хүлээцгүй хандсан байдлаас болж, харилцан зодолдсон болох нь тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээч эмчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль сануулж шинжээчийн дүгнэлт гаргуулдаг. Бид түүнд маргах эрх байхгүй. Өмгөөлөгч авах эрхийг нь мөрдөн байцаалтын шатнаас асууж, хангаж явагдсан. Шүүгдэгч М.А нь ажлын газрын тодорхойлолт авчирсан бол ажил хийж байгаа гэдэг нь тогтоогдох байх. Ажил эрхэлж байгаа нь тогтоогдвол нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ял оногдуулахад прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй. Хамгийн гол нь түүний ажиллаж байгаа эсэхийг сайн мэдэхгүй, одоогоор баримт байхгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
С.О нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
М.А нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч, шүүгдэгч М.Аийн “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад машинтайгаа явж байтал замын баруун талаас М.А нь машинтайгаа хөндөлдөөд явахгүй байхаар нь би сигналдаад явахгүй болохоор нь өөр замаар явж байтал М.А гүйцэж ирээд машинаасаа буугаад намайг цохиод авсан. Мөн хэд хэдэн удаа намайг цохиж өшиглөсөн. Би энэ үед барилцаж аваад хоорондоо үсдэлцэж аваад байж байтал зүс таних эгч бид хоёрыг салгаж өгсөн. Бид хоёр салаад явж байтал М.А нь шахаж түрүүлээд яваад өгсөн. Гэмтэл хөнгөн гарсан гэсэн...” /хх-10/,
Хохирогч, шүүгдэгч С.Оийн “Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлыг бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хасах зүйл байхгүй...” /хх-13, 35/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 11384 дугаартай дүгнэлтийн “...1. С.Оийн биед хамрын нуруунд сорив, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Хамрын ясны хугарлын бороололт рентген зургаар тодорхой харагдахгүй, КТГ зургаар нарийвчлан тогтоогдох тул хугацааг тогтоох боломжгүй байна...” /хх-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9541 дугаартай дүгнэлтийн “...1. М.Аийн биед зүүн дээд зовхи, хамар, зүүн хацарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-25/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч С.О нь “...намайг М.Аийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж цагаатгаж өгнө үү...” гэж, шүүгдэгч М.А нь “...миний бие улсын байгууллагад ажилладаг тул шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450.000 төгрөгөөр торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.
Дээрх давж заалдах гомдлуудаас шүүгдэгч М.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч С.О, М.А нарын үйлдсэн гэмт хэрэгт зөв дүгнэлт хийж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шүүгдэгч нарт өөр өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-т “Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ.”, 8-д “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.” гэж тус тус заасан байхад нэг шүүгдэгчид торгох ял оноосон атлаа нөгөө шүүгдэгчид үүнээс хүнд төрлийн ял шийтгэл оногдуулсан нь тохироогүй байна.
Иймд шүүгдэгч С.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 841 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 841 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Оийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, М.Аийг 250 цаг нийтэд тус ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.О, М.А нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.О, М.А нар нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О, М.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.МЯГМАРЖАВ