Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 159/ШШ2018/0024

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж, шүүгч З.Энхтуяа, Ж.Оюунч

имэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш, иргэдийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч М.Гансүх, гуравдагч этгээд Ш.Алтангэрэлийн өмгөөлөгч Б.Дагийнамжил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн ээж Раднаа ов2той Лодон нь бүхий л насаараа ажилласан. УБТЗамд бүх хөдөлмөрөө зориулсан хүн байлаа. Ээжид маань Төмөр замаас өөрийн амьдарч байсан 29 м2 орон сууцыг өмч болгон өгсөн байдаг. Гэтэл ээжийг маань насан өөд болсны дараа буюу 2004 оны 03 дугаар сарын 01-нд миний төрсөн дүү Ш.Алтангэрэл нь өөрийн болон гэр бүлийнхээ нэр дээр бичиг баримтыг шилжүүлэн авсан нь хууль бус үйлдэл болжээ. Учир нь бид ах дүү нар ярилцаад энэ орон сууцыг цаашид эзэмшиж, өмчилж, гал голомтоо авч явах хүн нь ******* намайг гэж ярилцаж тохирсон юм.

Уг 29м2 орон сууцыг эзэмших эрхийн гэрчилгээ нь 1999 онд зөвхөн миний ээжийн нэр дээр олгогдсон байсан байхад орон сууц өмчлөлийн үед буюу 2007 онд гэрчилгээг Ш.Алтангэрэл өөрийн болон гэр бүлийнхээ нэр дээр бичиг баримтыг шилжүүлэн авсан болохыг миний бие 2016.08.15 нд мэдлээ. Иймд миний өв залгамжлах эрхийг зөрчиж, Ш.Алтангэрэлд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн асуудал болсон байна. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас Ш.Алтангэрэлд олгосон 010372 дугаар орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, улсын бүртгэлийн хэлтсээс энэ гэрчилгээг олгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан заалтуудыг зөрчсөнөөс болоод миний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байгаа. Учир нь маргаан бүхий орон сууцны гэрчилгээн дээр Ш.Алтангэрэл гарын үсэг зураагүй харин ******* Ш.Алтангэрэлийн нэрийг барьж бичиг баримт бүрдүүлэн өгсөн байхад улсын бүртгэлийн хэлтэс хууль зөрчиж бүртгэж авсанд гомдолтой байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 2 дугаар 60 айлын 13 тоот хаягт байршилтай 29мкв талбайтай орон сууцны зориулалттай барилгыг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4.2-т заасан нотлох баримтууд бүрдсэн бөгөөд дагуу иргэн Ш.Алтангэрэл /МЮ64051716/, ******* /МЮ64020106/, А.Болормаа /МЬ88122821/, А.Шижиртунгалаг /МЮ91012501/, дөрвөн иргэний өмч нарын нэр дээр Улсын бүртгэлийн Ү-1317000150 дугаарт бүртгэн баталгаажуулсан байна.

Хуульд заасан нотлох баримтууд нь мөн энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн Улсын бүртгэгч бүртгэлд бүртгэж баталгаажуулсан болно.

Улсын бүртгэлийн хэлтэс хууль бус бүртгэл хийдэггүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй болон орон сууцны товчооноос зохих бичиг баримтууд ирээгүй байхад бүртгэл хийсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэллээ. Тухайн үед бүртгэл хийхдээ иргэний өргөдөлд үндэслэдэг байсан. Төрөөс хувьчилж өгсөн орон сууцыг хэн дуртай нь очоод хувьчлаад авчихдаггүй байсан байх. Өөрөөр хэлбэл тодорхой шалгуур, шаардлагыг хангасан өргөдөлд үндэслэж бүртгэл хийж байсан гэж ойлгож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ш.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ш.Алтангэрэл нь нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* нь уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэр нь орох зүй ёсны эрхтэй хүн мөн болно. Миний бие өмчлөх эзэмших эрхээсээ татгалзаж *******ийн өмчлөгч эзэмшигчээр бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй. Уг нэхэмжлэлийн дагуу явагдах шүүх хурлын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож чадахгүй тул намайг байлцуулахгүй хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******ийн нэхэмжлэлийг авлаа, танилцлаа. Ш.Алтангэрэл бид хоёр 1986 оны 08 дугаар сарын 01-нд гэр бүл болсон. 3 охин 3 зээтэй. Тухайн үед /1986-2003/ хадам ээж маань цуг амьдарч байсан. Хадам ээжийг би асарч сувилж өтгөн шингэнээс нь салгадаг харин төрсөн хүүхдүүд нь өтгөн шингэнд нь хүрдэггүй байсан юм шүү. Анх байр Ш.Алтангэрэлийн нэр /СБ депогийн/ дээр байсан. 2006 онд аймгийн дарга Баярмагнай дуудаж өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн. Гэрчилгээг би очиж авсан. Гэрчилгээн дээр *******ийн нэр байгаагүй. Харин Ш.Алтангэрэл, *******, А.Болормаа, А.Шижиртунгалаг нарын нэр байгаа. Ш.Алтангэрэл 2009 оны 09 дүгээр сарын эхээр гэрээсээ явж ор сураггүй болсон. Би хүлээсээр байлаа. Саяхан сонсоход авгай авч хүүхэд гарсан сурагтай.

*******, Ш.Алтангэрэл нар үгсэн тохирч ийм үйлдэл хийж байгаад би болон хүүхдүүд маань маш их харамсаж дургүйцэж байна. Хүүхдүүд /оюутан/ УБ хотод айлын байр, өрөө хөлсөлж амьдарч байгаа. Хэрвээ эд нар өвдөөд зовоод ирвэл хаана /байрандаа/ ирэх вэ, энэ байр бол манай гэр бүлийн өмч. *******ийн биш. Иймд *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний хадам ээж болох Лодон нь бид нартай 16 жил хамт амьдраад 2003 онд нас барсан. 2004 оны 03 дугаар сарын 01-нд уг байрыг миний нөхөр болох Ш.Алтангэрэлд эзэмшүүлэх эрхийн бичиг олгогдсон. 2006 оны 10 дугаар сарын 30-нд өмчлөх эрхээ авсан. 2007 оны 07 дугаар сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст миний бие болон нөхөр Ш.Алтангэрэл, хүүхдүүдийн хамт очоод хүсэлт гарган нотариатаар батлуулсны үндсэн дээр манай гэр бүлийн дундын өмч болсон. Ш.Алтангэрэлийн хувьд 2008 онд банкнаас зээл аваад Улаанбаатар хотод бизнес хийхээр яваад 2009 оноос хойш ор сураггүй алга болсон. Тиймээс *******ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв

Гуравдагч этгээд А.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Болормаа миний бие *******ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц, 13 тоот орон сууцыг хуульд заасны дагуу хууль ёсны өмчлөгч нь болсон, хууль ёсны өмчлөгч тул *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд А.Шижиртунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Шижиртунгалаг миний бие *******ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц, 13 тоот орон сууцыг хуульд заасны дагуу хууль ёсны өмчлөгч нь болсон, хууль ёсны өмчлөгч тул *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээрнэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууц нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн эзэмшилд байсан бөгөөд Р.Лодон агсан нь 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн УБТЗ нийгэмлэгийн орон сууц эзэмших эрхийн бичиг, орон сууц эзэмшигчидтэй хийх гэрээг үндэслэн гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж, амьдарч байгаад 2003 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нас барсан бөгөөд уг орон сууцыг түүний хүү Ш.Алтангэрэл, гэр бүлийн гишүүдийн хамтаар 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эзэмшиж байсан болох нь Монгол улсын Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаартай Орон сууц хувьчлах тухай тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эзэмшилд байсан орон сууцнуудыг хувьчлах шийдвэр, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1088 дугаар албан бичиг, Засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу Хувьчлалын II шатны 1 дүгээр хэсэгт хамрагдах орон сууцыг хувьчилж авсан иргэдийн жагсаалт, УБТЗ нийгэмлэгийн орон сууц эзэмших тухай №73 тоот эрхийн бичиг, Сэлэнгэ аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор олгосон 0103072 тоот өмчлөлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт сууц эзэмшигч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц (нэг буюу нэгээс дээш өрөө)-ыг сууц эзэмших эрхийн бичиг (ордер), орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг (ордер)-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй., Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн хэмээх ойлголтыг тодорхойлохдоо гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэж тус тус зааснаарСүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцыг эзэмших эрхийн гэрчилгээ, орон сууц эзэмшигчидтэй хийх гэрээгээр эзэмшиж байсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдэд хувьчлахаар хуулиар зохицуулсан байна.

 

Тухайн орон сууцаа хувьчлан авах өргөдлийг Ш.Алтангэрэл болон түүний эхнэр ******* нар гаргаж, холбогдох баримт бичгийг хавсарган Сэлэнгэ аймгийн Орон сууц хувьчлах товчоонд гаргасны дагуу аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тогтоол гарган Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцыг Ш.Алтангэрэл болон түүний гэр бүлийн гишүүд *******, А.Болормаа, А.Шижиртунгалаг нарт хувьчилж, өмчлөх эрхийн 0103072 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн Ү-1317000150 дугаарт бүртгэсэн нь өргөдөл, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үйлчилгээний хөлс төлсөн банкны баримт, гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд маргаан бүхий орон сууц хувьчлах болон гэрчилгээ олгох үед нэхэмжлэгч ******* нь тухайн орон сууцны эзэмшигчээр бүртгэгдээгүй байсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар, Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооноос олгосон 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0103072 тоот гэрчилгээний орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн жагсаалт зэргээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Ш.Алтангэрэл нь ...******* нь уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нэр нь орох зүй ёсны эрхтэй хүн мөн болно. гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгч *******ийн хувьд маргаан бүхий орон сууц тухайн үед хувьчлагдсан болохыг 2006 оноос хойш мэдсэн байх боломжтой бөгөөд орон сууц хувьчлалын талаар шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагуудад хандаж байгаагүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд Төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц эзэмших эрхийн бичигт гэр бүлийн аль гишүүний нэр дээр байгаагаас үл хамааран түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэр бүлийн гишүүдэд нь хувьчлахаар хуулиар зохицуулсан тул маргаан бүхий орон сууцыг Ш.Алтангэрэл, түүний гэр бүлийн гишүүдэд хувьчилж, хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүдийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Ш.Алтангэрэлийн нэр дээр олгож, улсын бүртгэлд бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь нэхэмжлэгч *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ээс гаргасан Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 18 дугаар зүйлийн 18.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот, 29 мкв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах ба заасан хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйгдурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.БАЙГАЛМАА

                       ШҮҮГЧИД                          Ж.ОЮУНЧИМЭГ

                                                            З.ЭНХТУЯА